А.Амбасэлмаа: Өнөөдөр 3 хүн эдгэрч, тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж охинтой боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 22 сая 48 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  787 мянган хүн  нас барж, 15 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Өвчний тархалт буурахгүй өндөр тархалттай байна. ОХУ-д 4784 тохиолдол шинээр бүртгэгдэж 132 хүн нас барсан, БНХАУ-д 54 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 17 нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзсэн байна.

БНХАУ-ын Уханьь хотын эрдэмтэд коронавирусийн өвчлөл гэр бүлийн хүрээнд тархалт өндөртэй байна. Ийм учраас ойр байгаа хөнгөн балархай хэлбэртэй өвчтөнүүдийг аль болох эрт илрүүлэн, тусгаарлах шаардлагатай байна. Мөн ариутгал цэвэрлэгээг сайн хийж гэр бүлийн гишүүд тус бүртээ ахуйн хэрэглээний зүйлтэй байхыг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа   “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 750 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.   Өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатлал руу шилжлээ.  Энэ 3 хүн 27,22,31 настай энхийг сахиулагчид юм.  Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 281 нь эмчлэгдсэн, 52 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 14 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 215 хүн, ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 15 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна. Тусгаарлалтад байсан нэг эмэгтэй амаржиж 2800 гр охинтой боллоо." гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus