НББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээр “Ковид 19” цар тахлыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн саналууд гаргалаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.18/ хуралдаан 09.10 цагт 17 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр эхэлсэн.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулснаар хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

Тэрбээр, “Ковид 19” цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буурсан. Иймд Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, экспортыг далайцтай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

…Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм” гэж танилцууллаа.

Байнгын хорооны дарга эрхлэх асуудлын хүрээнд буюу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн гэсэн дөрвөн байгууллагын хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцэх ёстойг сануулснаар төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн, Д.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энх-Амгалан нар асууж, хариулт авав.

Гишүүд, хөнгөлөлттэй эм олгох үйл явцыг хялбаршуулах, хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг оновчтой болгож цөөлөх,  өрхийн эмнэлгийн санхүүжилтийг хүн амын ачаалалд нийцүүлж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах, төв магистрал замын дагуух сумдын эмнэлэгт ачааллаас нь шалтгаалж төсөв нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт олгодог хүнсний талоны хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчлөлийн эх үүсвэр болж буй хүнсний аюулгүй байдалд анхаарч, эрүүл хүнсний хэрэглээг дэмжих зэрэг асуудал төсвийн тодотголд хэрхэн туссан талаар Сангийн сайд болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асууж, хариулт авав.

Асуулт, хариулт дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.   

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Улсын Их  Хурлын гишүүн С.Ганбаатар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.