Аавуудын өдөр
Өнөөдөр 08 дугаар сарын 08-ны өдөр. "Аавуудын өдөр" гэх тодотголтой энэ өдрийг манай улс 15 дахь жилдээ тэмдэглэж байна.  Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан 2005 оноос эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн 18 дахь орон болж байжээ. Энэ өдөр бол гэр бүлийн өдөр. Аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр.

Дэлхийн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг аавуудын баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Сонора Смарт Додд охины тухайд түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,  аав Уэллиам Смарт нь түүнийг таван дүүтэй нь ганцаараа өсгөсөн байна. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан бөгөөд тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ. Үүнээс улбаалан  дэлхийн улс орон бүр “Аавуудын баяр”-ын өдөртэй ч өөр өөр өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

Яруу найрагч Ш.Гүрбазар- Орчлонгийн дутуу

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан
Ээждээ би эрхэлдэг байсан
Ээждээ би эрхлэхдээ
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүлгэе гэж
Өвдөг шалбалсан чулууны
Өөрийнх нь уйлахыг үзье гэж
Намайг өсгөсөн өвөөгөө
Холоо явахад нь авчирна гэж
Намрын шувууг буцаахгүй гэж
Нуурын хөвөөнд тоглоно гэж
Ээждээ би эрхэлдэг байсан
Одоо тэгэхнээ
Алтан гадасны од
Аргамжааг буулгахаар
Аав минь явчихсан юм биш байгаадаа
Алга байна
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүх гээд
Ижий минь ирээгүй юм биш байгаа даа
Эзгүй байна
Мөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээд
Миний хоёр буурал одоо эзгүй байна...

Яруу найрагч Ц.Хулан- Аавдаа
 

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ
Ачийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа...



С.Тайшир
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.