Л.Бямбаханд: ''Xудалдааны дайн''-аас Вьетнам хамгийн их ашиг хүртэж байна

Дэлхийн хүчирхэг хоёр гүрэн АНУ, Хятадын харилцаа сүүлийн үед хурцдаж байна. Энэ талаар Олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандтай ярилцлаа. 


-АНУ, Хятад улс  саяхан хоёр улс дахь консулын газраа хаалаа. Энэ хоёр улсын харилцаа гэнэт яагаад ийм байдалд орсон юм бол. Ер нь консулын газраа хаасан нь ямар үр дагавартай вэ?

-АНУ, Хятад улсын харилцаа сүүлийн үед хурцдах болсон нь олон улсын харилцааны суурь асуудалтай холбоотой. Өнөөгийн олон улсын харилцаанд АНУ цорын ганц тэргүүлэгч их гүрэн. Үүнийгээ хадгалахыг хүсч байгаа. 

Харин Хятадын хувьд 1970-аад оноос эдийн засгийн шинэчлэл хийснийхээ үр дүнд хурдацтай хөгжсөн. Эдийн засгийнхаа хувьд хүчтэй болоод ирэхээр олон улсын харилцааны өнөөгийн дэг журмыг өөрсөддөө ашигтайгаар өөрчлөх сонирхолтой болж байна. Энэхүү ашиг сонирхлын зөрчил нь худалдааны дайн, консулын харилцаа хурцдах зэргээр илэрч байгаа юм. “Ковид-19”-ийн эсрэг вакцин  үйлдвэрлэх ажил АНУ-ын лабораториудад явагдаж байгаа.

 Үүнтэй холбоотойгоор технологийн нууцыг нь Хятад зохион байгуулалттайгаар хулгайлах гэж оролдсон гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хятадын Коммунист нам бол АНУ-ын төдийгүй Европын оюуны өмчийг хулгайлж байгаа нь олон мянган хүний ажлын байртай холбоотой  чухал асуудал. Тиймээс бид эдгээр хүмүүсийн ажлын байрыг хадгалж үлдэж эдийн засаг, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Хятадын эсрэг арга хэмжээ авах ёстой” гэж мэдэгдсэн. Гэхдээ одоогийн байдлаар Хятадын хоёр иргэн вакцины нууцыг үнэхээр хулгайлсан эсэхийг бид хэлэх боломжгүй юм. Энэ маргааныг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой хэмээн зарим судлаач үзэж байна.  Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа “Ковид-19”-тэй үр дүн муутай тэмцэж байгаагаас дотооддоо багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Тиймээс дотоод асуудлаасаа ард иргэдийнхээ анхаарлыг холдуулахын тулд Хятадыг буруутгаж, Хятадын “хөзөр”-ийг ашиглах ийм оролдлогыг хийж байж магадгүй. Энэ нь Д.Трампын захиргаа ирэх сонгуульд улс төрийн давуу тал олж авах гэсэн оролдлого хэмээн судлаачид тайлбарлаж байна. 

-Консулын газрыг хаасантай холбоотойгоор Хятад АНУ-ын дөрвөн албан тушаалтныг улсад нь нэвтрэхийг хориглочихлоо. Харин Д.Трамп Хятадын Коммунист намын гишүүдэд аялалын хориг тавина гэж мэдэгдсэн. Тэгэхлээр хоёр улсын улс төрчид нэг нэгэн рүүгээ айлчлах боломжгүй болчихвол яах вэ?

-АНУ-ын зүгээс Хятадын зарим албан тушаалтанд хилийн хориг тавьсан нь Хятадын Шинжаан мужид амьдардаг ислам шашинтай Уйгур гаралтай нэг сая гаруй иргэний эрх зөрчигдөж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Америкийн аялалын хоригийн хариуд, Бээжин АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марко Рубио, Тед Круз, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Крис Смит, Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сэм Браунбак нарыг Хятад руу нэвтрэхийг хориглосон. Гэхдээ энэ хориг ач холбогдол багатай. Хоёр талаас хоригт хамрагдсан хүмүүс нь АНУ, Хятад руу зорчихгүй байлаа гэхэд хохирох зүйл багатай. Жишээ нь хоригт хамрагдсан хүмүүст Хятадад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй учир Хятад руу нэвтрэх онцын шаардлага байхгүй гэхэд болно. Хятадын “хар жагсаалт”-нд орсон энэ дөрвөн албан тушаалтан Хятадын талаар илэрхий шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлдэг. Жишээ нь Тед Круз энэ оны тавдугаар сард Хятадтай холбоотой гурван төслийг санаачилсан. Үүнд коронавирустай холбоотой мэдээллийг гадагш гаргахгүй гэсэн санал гаргасан хятадын албан тушаалтнуудад хориг тавих хуулийн төсөл багтаж байгаа. Мөн “Хятад одоо болон ирэх зуунд Америкт заналхийлж буй хамгийн хөнөөлтэй геополитикийн аюул” гэж зарласан.  Иймээс энэ дөрвөн хүнийг “хар жагсаалт”-даа оруулсан юм. Харин АНУ Шинжааны асуудалд оролцсон гэсэн шалтгаанаар хятадын албан тушаалтнуудад хориг тавьсан.

