.jpg)
МАН-ын Удирдах зөвлөл Эрүүл мэндийн сайдад ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, олон нийтэд зарлаад байв. Харин маргааш буюу 24 цаг ч хүрэлгүй дээрх шийдвэр өөрчлөгдөж Т.Мөнхсайхан гэх эрхэм сайдын суудалд суухаар болсон шийдвэр гарч, олны нүдийг орой дээр нь гаргав. Яамны газрын даргыг сайдын албанд томилох боломжгүй гэж үзсэн хэрэг л дээ.
Тэгвэл Т.Мөнхсайхан гэж хэн бэ?
Т.Мөнхсайхан АШУИС-ийг их эмчээр төгссөн. ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захирлын албыг хашихаар болсон нэгэн. Улмаар Д.Сарангэрэл сайд түүнийг өнгөрсөн онд УНТЭ-ийн ерөнхий захирлаар томилсон байдаг. Ийнхүү сүүлийн хэдэн жилд хурдацтай ахиц дэвшсэн тэрбээр салбарын сайд боллоо. Мэргэжлийн хүн мэргэжлийн салбараа толгойлно гэдэг сайн хэрэг. Гэвч насаараа эрүүл мэндийн байгууллагад Төрийн алба хашсан Т.Мөнхсайхан сайдын хөрөнгө орлого олон нийтийн анхаарлыг татаж байна. Түүнийг ганцхан шөнийн дотор Эрүүл мэндийн яамыг толгойлохоор болсныг халаастай нь холбож ярих хүн ч олон.
Бүр тодруулбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы жилийн орлого, хадгаламж, үл хөдлөх хөрөнгө гээд бүгд тэрбумаар тоологдож, үнэлэгдэнэ. Ганцхан жишээ дурдахад тэр 2018 онд буюу нэгдүгээр төв эмнэлгийн захирлын албанд очихоос өмнө жилийн долоон тэрбум төгрөгийн орлого олсон байдаг. Тэрбээр гурван орон сууц, нэг автозогсоол, хүлэмжийн газартай. Эдгээр нь дөрвөн тэрбум 447 сая төгрөгөөр үнэлэгддэг, хадгаламждаа таван тэрбум төгрөгтэй.
Хамгийн хачирхал төрүүлж байгаа зүйл бол Т.Мөнхсайхан нь өнгөрсөн онд дээрх хөрөнгө орлогоо хэдэн зуу дахин бууруулж мэдүүлсэн байгаа юм. Тухайлбал, жилийн орлого 100 сая төгрөг, хадгаламж 200 гаруй сая. Чухам ямар учраас тэрбээр ийнхүү хөрөнгө орлогоо хасав гэдэг нь анхаарал татаж, хардлага төрүүлж байна. Учир нь Тэнгэрийн шонхор ХХК, Хүчит шонхор ХХК-иудад хувь, эзэмшил нь бахь байдгаараа. Ганцхан жилийн дотор нийслэлийн иргэдийг махаар хангадаг зах ингэтлээ ашиггүй ажиллана гэж баймааргүй. Ямартай ч хөрөнгө орлогоо навс дарсан захын босс, эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамыг толгойлохоор боллоо.
О.ОНОН