Манмохан Сингх: Бид зээл авахаас ичих ёсгүй

Коронавирус цар тахлын хямралаас сэргийлэхийн тулд Энэтхэг нэн даруй гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой талаар Энэтхэгийн Ерөнхий сайд асан Манмохан Сингх “BBC” сайтад цахимаар ярилцлага өгчээ.  Тэрээр “Хэрвээ энэ гурван алхамыг Засгийн газар хэрэгжүүлж чадах юм бол хямралыг даван туулж ирэх жил гэхэд Энэтхэгийн эдийн засаг хэвийн байдалд шилжнэ.Нэгдүгээрт иргэддээ тодорхой хэмжээний бэлэн мөнгө олгосноор амьжиргааны түвшин нь баталгаатай болох чухал ач холбогдолтой. Хоёрдугаарт “Засгийн газраас баталгаат зээл олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж бизнес эрхлэгчдэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх хэрэгтэй.Гуравдугаарт  байгууллагуудын бие даасан байдлыг санхүүгийн салбараар дамжуулан  хангах хэрэгтэй” гэжээ. Удаан хугацааны дараа өнгөрсөн онд ДНБ-ий хэмжээ 4.2 хувиар өссөн ч  өнөөдрийн байдлаар Энэтхэгийн эдийн засаг хүндхэн байдалд ороод байна. Халдварын тоо нэмэгдэж хөл хорио тогтоох юм бол энэ байдал улам хүндэрнэ. Өчигдрийн байдлаар Энэтхэгт 2.2 сая хүн халдвар авч, 45 мянган хүн нас барснаар гуравдугаарт жагсаж байна.  Түүнчлэн эдийн засагчид Энэтхэгийн ДНБ-ий хэмжээ 2020-2021 онд буурч 1970 оноос хойших хамгийн их хямралтай жил байх болно гэж анхааруулж байна.

Энэ талаар Манмохан Сингх “Эдийн засагчдын таамаглаж буй шиг эдийн засаг уналтад орох юм бол энэ нь тусгаар тогтносон Энэтхэгийн түүхэн дэх анхны хямрал болно. Гэхдээ энэ таамаглал буруу гэдэгт би итгэлтэй байна. Эрүүл мэнд, эдийн засгийн бэрхшээлээ даван туулахын тулд бид ДНБ-ийхээ 10 хувийг зарцуулах ёстой байсан. Гэвч үүнийгээ өөр зүйлд хэдийнэ үрчихсэн. Тиймээс их хэмжээний зээл авах нь гарцаагүй. Бид зээл авахаасаа ичих ёсгүй. Харин авсан зээлээ хэрхэн ухаалаг зарцуулахаа бодох ёстой” гэсэн юм. 1991 онд төлбөрийн тэнцлийн хямрал Энэтхэгийг  дампууруулсны дараа буюу 20 жилийн өмнө Сангийн сайдаар ажиллаж байхдаа Сингх эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг санаачилж байв. Тэрээр “Гэхдээ 1991 оны хямрал бол дэлхийн хүчин  зүйлээс хамааралтай дотоодын хямрал байсан. Харин өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал бол цар хэмжээ өргөнтэй байна” гэжээ.  Дөрөвдүгээр  сард Нарендра Модигийн Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлэхэд  266 тэрбум ам.долларын зардал гаргахаа зарласан юм. Мөн Энэтхэгийн төв банк зээлийн хүүгээ бууруулаад байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.