З.Батгэрэлт: Зөвлөх үйлчилгээ бол бизнесийн хувьд оношлогоо, эмчилгээ нь болдог

    XXI зууны хүн төрөлхтөнд цоо шинэ үзэгдэл болсон Коронавируст цар тахлын үед бизнесээ хэрхэн оновчтой зөв удирдах болон зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг уншигч та бүхэнд хүргэх зорилгоор Монголын менежментийн зөвлөхүүдийн институт /ММЗИ/-ийн ерөнхийлөгч З.Батгэрэлттэй ярилцлаа.

- Байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу?

- Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Монголын менежментийн  зөвлөхүүдийн институт маань 2011 онд байгуулагдсан, олон улсын цолтой (CMC) зургаа, дотоодын цолтой (MCMC) 40 гаруй зөвлөхтэй хамтран ажиллаж байна. 2017 онд Олон улсын менежментийн зөвлөхүүдийн институтийн 51 дэх гишүүнээр элсэж, НҮБ-ын зөвлөх статустай болсон. Дотооддоо бид зөвлөхүүдийг бэлтгэх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, зөвлөх хүний ёс зүй, арга барилыг сайжруулахад анхаарч ажилладаг. Харин үйлчлүүлэгчдэдээ өнгөрсөн есөн жилийн хугацаанд стратеги болон маркетинг, хүний нөөц, ERP буюу цахим мэдээллийн систем, бизнесийн үйл ажиллагаа, санхүү болон бичил санхүү зэрэг чиглэлийн зөвлөгөө үзүүллээ. 

- Зөвлөх үйлчилгээний талаар уншигчдад ойлголт өгөхгүй юү?

- Энгийнээр тайлбарлахад, эмч нар аливаа өвчнийг оношинд үндэслэн уг үндсээр нь эдгээн илааршуулдаг шиг зөвлөх үйлчилгээ нь бизнес эрхлэхэд үүсдэг гол асуудлуудыг тодорхойлж удирдлага, дунд шатны менежерүүд болон ажилтнуудтай хамтран шийдвэрлэхийг хэлж байгаа юм. Түүнчлэн зөвлөх үйлчилгээ богино хугацаанд бага зардлаар ашигтай ажиллах боломжийг аливаа байгууллагад бий болгож чаддаг.

ММЗИ-ийн анхаардаг гол чиглэлүүдийн нэг нь бизнесийн байгууллагын удирдлагуудын ур чадварыг нэг шатаар ахиулах. Улмаар удирдлага, ажилтнууд компанийн бодлого, зорилго, зорилтуудыг зөв тодорхойлж байгууллагын урт болон дунд хугацааны төлөвлөгөө зүгширснээр зөвлөх хүний хувьд ажил цэгцэрч байгаа нь тэр. 

- Ковид-19 цар тахлыг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй байлаа. Энэ цаг үед бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна?

- Бизнесүүд коронавирусээс шалтгаалан санхүүгийн хувьд тодорхой хэмжээний хүндрэлтэй тулгарч, ажилчдын тоогоо багасгах, амралтын хугацааг нэмэх тохиолдол ажиглагдаж байна. Нөгөө талаараа түр амсхийгээд бодлого, чиглэлээ оновчтой тодорхойлох боломж гэж харж байгаа нь ч бий. Яагаад гэвэл олон жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн бизнесийн үйл ажиллагааг тэр бүр дүгнээд байх боломжгүй. Зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг тэр бүр мэдэхгүй, сонирхохгүй тал урьд нь байсан л даа. Харин цар тахлын үед зөвлөх үйлчилгээний эрэлт нэмэгдэх хандлагатай болж ирсэн. 

ММЗИ-ээс 13 аймгийн бизнес эрхлэгч, удирдлагуудтай хамтран бизнесийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэсэн туршлага, мэдлэг солилцох онлайн хурал уулзалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Тухайлбал, онлайн програм ашиглан эрсдэлийг үнэлэх, түүнийг бууруулах аргачлал гэх мэт эрсдэлийн менежментийн сургалтуудыг харилцагч нартаа тодорхой давтамж, үе шаттайгаар зохион байгуулаад байна. Цар тахлаас өмнө бизнесийн эрсдэлийг ихэнх байгууллага тэр бүр тоодоггүй байсан бол цаг үе маань зайлшгүй тооцож ажиллахыг сануулж байна шүү дээ. Санхүүгийн хувьд компаниудад бизнес төлөвлөгөөнд байгаа зарим зардлыг танах болон хойшлуулах боломжийн талаар санхүүгийн зөвлөхүүд маань анхаарч байгаа. Гэхдээ Ковид-19 цар тахал хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй учраас учирч болох эрсдэлийг болж өгвөл хамгийн бага алдагдалтайгаар давж туулахын төлөө хамтдаа ажиллацгаая гэж уриалмаар байна. 

