Цээж хорсох, гулгих нь ходоодны сөргөө өвчний шинж

Сүүлийн үед ходоодны өвчин нэлээд залуужих хандлагатай байна. Энэ нь олон шалтгаантай ч таны цээж хорсдог, гашуун зүйлээр гулгих зовиур илэрдэг бол энэ нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж байх магадлалтай.  Иймд мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ оношлогоо, эмийн эмчилгээ хийлгээрэй хэмээн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн бага эмч, сувилагч Д.Наранзул зөвлөж байна.

-Ходоод, гэдэс дотрын өвчин залуужлаа гэж ярьдаг. Мөн баяр наадмын өдрүүдэд ийм шалтгаантай олон хүн эмнэлэгт хандсан гэсэн. Ер нь ходоодны өвчлөл юунаас болж үүсч байна вэ?

 -Монголчууд бидний хувьд ходоодны өвчин үүсгэж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, хеликобактерийн халдвар, тархалт нөлөөлж байна. Хеликобактерийн халдвар нь ходоодны өвчлөлийн ихэнх хувийг хамарч байна. Хоёрдугаарт, хоол хүнсний зохистой хэрэглээ алдагдсанаас ходоод гэмтэж байна. Гуравт, архи тамхины зохисгүй хэрэглээ ходоодонд шууд нөлөөлж байна. Дөрөвт, стрессийн нөлөөнөөс үүдэлтэй ходоодны өвчлөл нэмэгдэж байна. Ходоод өөрөө маш мэдрэмтгий эрхтэн учраас стрессийн нөлөөгөөр гэмтэх үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Эдгээр үндсэн шалтгаанаас үүдэн ходоодонд үрэвсэл үүсч, цаашлаад ходоодны шарх болж байна. Урт хугацаанд эмчид үзүүлэхгүй, эмчилгээгээ хийлгэхгүй явснаас ходоодны хавдар болох эрсдэл гарсаар байна. Ялангуяа, сүүлийн үед ходоод, цөс өвдөх зовиуртай иргэд эмнэлэгт их хандаж байна. 

-Ходоодны өвчлөл дотроос хүмүүст цээж гашуун оргих, цөсөөр гулгих шинж тэмдэг ихээр илэрдэг гэлээ. Энэ нь ямар өвчний шинж тэмдэг вэ?

-Цөсний сөргөө гэж бий. Зарим хүнд нарийн гэдсэнд ялгарсан цөс ходоод руу орох тохиолдол байдаг бөгөөд заримдаа  шууд дээшээ улаан хоолой руугаа давхар сөргөдөг. Ийм хүмүүс цөсөөр гулгих, бөөлжих тохиолдол байдаг.  Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Таргалалт, илүүдэл жин хамгийн их нөлөө үзүүлдэг. Мөн архи, тамхины хэрэглээ, өрцний эвэрхий, ходоодны архаг үрэвсэл, хеликобактерийн халдвар, цөсний чулуу зэрэг нь энэ өвчин үүсэх эх үүсвэр болдог. Өөрөөр хэлбэл, улаан хоолой, ходоодыг заагласан хумигч булчин гэж байдаг. Ходоод нь хөндийтэй, хүчил ялгаруулж идсэн хоолыг боловсруулдаг, байнга агшиж байдаг эрхтэн. Хоол ходоодонд ороход улаан хоолойн доод хэсгийн хумигч булчин агшиж, хаагдаж байдаг. Ходоодонд хоол боловсруулсны дараа нарийн гэдэс рүү гаргахад ходоодны гарах хэсгийн хумигч булчин онгойгоод зогсохгүй ходоод агшдаг. Энэ үйл явц  хэвийн байгаагийн шинж. Харин ходоод, улаан хоолойн дунд байдаг хумигч булчин гүйцэд хаагдаагүйгээс ходоодонд байгаа хүчиллэг агуулагдахуун улаан хоолой руугаа сөргөж буцаж ороод улаан хоолойн доод хэсгийн салстыг гэмтээдэг. Энэ нь цээж хорсох, өвчүүний ард өвдөх, гашуунаар гулгих, горойх байдлаар илэрч байгаа юм. Зарим тохиолдолд хоолой сөөх, ханиалгах шинжээр илэрдэг. Үүнийг ходоод-улаан хоолойн сөргөө өвчин гэж нэрлэдэг.

-Энэ өвчний үед ямар шинжилгээ өгөх вэ. Хэрэв энэ зовиураа тоохгүй удаан явбал хэр хор хөнөөлтэй вэ?

-Мэдээж ярилцаж, үзлэг хийж байж өвчний онош тавьдаг. Сөргөөнөөс болж улаан хоолойн доод хэсэгт байнга хүчиллэг зүйл орж цочроосноос болж, улаан хоолойн доод хэсэг үрэвсэж, шархалдаг. Тиймээс улаан хоолойн доод хэсгийн үрэвсэлтэй сөргөө өвчин, үрэвсэлгүй сөргөө өвчин гэж ангилна. Үүнийг мэдэхийн тулд дурангийн шинжилгээ хийдэг. Сөргөө өвчин үүссэнээс хойш олон жил эмчилгээ хийлгүй явбал улаан хоолойн доод хэсгийн эсүүд нь хувирч эхэлдэг. Эхний үед хөнгөн зэргийн хувирал, цаашлаад хүндэрсээр эцэстээ хавдар болох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, сөргөө өвчин нь дангаараа улаан хоолойн хорт хавдрын бие даасан хүчин зүйл болдог. Цээж хорсох зовиур их, бага хэмжээгээр илэрсэн л бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай. 

-Эмчилгээний арга нь юу байх вэ?

-Улаан хоолойн үрэвсэл байна уу, эсийн хувирал мэдрэгдэж байна уу гэдгээс эмчилгээ нь хамаардаг. Нэгэнт эсийн хувирал гарч ирсэн бол дурангийн шинжилгээгээр тогтмол хянаж байж хавдар үүсэхээс өмнө дурангийн аргаар эмчлэх боломж бүрдэнэ. Иймээс таны цээж хорсдог, гашуун хүчиллэг зүйлээр гулгидаг бол заавал мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө аваарай гэж хэлмээр байна. Бид нар өөрсдөө өвчнөө бага дээр нь оношлуулж эмчилгээгээ хийлгэж чадвал улаан хоолойн хавдраас өөрсдийгөө хамгаалж чадна. 

Мөн хоолны дэглэм барьж, амьдралын хэв маягаа зохицуулахын зэрэгцээ ходоодны хүчил бууруулах эмээ дор хаяж 4-8 долоо хоног уух шаардлагатай байдаг. Ер нь маш удаан хугацаанд эм ууж байж зовиургүй болох, цаашлаад хавдраас сэргийлэх боломж бүрддэг гэдгийг дахин хэлье. Үүнээс гадна унтахаасаа гурван цагийн өмнө хоолоо идэх, өндөр дэртэй унтах, жингээ барих зэргээр амьдралын хэв маягаа өөрчлөхийг зөвлөдөг.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Туул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-08-06 06:37:50
    Ийм өгүүлэмжтэй хүмүүс хужиртай цай уухсан бидний цөөхөн монголчууд олон зуун жил давсны оронд хужиртай цай уудаг байлаа
    162.158.6.217
    Мэдэгдсэн Хариулах