Л.Баттүвшин: Тархи судлалын үндэсний мэргэжилтнүүд хэрэгтэй байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа тархи судлалын шинжлэх ухаан, хөгжил шийдэл сэдвээр  АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор  Л.Баттүвшинг урьж,  ярилцлаа.

ТАРХИ СУДЛАЛ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ХӨГЖИЖ БАЙНА

-АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн, Дэлхийн тархи судлалын байгууллага, Монголын нейросайнсын нийгэмлэг хамтран “Тархи судлалын шинжлэх ухаан-2020” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болон “Нейросайнсын үндсэн техникүүд” олон улсын сургалтыг энэ сарын 10-15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг хуралд 12 орны 33 эрдэмтэн оролцож илтгэл тавьснаас гадаадын 17, үндэсний 16 эрдэмтэн тархи судлалын чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээнүүд, сүүлийн үеийн ололт амжилтын талаарх мэдээллийг хүргэж, хэлэлцүүллээ.

XXI зууны тэргүүлэх салбараар нэрлэгдэж байгаа тархи судлалын шинжлэх ухааныг Монгол Улсдаа хөгжүүлэхийн тулд үндэсний мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна.

Иймээс энэ богино хугацааны сургалтыг залуу судлаачдад, ялангуяа энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй эмч, сэтгэл судлаач, инженерүүдийн дунд зохион байгуулсан нь манайх шиг энэ чиглэлээр боловсрол олгодоггүй улсад чухал ач холбогдолтой юм. Бид сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Хурлын үеэр гадаадын нэртэй эрдэмтэн судлаачдаас суралцах, мэдээлэл авах, хамтран ажиллах, судалгааны ажлаа бусдад танилцуулах боломж олгосон нь манай судлаачдад үр өгөөжтэй, олон нийтэд тархи судлалын шинжлэх ухааныг таниулсан олон талын ач холбогдолтой арга хэмжээ болсон.   

Тархи судлал, тархи судлалын шинжлэх ухаан гэхээр  энгийн, ойлгомжтой байдлаар товчхон тайлбар хэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Оюун ухаан хэрхэн бүрэлдэн тогтож, хөгжиж, улмаар танин мэдэхүй, сэтгэл хөдлөл болон сэтгэхүйн бусад чадварууд яаж бие хүнийг бий болгож байгаа механизмыг орчин үеийн технологийн тусламжтайгаар молекулын түвшинд судалдаг суурь шинжлэх ухааныг тархи судлал гэж товчдоо дүгнэж болох юм. Энэ нь “Хүн гэж юу вэ. Ухамсар анхдагч уу эсвэл сүнс анхдагч уу” гэсэн философийн асуултуудад хариулт өгөх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, хүн өөрийгөө танин мэдэхийн тулд судалж байна гэсэн үг. Нөгөө талаас хүний тархи, мэдрэл, сэтгэцтэй холбоотой 1000 гаруй өвчин эмгэг байдаг бөгөөд эдгээрийн шалтгаан, эмгэг жам, эмнэлзүйн явц, тавилан, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг цогцоор нь судалдаг шинжлэх ухаан юм. Тархи нь зөвхөн ухамсар, сэтгэл хөдлөл, оюун ухааны чадваруудыг үүсгээд зогсохгүй бас биеэ буюу бусад эрхтэн тогтолцоогоо удирддаг учраас тархи судлал бусад эмнэлзүйн бүхий л салбар шинжлэх ухаантай холбогддог. Жишээ нь, 1987 оны Нобелийн шагналт эрдэмтэн С.Тонегава дархлааны эсрэг биетийн молекул генетикийн механизмыг нээснийхээ дараа “Одоо дархлал судлалын гол нээлт хийгдчихлээ, цааш нь нарийн механизмуудыг тархи судлалаар л нээнэ” гэж мэдэгдэж байсан. Түүнийгээ ч ажил хэрэг болгож, Япон улсын ШУА-ийн дэргэд Тархи судлалын хүрээлэнг үүсгэн байгуулалцаж, өөрөө захирлаар нь ажиллаж байсан. 1901 оноос одоог хүртэл Анагаах ухаан, физиологийн салбарт 110 удаагийн шагнал олгож байснаас 42 нь тархи судлалтай холбоотой эрдэмтэд байдаг. Харин эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн есөн эрдэмтэн тархи судлалын чиглэлээр хийсэн судалгаагаараа авсан байдаг. Зөвхөн эдийн засгийн шинжлэх ухаан бус бусад нийгмийн салбар шинжлэх ухаанууд болох сэтгэл судлал, нийгэм судлал, улс төр судлал, сэтгүүл зүй нь тархи судлаач нартай байнга хамтарч ажиллах болсон байна. Нөгөө талаас тархи судлалын сүүлийн үеийн арга аргачлал нь технологийн дэвшилд суурилдаг, бас тархины бүтцийг дуурайлгаж хийдэг технологи болох хиймэл оюун ухааны хөгжилтэй салшгүй холбоотой учраас техникийн шинжлэх ухаан, молекул биологи, генетик, генийн инженерчлэл, микробиологи зэрэг бусад биологийн салбар шинжлэх ухаануудтай нягт холбоотойгоор жинхэнэ утгаараа салбар дундын шинжлэх ухаан болон хөгжиж байна.