- ХААН Банк танайхтай өргөн хүрээнд хамтран ажилладаг гэж сонссон? 

- ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн хамт олонтой хамтран тус банкны бизнес эрхлэгч харилцагчдын менежментийн ур чадварыг сайжруулах, ялангуяа цар тахлын үед тэднийг дэмжих чиглэлээр нягт холбоотой ажиллаж байна. Энэ хүрээнд “Сорилтыг хамтын хүчээр” уриан дор B2B хэлэлцүүлгийг хоёр удаа цахим хэлбэрээр хийлээ. Орчин үеийн технологийн дэвшлийн тусламжтайгаар зөвхөн Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутаг дахь бизнес эрхлэгч 200 гаруй харилцагчийг тус хэлэлцүүлэгт хамруулж, цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед бизнесээ оновчтой удирдах, боломжийг олж харах, аль болох хохирол багатайгаар даван туулах зэрэг чиглэлээр мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэсэн.

Бизнесээ тогтвортой авч явах, стратегийн хүрээнд удаан хугацаанд оршин тогтнох, эрсдэлийн удирдлага болон хүний нөөцөд зориулсан сургалт олгох чиглэлээр ХААН Банктай хамтарч олон үйл ажиллагаа явуулсны нэг нь энэ юм. Цаашдаа хөдөө орон нутагт байгаа бизнес эрхлэгчдийг дэмжихийн хажуугаар зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулах үүднээс B2B хэлэлцүүлгийг орон нутагт тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн.

- Бизнесийн байгууллагууд зөвлөх үйлчилгээ авснаар ямар үр дүнд хүрдэг вэ?

- Зөвлөх үйлчилгээ үр дүнтэй байх нь зөвлөхөөс 50 хувь, ажилтнууд болон удирдлагуудын хамтын оролцооноос үлдсэн 50 хувь нь хамаардаг. Зөвлөх үйлчилгээний үр дүн нь өнөөдөр гарахгүй ч ирээдүйд заавал бий болж, удаан хугацаанд оршин тогтнох үйл ажиллагааны чиг нь болдог юм. Бодит жишээ дурдахад, хамтран ажилласан зарим байгууллагынхаа борлуулалтын орлогыг жилийн дотор 2 тэрбум төгрөгөөр нэмсэн үзүүлэлтүүд бидэнд бий. Бизнесийн зөвлөх үйлчилгээнээс үр дүн хүртсэн компаниуд зөвлөх үйлчилгээг нэг төрлийн хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харж үргэлжлүүлэн өөр, өөр чиглэлээр дахин авдаг л даа. Удирдлагын ур чадвараар эхэлсэн бол цаашлаад хүний нөөц, санхүү эсвэл маркетингийн зөвлөгөө авч эхэлдэг. 

-Хамтын зөвлөх үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

- ММЗИ нэг компанийн үзүүлэлтийг сайжруулахын тулд олон төрлийн зөвлөхүүд хуваарилах бодлого баримталдаг бөгөөд үүнийг хамтын зөвлөх үйлчилгээ гэж нэрлээд байгаа юм. Хамгийн анх бид 2014 онд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг, хүнсний болон гоо сайхны бараа борлуулагч компанид дээрх туршилтыг хийж байлаа. Тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалт болон ажиллах үйл явц, барилга байгууламжийн нэгтгэл, дээрээс нь ажилчдад байх ёс зүй, ур чадвар, удирдах албан тушаалтны ажиллах арга барилд нь зөвлөх үйлчилгээг зэрэг үзүүлсэн. Ямар нэг төрөлд баригдаагүй гэсэн үг. Үр дүн нь жил орчмын дараа гарч борлуулалтын орлого нь 40 хувиар нэмэгдсэн юм. Хамтын зөвлөх үйлчилгээг бид ингэж л эхэлсэн. Жишээлбэл, нэг төрлийн бизнест таван өөр төрлийн зөвлөхүүд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа тав дахин бага зардлаар, тав дахин их хүчээр тав дахин бага хугацааг зарцуулж байгаагаараа онцлогтой. 

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа, амжилт хүсье. 

Б.Сувдаа

 

Бусдад түгээх
  • gplus