Хүүхдийн урлан бүтээх төвд 17 төрлийн дугуйлан хичээллэнэ

Хичээл, сургууль эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Тиймээс хүүхэд багачууд, өсвөр үеийнхний амралт чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг  “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг зорьсон юм. Урлах төвийн багш нар хичээлийн шинэ жил, шинэ сурагчдаа  угтах гээд  бэлтгэл ажлаа хангаад зав муутайхан байна. Гэсэн ч бидэнд цаг гаргаж, дугуйлангийн талаарх мэдээллүүдээ өгсөн юм.  Хүүхдийн урлан бүтээх төв цаг үеийн байдлаас шалтгаалан анги дүүргэлтээ  цөөн тоогоор төлөвлөж, дугуйлангийн сурагчдаа богино хугацаатай, олон ээлжээр хичээллүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус төвд энэ хичээлийн жилд нийт 17 төрлийн дугуйлан үнэ төлбөргүй хичээллэх учраас 1-12 дугаар ангийн сурагчид сонголтоо  хийгээд хамрагдах боломжтой гэв. Тус төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх ,авьяас чадварыг нээн хөгжүүлж,  мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах арга ухаанд сургах зорилготой, гар урлал, чимэглэх, зурах гээд урлагийн олон төрлийг хүүхэд багачуудад зааж, дугуйлан хэлбэрээр сургалтаа явуулдаг аж. 
Эцэг, эхчүүдийн олонх нь охидоо урлаг, гоо зүйн мэдрэмжтэй болгож өсгөж хүмүүжүүлэхийг хичээдэг. Тэр утгаараа 13-16 насны охидын сонирхдог дизайн урлагийн анги энд бас шинэ элсэгчдээ хүлээж байна. Энэ дугуйланд өөрийн хүссэн загварын хувцасыг урлах хувцас дизайны дугуйлан, мөн тоглох дуртай тоглоомоо өөрийн гараар бүтээх боломжтой хүүхэлдэй урлалын дугуйлан, уран зургийн анги, сүрлэн наамал, уран хайчилбар гээд олон төрлийн дугуйлан хичээллэх ажээ. Мөн хөвгүүдийн сонирхлыг ихээр татдаг хурд, хүчтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн загвар гаргах авто загвар болон нисэх загварын дугуйлан бас бүртгэлээ авах юм байна. Түүнчлэн үндэсний бичиг үсгээ сурах, түүгээрээ бүтээл гаргадаг монгол уран бичлэгийн дугуйлан шинээр нэмэгдсэн байна. 

Дугуйлангийн бүртгэл есдүгээр сарын 1-нд эхэлнэ

Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн дугуйлангийн сурагчдаа есдүгээр сарын 1-нээс бүртгэхээр төлөвлөжээ. Харин сургалт нь аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр товлосон байна. Бүх дугуйланд 7-18 насны хүүхдүүдийг бүртгэж авах аж. Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалт хариуцсан менежер Б.Чулуунцэцэг “Хоёрдугаар ангиас эхлээд хүүхдүүд биеэ даачихдаг. Сууж сурсан, төлөвшчихсөн байдаг болохоор дугуйланд хамрагдах боломжтой байдаг. Тиймээс дугуйландаа долоогоос дээш насны хүүхдүүдийг бүртгэж авдаг” гэлээ. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан анхан шатны анги байдаг бөгөөд гар урлалын талаар суурь мэдээллийг өгдөг байна. Хичээллийн хэрэглэлтэй хэрхэн харьцах, гар урлал хийх явцад аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургадаг аж. Дунд ангиас дээш хүүхдүүдэд бүтээл урлах мэргэжлийн түвшний чадварт сургадаг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Т.Намуун

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.