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Лондонд төрийн айлчлал хийх үеэрээ бусад улс орнуудыг Хятадын эсрэг хийж буй худалдааны дайнд нэгдэхийг уриалсан. Тэгэхээр энэ хоёр гүрний маргаанаас үүдээд дэлхий хоёр хуваагдах эрсдэл бий юу?

- Хоёр их гүрэн зөрчилтэй байгаа тохиолдолд холбоотон, түнш улсуудаа зөрчилдөө ашиглах тохиолдол дэлхийн түүхэнд байдаг. АНУ дэлхийн хамгийн олон улстай түншийн харилцаатай улс учраас энэ  маргаанд холбоотон улсуудаа оролцуулах сонирхол бий. Тиймээс  хүний эрхийг дээдэлдэг орнуудыг нэгдэхийг уриалсан. Д.Трампын засаг захиргаа Хятадаас гадна Канад, Япон, Туркт гээд цөөнгүй улстай “худалдааны дайн” зарлана хэмээн заналхийлсэн. Гэхдээ өнөөгийн байдлаар Хятадтай хийж буй “худалдааны дайн” илүү анхаарал татаж байна. Худалдааны дайн АНУ, Хятадын алинд нь сөрөг нөлөөтэй байгаа талаар эдийн засгийн тооцоо хэдийнэ гараад байна. Зарим судалгаагаар, худалдааны дайн Хятадад илүү их сөргөөр нөлөөлж байна. Учир нь Хятад экспортод түшиглэсэн эдийн засагтай, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ихэнх хувийг гадаад руу экспортолдог орон. Европын зах зээлд Хятадын бараа бүтээгдэхүүний борлуулалт сайн байдаг боловч АНУ-ын зах зээл маш чухал. Тиймээс худалдааны дайн хятадын эдийн засагт илүү их хор нөлөө үзүүлсэн байх магадлалтай. 

-Бусад улс орон энэ дайны нөлөөг  хэрхэн хүртэж байгаа вэ? Худалдааны дайнаас ямар улс илүү их хожиж байна вэ?

-Хоёр их гүрний энэ зөрчлөөс хамгийн их ашиг олж байгаа орон нь Вьетнам улс юм. Учир нь АНУ, Хятадтай харилцаа нь хурцдаж, хориг тавихаар нь Вьетнамаас бүтээгдэхүүнээ худалдан авч, үйлдвэрлэл нь сайн хөгжиж байгаа юм. АНУ-Хятадын худалдааны нөлөөгөөр Вьетнамаас авах Америкийн импорт нэмэгдсэнээр тус улсын ДНБ 7.9 хувиар өссөн байна хэмээн Японы Номура санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компани тооцоолсон.Даяаршлын нэг гол үзэл санаа нь ямар нэгэн татваргүйгээр улс орнууд хоорондоо бүтээгдэхүүн чөлөөтэй солилцоход оршдог. Гэтэл энэ хоёр улсын зөрчил даяаршлын цаашдын үйл явцад сөрөг нөлөө үзүүлж байна. 

-Хоёр улсын харилцаа худалдааны дайн гэлтгүй олон салбарт хэцүүдлээ. Цаашид хоёр гүрний харилцаа хэрхэн өөрчлөгдөх төлөвтэй байна вэ. Харилцаа нь яаж ч муугаар өөрчлөгдсөн зэвсэгт дайн болохгүй гэсэн баталгаа бий юу?

-Үүнийг олон улсын харилцааны онолуудаар тайлбарлах нь зөв байх.  Худалдааны дайн хурцадвал энэ хоёр улс мөргөлдөөнд орох уу гэдэг асуудал Ерөнхийлөгч асан Б.Обамагийн үеэс яригдаж эхэлсэн. МЭӨ 499-449 оны хооронд Грекийн хоёр хүчирхэг Афин, Спарта гэсэн хоёр улс холбоотон болоод Грек-Персийн дайнд Персийн эсрэг тулалдаж ялсны дараа хоёр гүрэн хоёулаа хүчирхэг болсон. Ингэснээр бие биенийхээ зорилго, үйлдлийг буруугаар ойлгож, нэг тал нь нөгөөгөө халдан түрэмгийлнэ хэмээн буруу тооцоолсон. Үр дүнд нь “Пелопоннесын дайн” дэгдсэн. Үүнээс хойш олон улсын харилцаанд “Фукидидын хавх” гэдэг ойлголтыг ярих болсон. Энэ нь аль нэг их гүрэн нөгөө их гүрнийхээ үйл­дэл, зорилгыг буруу тоо­цоолс­ноор  “үхлийн хав­ханд унадаг” гэсэн үг юм. 

Сүүлийн 500 жилийн түүхэнд шинээр хүчирхэгжин мандсан улсууд олон улсын харилцааны статусыг хадгалагч гүрний байр суурийг буулгаж авах гэсэн оролдлого 16 удаа гарсны 12 нь дайнаар дууссан. Жишээлбэл, Испани Португалийг их гүрний байр сууринаас нь буулгасан бол Испанийг Их Британи, Их Британийг АНУ олон улсын харилцааны “хаан ширээ”-нээс нь түлхэн унагаж, дэлхийн их гүрэн болсон түүхтэй. Хэрвээ өнөөдөр Фукидид амьд байсан бол АНУ, Хятад хоёр дайн зарлах нь гарцаагүй гэж хэлэх байсан. Гэхдээ бид цаг үедээ нийцүүлэн энэ асуудалд хандах хэрэгтэй. Тиймээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ, Хятад хоёр “Фукидидын хавх”-наас зайлсхийж дайн үүсгэхгүйгээр харилцах шинэ төрлийн их гүрнүүдийн “Их-2”-ын харилцааг 2015 онд санал болгосон.  Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар ч дэмжсэн. Гэхдээ Д.Трампыг ерөнхийлөгч болсноос хойш Хятадын зүгээс АНУ-ын талаар илэрхий дайсагнасан байр суурийг илэрхийлэх болсон. Ерөнхийлөгч Д.Трампын 2017 онд гаргасан Үндэсний аюулгүй байдлын стратегид ОХУ болон Хятадыг дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчлөхийг зорьж, улмаар АНУ-ын ашиг сонирхолд заналхийлж буй өрсөлдөгчид хэмээн тодорхойлсон. Ингэж  шууд зарлаж байсан тохиолдол байдаггүй. Энэ нь хоёр улсын харилцаа хурцадмал байдалд орсны илрэл юм. Гэхдээ хоёр улсад “Фукидидын хавх”-наас зайлсхийж, шинэ төрлийн их гүрнүүдийн харилцааг хөгжүүлэх боломж бий. 

-Манай улс экспортын бүтээгдэхүүний хувьд Хятадаас хамааралтай учраас  хоёр гүрний хурцадсан харилцаа манай улсад хүчтэй нөлөөлөх үү?

-Манай улсын худалдааны хамгийн том түнш бол Хятад улс болоод байна. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь Хятад руу гардаг. Коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлдээ ашиглахын тулд Хятад манайхаас экспортолдог. Гэтэл Хятадын гангаа нийлүүлдэг гол зах зээлийн нэг нь АНУ юм. Тэгэхээр АНУ ган авахаа больвол нүүрсний борлуулалт багасна гэсэн үг. Хятадын үйлдвэрлэл буурвал манай түүхий эдийн борлуулалтад ч нөлөөлнө.  Нөгөө талаар, хоёр их гүрний харилцаа хурцдах нь манайх шиг жижиг улсад хүндрэлтэй байдлыг үүсгэж болзошгүй. Янз бүрийн тулгалтууд ирэх магадлалтай. Тиймээс энэ сөрөг нөлөөллийг яаж хор хохирол багатайгаар даван туулах вэ гэдэг талаар судалгаа хийх нь чухал юм. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-08-20 07:54:21
    Мундаг байна аа... болж байна.
    162.158.165.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Shinjeech 2020-08-04 13:30:32
    Ishshshsh chaavaas iimerhuu yumnuud l dugnelt hiigeed suujiidag geheer huh ineed hurhiimaa iim olgoi tolgoitnuud gadaad yaamaar duuren biz
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-08-04 11:08:28
    Hyatagtai,hyatadgui Mongol amidarsaar irsen,harin oorsdiin uildveree hogjuuleh bolomj irne
    108.162.219.127
    Мэдэгдсэн Хариулах
    • IT HAA, Travel 2020-08-04 15:05:00
      uildvereer ter tusmaa hund uildvereer bid hezeech hogjihgui. aylal juulchlal HAA, software geh met transit teeverees ul hamaarah salbaraar l hogjih bolomjtoi
      172.69.252.135
      Мэдэгдсэн Хариулах
  • үүд хаалга нээгээд өгсөн ч үзэж харах хү 2020-08-04 03:46:08
    Трампад өөр улсын асуудал ямар хамаа байна аа? Удахгүй задрах гэж байгаа энэ улс өөртөө л "өстөн" бэлтгэж байна. Үүдэн 2 шүд унахын цагт үзэж харах хүнгүй бол...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах