Өмнөговь аймгаас 230 ээж ''Эхийн алдар'' одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.
 

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

Энэ жил Өмнөговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 230 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 9, Хоёрдугаар зэргийн одонг 221 ээжид одон хүртээж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдэд хандан үг хэлж, нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж, баяр хүргэлээ. Мөн өрх гэр бүхэнд энхрий үрсийнх нь аз жаргалтай дуу хадаж, эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болж өсөн торнихыг хүсэн ерөөв.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.