ТАРХИ СУДЛАЛ БОЛОВСРОЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ГЕНИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ ГЭЭД ОЛОН САЛБАРТ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА

-Ер нь тархи судлал бол улс үндэстний стратегийн шинжлэх ухаан буюу заавал хөгжүүлэх шаардлагатай, үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой шинжлэх ухааны салбар юм. Учир нь монгол хүн гэж хэн юм бэ, ер нь хэр ухаалаг вэ, ямар үед ямар шийдвэр гаргадаг улс вэ гэх зэрэг асуултуудад хариулт өгөхийн тулд тархи судлалын арга техникийг ашиглан салбар шинжлэх ухааны эрдэмтэд хамтран ажиллаж байж хариулт өгч болно. Үүнээс гадна Монгол Улсад ямар мэдрэл, сэтгэцийн эмгэгүүд байна. Тархалт болон өвчлөл, нас баралт нь бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна. Хамгийн гол шалтгаан нь юу вэ, ямар эрсдэлт хүчин зүйлс дунд бид амьдарч байна, яаж өөрсдийгөө хамгаалах вэ. Яавал өндөр бүтээмжтэй, ядралгүй ажиллах вэ. Ой тогтоолт, суралцах чадвараа хэрхэн сайжруулах вэ. Хүүхдүүдэд хэдэн насанд нь юу заах вэ. Оюун ухааныг нь яаж хөгжүүлэх вэ, хөгшрөөд ирэхээр тархи толгойд сайн ямар хоол унд, амьдралын хэмнэл хэрэгтэй вэ. Хөдөө амьдарвал эрсдэл бага байх уу хотод дээр байх уу. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар ямар байна, яаж сайжруулах вэ зэрэг олон асуултад хариулахын тулд бид тархи судлалын суурь судалгааг хүн амынхаа дунд яаралтай хийх шаардлагатай байгаа юм. Яг одоо бидэнд эдгээр судалгааг хийх, үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх хүний нөөц хангалттай байна. Төр засгаас стратегийн шинжлэх ухаанд тархи судлалыг багтааж анхаарал хандуулж, санхүүжилтийг нь шийдвэрлэвэл зөвхөн анагаах ухааны салбарт бус боловсрол, хиймэл оюун ухаан, генийн инженерчлэлийн салбарт улс орны хэмжээнд томоохон дэвшил авчрах, улмаар бүс нутагтаа тэргүүлэх орон болон хөгжих бололцоотой байна.  Тухайлбал, тархины эсийн хувьсамтгай шинж насан туршид хадгалагддаг учраас хүн аль ч насандаа ямар ч мэдлэгийг эзэмших бололцоотой гэдгийг тархи судлалын шинжлэх ухаан тогтоочихсон байдаг. Гэхдээ бага насны хүүхдийн боловсрол, оюун ухааны хөгжил нь бичиг үсэг тайлагдах, тооны ухаанд суралцах, хэлний ялангуяа гадаад хэлний чадвараа хөгжүүлэхэд тархины хөгжлийн үе шатууд болон тухайн улсын боловсролын системээс ихээхэн шалтгаалдаг. Тийм учраас улс үндэстэн бүр өөрийн үндэстний тархины бүтэц, сэтгэцийн хөгжлийн үе шат, соёл, амьдралын хэв маяг, технологийн хөгжилтэй уялдуулан боловсролын системээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

