Д.Нарангэрэл: Итали улс өнөөдрөөс эхлэн зарим үйлчилгээний газруудаа хаахаар болсон
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 21 сая 564 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  775 мянган хүн  нас барж, 14 сая гаруй хүн эдгэрч гарсан байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 267 мянган хүн халдвар авч 5 мянга гаруй хүн нас бараад байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 58 мянган хүн, Бразилд 22 мянган хүн, АНУ-д 54 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар тархсан 3 орон болоод байна. ОХУ-д 4969 тохиолдол шинээр бүртгэгдэж 68 хүн нас барсан, БНХАУ-д 98 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзсэн байна. Тарваган тахлын хувьд манай улсын байгалийн голомттой өвчлөлд ордог. Он гарснаас хойш сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэнээс 4 тохиолдол батлагдаж, батлагдсан тохиолдлоос 2 хүн нас барсан, 2 хүн эдгэрсэн байгаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа   “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори,  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт  609 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.    Нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс 276 нь эмчлэгдсэн, 47 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 16 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 213 хүн, ХӨСҮТ-д 22 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 20 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus