Идэр эрсийн амиар дэнчин тавьсан хариуцлагагүй уул уурхай
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 7 дугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж,  уурхайн хоёр ажилтан шороонд дарагдсан таагүй мэдээ цахим орчинд тархав.
Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урагш 3 км-т байдаг байна.

Ослын дуудлага мэдээллийн дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт алба хаагчдыг хоёр хэсэгт хуваан дөрөв, дөрвөн цагаар тасралтгүй сэлгэн ажиллуулж, аврах ажиллагаа явуулснаар хоёр хоногийн дараа буюу энэ сарын сарын 16-ны өдрийн 10:47 цагт 19 настай Б-г эсэн мэнд гарган авсан юм.

 Харин  дараа өдрийн буюу энэ сарын 17-нд 27 настай Х-ыг цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олсон харамсалтай үйл явдал боллоо.

Ослоос хойш минут секунд бүрт итгэл найдвар тээн хүлээн төрөл төрөгсөд 27-хон настай эрийн цогцсыг хүлээн авах нь тэр. Энх цагт дахин нэг эр ийн цаг бусаар хорвоог орхилоо. Үргэлжлэх орсон борооны улмаас нуранги үүсэж, осол гарсан хэмээн тайлбар өгч байна. Тэгвэл их хэмжээний борооны улмаас нуранги үүсэх хүндрэлийг уурхайн холбогдох удирдлагууд тооцоолоогүй байсан уу? Ийнхүү хариуцлагагүй, идэр эрсийн амиар дэнчин тавьж, олборлолт явуулсаар байгаа үйл явцад хэзээ дүгнэлт хийх вэ? Хариуцлагагүй уул уурхай ажилласаар, ид хийж бүтээх насандаа яваа залуус хорвоогийн мөнх бусыг үзсээр байх уу?

Хариуцах эзэн, хариуцлага тооцдог албаныхан үгүй юм шиг  үйл явц ийнхүү үргэлжилсээр байна.

Сануулахад,

2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр: “Эко-Алтан Заамар” компанийн уурхайд осол гарч 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайн хана нурж, зургаан хүн нурангид дарагдсан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Нуралт үүссэн карьерын дээд талд 10 метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн. Хиймэл нуурын ус хана руугаа нэвчиж нуралт үүссэн. “Эко-Алтан Заамар” компани нуурыг карьерын дээд талд байгуулсан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн дүгнэлт гаргасан. 

2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр: Мөн л “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд осол гарч, нэг ажилтан амиа алдсан байна. Эксковатор угсрах явцад трос тасарч, 26 настай ажилтны дээр унан, газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү харамсалтай осол Булган аймгийн Бүрэгхангай суманд гарсан юм.  Тус компани 2016 онд Бүрэгхангай суманд алт олборлох тусгай зөвшөөрөл авч,  2019 оноос үйл ажиллагааа идэвхтэй явуулж эхэлсэн байдаг.

Тэгвэл тэдэнд хэн, хэзээ, хэрхэн яаж хариуцлага тооцов. Ослоос хойш жил гаруйн хугацаа өнгөрч байхад “Эко Алтан заамар” гэх компани нэрээ сольж, зүсээ хувиргаснаас өөр үйл явц өрнөсөнгүй. Тэднээс Монголын төр, холбогдох мэргэжлийн байгууллагууд хариуцлага асуусангүй, толгойг нь илсээр байна. Лицензэт талбайд нь Монгол Улсын холбогдох хуулийг дагаж мөрдөж байгааг хянаж шалгадаг, хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй нь Ашигт малтмал газрын тосны газар. Осол гарахтай зэрэгцэн мэргэжлийн хяналтынхан уурхайг нь хаасан ч эргээд л нээдэг. Үр дүнд идэр эрс хорвоог цаг бусаар орхисоор....
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocnin  2020-08-17 23:53:05
    Us ihtei borootoi yed uul uurhain ajil hiigdehgui bh yostoi bmaar hodolmor hamgaalal bhgui zowshoorolgui ene kompany ene zaluugiin haluun amiig yaj toloh gej bn...