ДЭЛХИЙН ТАРХИ СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГТ ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН АЗИЙН АНХНЫ УЛС БОЛ МОНГОЛ

-Монголд тархи судлалын чиглэлээр мэргэшсэн 12 мэргэжилтэн байна. Бид хүний нөөцөө бодлогоор хөгжүүлэх зорилгоор тархи судлалын олон улсын сургалт, хурлыг жил бүр зохион байгуулж байгаа. Мөн залуу боловсон хүчнээ дэмжих зорилгоор гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсний үр дүнд залуу эрдэмтдээ АНУ-ын Харвардын их сургууль, БНСУ-ын Тархи судлалын хүрээлэн, Ханяны их сургууль,  Тайваний Ченкүний үндэсний их сургуульд тархи судлалын чиглэлээр магистр, докторын болон богино хугацааны сургалтад хамруулж байна.

Мөн бид дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтарч ажилладаг. Миний бие Ази-Номхон далайн бүсийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2019 оноос хойш ажиллаж байна. Түүнээс гадна бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Тархи судлалын хүрээлэн, БНСУ-ын Тархи судлалын хүрээлэнтэй гэрээ байгуулан, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай хүрээлэнгийн олон улсын эрдэмтдийн зөвлөлд Швед улсын нэрт эрдэмтэн, тархи судлаач 2014 оны Нобелийн шагналт Э.Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч П.Магистретти, “Нейросайнс” сэтгүүлийн ерөнхий редактор Х.Лерма, Япон Улсын Шинжлэх ухааны академийн Тархи судлалын төвийн дэд захирал Х.Танака, Кюүшүгийн их сургуулийн ерөнхийлөгч Ч.Кубо, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Тархи судлалын хүрээлэнгийн захирал М.Пүү, Япон улсын Үндэсний эмнэлгүүдийн сангийн “Фүкүока” эмнэлгийн профессор Т.Хирамото нартай хамтран ажиллаж байна.

-Дэлхийн тархи судлалын байгууллага 1961 онд байгуулагдсан. Олон улсын, бүсийн, үндэсний хэмжээний 90 гаруй тархи судлалын байгууллагуудыг нэгтгэсэн том байгууллага байдаг. Тархитай холбоотой бүхий л шинжлэх ухааны салбарын судалгааг дэмжих, хөгжүүлэх, зохицуулах, тархи судлалын боловсролыг дэлгэрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилготой ажилладаг. Энэ байгууллага нь Африк, Ази Номхон далай, Латин Америк, Хойд Америк, Европ, Ойрхи Дорнодын бүсийн хороонуудтай бөгөөд дөрвөн жил тутам дэлхийн конгресс зохион байгуулдаг. Үүнээс гадна бүсийн хуралдаануудыг хоёр жилд нэг удаа улс тус бүрийн хуралдаануудыг жил бүр зохион байгуулдаг. Жишээлбэл, жил бүр АНУ-ын Тархи судлалын нийгэмлэгийн хурлаар 35 мянган эрдэмтэн мэргэжилтнүүд цуглардаг, энэ нь дэлхийн хамгийн том эрдэм шинжилгээний хуралд тооцогддог. Монгол Улс 2014 онд Дэлхийн тархи судлалын байгууллагад албан ёсоор 71 дэх гишүүн улс болон элссэн. Энэ нь төв Азийн улсууд дотроос дэлхийн тархи судлалын нийгэмлэгт гишүүнээр элссэн анхны улсад тооцогддог. 

Тархи судлалыг  олон шинжлэх ухааны уулзвар шинжлэх ухаан гэж үздэг. Тэр утгаараа дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бодлогоор шинжлэх ухаан, тэр дундаа тархи судлалын салбартаа ихээхэн анхаарч хөрөнгө мөнгө зарцуулж байж амжилтад хүрч байна. Жишээ дурдахад, энэ жил манай хуралд илтгэл тавьсан олон улсын илтгэгч нарын нэг болох АНУ-ын тархи судлаач эрдэмтэн Жон Наягийн удирдаж буй хөтөлбөрийн жилийн санхүүжилт нь 1.6 тэрбум ам.доллар буюу 4.6 их наяд төгрөг байгаа нь манай улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө байна. Харин манай улсад төр засгаас шинжлэх ухааныг дэмжих бодлого, хөрөнгө оруулалт нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай  харьцуулахад хамаагүй бага буюу төсвийн 0.2 хувь байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

ДЭЛХИЙН ТАРХИ СУДЛАЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БУЙ СУДАЛГААНУУД

-Тархи судлал өндөр хөгжсөн орнуудад онолын болон аж үйлдвэрийн салбарт олон дэвшил гарч байна. Тухайлбал, оюун ухаан ухамсрын шалтгаан, механизмыг нээх, мэдрэл сэтгэцийн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээг шинэ шатанд гаргах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, роботжуулах, сансарт хүн илгээх зэрэг олон амжилтуудыг дурьдаж болно.  Зөвхөн тархи судлал гэлтгүй суурь шинжлэх ухаан хөгжсөнөөр технологийн дэвшил илүү амьдралд нэвтэрч байгаа. Жишээлбэл, хүний бодлыг унших FMRI,  амьтны төрх үйлийг хянадаг химийн болон гэрлийн генетикийн технологиуд нэвтэрсэн гээд олон жишээ дурдаж болно.  Бас нэгэн сонирхолтой жишээ дурдахад, бидний зохион байгуулсан “Тархи судлалын шинжлэх ухаан-2020” олон улсын хуралд илтгэл тавьсан АНУ-ын Харвардын их сургуулийн нэрт эрдэмтэн, доктор Роберт Даттагийн судалгаагаар дэлхий даяар  халдварлаж буй цар тахал, коронавирус нь үнэрлэх мэдрэхүйн эсүүдийг бус тэдгээрийн туслагч эсүүдийг сонгомлоор сөнөөдөг болохыг судалсан талаараа танилцуулж байсан. Энэ мэтчилэн тархи судлалын шинжлэх ухаантай холбоотой янз бүрийн түвшний маш олон судалгаа хийгдэж байна. Тухайлбал, төрөлхийн хараагүй хүнийг хараатай болгож болох нь байна. Хүний нүдний гэрэл мэдэрдэг эс байхгүй бол хүн төрөлхийн сохор төрдөг бөгөөд тэдгээр эсүүдийг лабораторид ургуулж, нүдэнд суулгаснаар хараатай болох боломж байгааг тархи судлалын туршилтаар баталсан байна. Мөн сарьсан багваахай, зарим нэг могой инфра улаан гэрлийг биеэрээ мэдэрч хардаг нь харанхуйд нуугдсан ч гэсэн могой дулаан ялгарч буй бүхнийг олж чадах чадвартай болгож байна. Ингэснээр халуун цуст амьтан могойноос зугтах ямар ч арга байхгүй болгодог. Харин хүмүүст ийм чадвар байхгүй ч хүнд суулгаж болно гэж үзэж байна. Хүний тархинд биеийн мэдрэхүйг хариуцсан хэсэгт нь инфра улаан гэрлийг мэдэрдэг электрод суулгаснаар хүний тархи дулаан мэдэрч эхэлдэг. Үүнээс гадна сүүлийн үед лабораторийн нөхцөлд бичил тархи ургуулан бусад эдийн үйл ажиллагаатай холбон судалдаг болсон. Үүнээс гадна өндөр хөгжилтэй улс орнууд өөрийн хүн амын тархины банк, тархины эсийн удамшлын мэдээллийн санг үүсгэх асар том төслүүдийг эхлүүлээд байна. 

БИД ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЭРДЭМТДИЙГ БАГААС НЬ БЭЛТГЭНЭ

-Би АШУҮИС-ийг 2005 онд хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн. Сургуулиа төгсөөд СЭМҮТ-д резиндент эмчээр нэг жил ажилласан. Эмчийн гараагаа манайхны хэлдэгээр “Хурц”-ын тасгаас эхлүүлсэн. Дараа нь АШУҮИС-ийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч С.Бямбасүрэн багшийн зөвлөснөөр тус тэнхимийн багшаар 2008 он хүртэл ажилласан. Улмаар 2008 оноос Японы Засгийн газрын докторантурын хөтөлбөрт тэнцээд Японы Кюүшүгийн их сургуульд тархи судлалын чиглэлээр суралцахдаа сэтгэлзүйн шалтгаант халууралтын  үед уртавтар тархины заадлын хэсэг дэх симпатик мэдрэлийн эсүүд глютамат ба серотонины дамжуулалтаар биед дулаан үүсгэдэг механизмыг олж тогтоосон. Энэ судалгаагаар Японы Психосоматик анагаах ухааны нийгэмлэгийн 2012 оны шилдэг судлаачийн шагнал хүртэж байсан. Төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд постдокторантур хийж байгаад эх орондоо ирсэн. Монголд ирээд сургуулийнхаа Сэтгэцийн тэнхимд нэг жил гаруй хугацаанд багшилж байгаад АНУ-ын Аризона мужийн Барроу мэдрэл судлалын хүрээлэнд постдоктороор гурван жил ажилласан. Энэ хугацаандаа тархин дахь дулааны зохицуулгын төвийн байршлыг тогтоох судалгаа хийсэн. Дараа нь Нью Жерси мужийн Ратгерс их сургуулийн Нейросайнсийн тэнхимд нэг жил судлаач багшаар ажиллаж, тархи ба захын эрхтэнүүдийн хоорондын мэдрэл ба шингэний замын холбоосыг нэг эсийн ДНХ/РНХ-ын дараалал тогтоох аргачлалаар судалж байсан.

Миний хувьд тархи судлалын чиглэлээр аль болох олон мэргэжилтэн, бэлтгэж залуу үеэ дэмжих юмсан гэж мэрийн ажиллаж байна. Учир нь тархи судлаач хүн зөвхөн суурь судлаач, эмнэлзүйн судлаач хийж чаддаг болоод зогсохгүй маш олон салбарт, дата аналист, багш, биотехнологич, IТ инженер, эмийн үйлдвэрийн судлаач, сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл судлаач, удирдах ажилтан, нийгмийн ажилтан, менежер, хүний нөөцийн ажилтан зэрэг олон мэргэжлээр карьер хийх боломжтой болдог. Тархи судлаач буюу нейросайнтист нь эзэмшихэд хамгийн хэцүү мэргэжлийн тоонд ордог учраас үнэхээр л потенциальтай, шинжлэх ухаанд дуртай хүүхэд залуучуудыг олж, дэмжиж, энэ мэргэжлийг эзэмшихэд нь туслах хүсэлтэй байна. Тийм учраас бид энэ жилээс Тархи судлалын чиглэлээр улсын олимпиад буюу аварга шалгаруулах тэмцээн зохиохоор төлөвлөн ажиллаж байна. Улсдаа шалгарсан хүүхэд дэлхийн тархи судлалын тэмцээнд оролцох эрхтэй болохоос гадна 500 долларын шагналын эзэн болно. Дэлхийд түрүүлбэл АНУ-ын аль нэг шилдэг их сургуульд дадлага хийх эрхтэй болохоос гадна 3000 ам.долларын шагналын эзэн болох юм. 2019 оны БНСУ-ын Дэгү хотноо болсон тэмцээнд 51 оны 20 гаруй мянган оролцогчдын шилдэгүүд оролцсоноос БНХАУ-ын 17 настай И.Вэнг түрүүлсэн. Оролцогч хүүхдүүд зөвхөн тархины бүтэц, үйл ажиллагааг мэддэг байгаад зогсохгүй тархи, нугасны эмгэгүүд, тэдгээрийн оношлогооны зургуудыг таньж чаддаг, онолын өндөр мэдлэгтэй байхыг шаарддаг. Бид 2021 оны тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа. Бид өөсрдийгөө дэлхийн түвшинд сорьж, дэлхийн түвшингээр үнэлэх хэрэгтэй. Бас хүн төрөлхтөний шинжлэх ухааны хөгжилтэй эн зэрэгцэн алхаж, шинжлэх ухаанд өөрсдийн хувь нэмрийг оруулах ёстой гэж боддог. Одоо бидний үе биш юмаа гэхэд дараа, дараагийн үеэс дэлхийд өрсөлдөх хэмжээний эрдэмтэд гарч ирэх нь чухал юм.

СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСГАЙ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Бидний ойрын төлөвлөгөө гэвэл тархи судлалын чиглэлээр судалгааны үр дүнгээ олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх, тархи судлалын шинэ технологиудыг эх орондоо нутагшуулж патентжуулах, салбар дундын судалгааны платформ үүсгэх, тархи судлалын хичээлээр магистрантур, докторантурын сургалт зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн  гадаад дотоодын байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгийн гол нь хүн амын дундах зонхилон тохиолдох мэдрэл, сэтгэцийн эмгэгүүдийн тархалт, өвчлөл, нас баралтын шалтгааныг хүн амзүйн кохорт судалгаагаар урт хугацаанд судлах судалгааны нэгж баазуудыг үүсгэн байгуулах гээд олон ажил төлөвлөж байна.  Урт хугацааны төлөвлөгөө гэвэл, Засгийн газрын санхүүжилттэй тархи судлалын бие даасан судалгааны төв байгуулах нь нэн тэргүүний чухал ажил болоод байна. Хэрэв судалгааны төв байгуулж чадвал юуны түрүүнд Монгол хүний тухай цогц судалгааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ийм үндэсний хэмжээний суурь судалгааг хамгийн сүүлд ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран 1986-89 онд хийж гүйцэтгэж байсан. Олон улсад бол тархи судлал зөвхөн иргэний судалгаанаас гадна стратегийн буюу батлан хамгаалах зорилготой судалгааг өргөн хийдэг. Ойрын ирээдүйд биотерроризм, сэтгэцэд нөлөөлөх химийн болон физикийн зэвсгүүдийн нөлөөллийг судлах нь манайд чухал асуудлын нэг байх нь дамжиггүй. Үүнээс гадна үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх, бэлтгэсэн судлаачдаа ажлын байраар хангах, цаашлаад шинжлэх ухаанд суурилсан мэдлэгээр хөгжлийн хөтөлбөр боловсруулах, олон улсын хамтарсан судалгааг эрчимжүүлэх, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээш-лүүлэх боломжтой болно. Бид ирээдүйгээ бодвол суурь шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна. Тиймээс тархи судлалын чиглэлээр их сургуулийн боловсрол олгодог байх ёстой.

Гэхдээ хэн нэгнээс нэхэх биш хийх нь чухал учраас бид хичээнэ. Би нэгэн түүхийг байнга санаж явдаг юм. С.Бямбасүрэн багшийн маань багш Ш.Доржжадамба профессор Б.Ринчин гуайг хүндэлдэг, захидлаар харилцдаг байж. Тэгээд залуу хүн юунд анхаарах ёстой вэ гэхэд нь Ринчин гуай “Монголчууд бид дэлхийн улс орнуудаас хөгжлөөр толгой дутуу хоцорч яваа гэдгээ өдөр нь бодож, шөнө нь зүүдэлж зүтгээрэй” гэж захисан байдаг. Би Монгол Улсаа удахгүй өндөр хөгжилтэй улсын тоонд орсон, хүн ам нь аз жаргалтай, эртний уламжлалт соёлтой, үлгэр жишээ сайхан улс болж хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг. 
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Энхтуул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.