ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 21.5 хувиар өсчээ
Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны эхний хагас жилийн “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг өнөөдөр мэдээлэл хийлээ.  Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд 2020 оны хагас жилийн байдлаар нийт 2854 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байна.. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 304 ХК, 222 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 143 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, 542 банк бус санхүүгийн байгууллага, 256 хадгаламж зээлийн хоршоо, 103 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт мателл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 275 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1009 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Хөрөнгийн зах зээл: 2020 оны эхний хагас жилийн байдлаар хөрөнгийн зах зээлд 304 хувьцаат компани бүртгэлтэй байгаа бөгөөд 53 үнэт цаасны компани Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

Коронавируст халдварын нөлөөллийн улмаас хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд буурсан байна. Тухайлбал, зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурч, 2,503.5 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 6.8 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 4577 нэгжээр буурч 16208 хүрсэн.

2020 оны 2 дугаар улиралд нийт 29.1 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 67.8 хувиар буурсан байна. Нийт арилжааны 2 хувийг Засгийн газрын үнэт цаас, 17.2 хувийг компанийн бонд, 80.8 хувийг хувьцаа тус тус эзэлж байна.

Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар Хөдөө аж ахуйн биржийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 69 хувиар буурч 4 төрлийн 162.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсөж 359.2 тэрбум төгрөгт хүрсэн.

Коронавируст халдварын нөлөөлөл мөн даатгалын салбарт ч сөрөг нөлөө үзүүллээ. Тухайлбал, ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 94.8 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар буурч 24.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын салбарын гол үзүүлэлт болох гүнзгийрэлт 0.07 пунктээр буурч 0.57 хувьтай байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын бүтээгдэхүүний тоо 32-оор нэмэгдсэн хэдий ч хамрагдсан даатгалын зүйлийн тоо 7.5 хувиар буурчээ.

Харин даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар нэмэгдэж 27.7 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн орлогын 29.2 хувийг эзлэв. Тайлант улиралд даатгалын компаниудын цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар буурч 11.7 тэрбум төгрөгт, өөрийн хөрөнгийн өгөөж 0.4 пунктээр буурч 6.9 хувьд, нийт хөрөнгийн өгөөжийн хувьд ч 0.4 пунктээр буурч 3.3 хувьд хүрлээ.

Банк бус санхүүгийн байгууллага: 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 542 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөгт хүрсэн. Нийт зээлийн үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн зээл, 15.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийг чанараар ангилахад 86.5 хувийг хэвийн зээл, 4.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.7 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.2 дахин нэмэгдэж 445.9 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.8 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурч 2.9 хувьтай байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: 2020 оны эхний хагас жилийн байдлаар ХЗХ-дын тоо өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар буурч 256-д хүрсэн бөгоөд 72230 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрсэн бол хадгаламжийн хэмжээ 163.4 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсөж 165.1 тэрбум төгрөгт хүрснээс 92.6 хувийг хэвийн зээл, 3.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Нийт олгосон зээлийн 81.6 хувь нь хэрэглээнд, 6.3 хувь нь бизнесийн үйл ажиллагаанд, 4.0 хувь нь хөдөө аж ахуйн салбарт олгогджээ. ХЗХ-дын хувьд гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.5 хувьтай, зээлийн хүү 2.9 хувьтай байна.
ХЗХ-дын өөрийн хөрөнгийн өгөөж нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 пунктээр өсөж 12.3 хувьд хүрлээ. Нийт хөрөнгийн өгөөж нь 0.9 пунктээр өсөж 2.3 хувьд хүрсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: 2020 оны 2 дугаар улирлын байдлаар 103 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоод байна. 2020 оны 6 дугаар сард тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүд 399 хэлцэл, гэрээгээр нийт 49.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, худалдан авч шилжүүлсэн бол 185 хэлцэл, гэрээгээр нийт 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 8 хуулийн этгээд, 267 иргэнд олгосон бөгөөд 2020 оны 6 дугаар сард 125.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 109.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-08-16 14:13:37
    ББСБ-хан мөнгө хүүлэгчид, хүнийг хүүгээр дарамталж, шулж баяжиж байна. 50 сая төг зээлдүүлээд 100 сая гаруй төг болгон авч ард иргэдийг шулж элгээр нь хэвтүүлж ...
    162.158.119.14
    Мэдэгдсэн Хариулах