Т.Бат-Эрдэнэ: Иргэд агаарын чанарын мэдээллийг гар утаснаасаа авдаг болно
Нийслэл хотод энэ өвлийн анхны  цас орж  хүйтний улирал ирснийг санууллаа. Энэ хэрээр өнөөх л утааны асуудал сөхөгдөж эхэллээ. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахаар өнгөрсөн гурван жилд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа бөгөөд эдгээр нь бодит үр дүн өгч байгааг албаныхан хэлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон өчигдөр  өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сэтгүүлчидтэй заниангүй уулзалт хийн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр  алабаны хүмүүсээс зарим асуултад хариулт авлаа.
 
-Агаарын чанарын мэдээг  иргэдэд хүргэхдээ ойлгомжтой нэр томъёо ашиглаж болох уу?
 
-Болно илүү ойлгомжтой болгох үүднээс ажиллаж байна.  Одоо агаарын чанарыг тодорхойлсон самбаруудыг сольж иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс ажлуудыг хийж байгаа.
 
-Иргэд агаарын чанарын мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болж байгаа гэж байсан энэ талаар тодруулж өгнө үү?
 
- Утаатай агаараар зөвхөн гэр хорооллын 185 мянган өрхийн хүн ам амьсгалдаггүй, орон сууцны 200 мянган өрх ч утаанаас ангид амьдарч чадахгүй байна. Иймд нийслэлд амьдарч буй 1,3 сая иргэндээ агаарын бохирдлын цаг тутмын мэдээлэл, эрүүл мэндээ хамгаалах арга зөвлөмжүүд хүргэх "Агаарын чанарын ухаалаг хяналтын систем" нэвтрүүлээд байна.Хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгийн автобусны буудлуудад агаарын чанарын мэдээг LED дэлгэцээр мэдээлж, www.agaar.mn сайтад агаарын бохирдолтой холбоотой бүх мэдээллийг нэгтгэсэн, удахгүй ухаалаг утасны аппликэйшнээрмэдээлэл хүргэхээр ажиллаж байна.Үүний үр дүнд иргэд гэрээсээ, гар утаснаасаа, гудамжнаасаа агаарын бохирдлын бодит мэдээллийг авч, эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бүрдэнэ.
 
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил хэдэн төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн бэ?
 
-Байгаль орчны багц хуулийг шинэчилснээр экологийн аливаа бохирдолтой тэмцэххөрөнгийг улсын төсвөөс биш бохирдуулагчдаас хураасан татвар, төлбөр хураамжаар бүрдүүлэх болсон.Бохирдуулагч нь төлбөр төлөгч байх энэ зарчмын дагуу түүхий нүүрс түлдэг станцууд, автотээврийн хэрэгсэл, органик уусгагч импортлогчдоос төлбөр авч, агаарын бохирдол бууруулах үйл ажиллагаанд буцаан зарцуулдаг болсон юм.Засгийн газрын энэ чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх нэгж нь Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан” юм.
“Цэвэр агаар” сангаас энэ онд 20,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг холбогдох төсөл, хөтөлбөрүүдэд олгоод байна. Ажлын гүйцэтгэлээс хамааран хүлээгдэж буй санхүүжтилтийг энэ ондоо багтааж олгоно. Мөн хөрөнгийн зарцуулалтыг www.tseveragaar.mn сайтад ил тод мэдээлж байгаа. Сангийн хөрөнгөнөөс ямар компанид ямар зорилгоор шилжүүлэг хийсэн гэх мэт сонирхсон бүх  мэдээллийг  дэлгэрэнгүй харж болно.
 
- Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нам даралтын зуухаар ажилладаг 2000 гаруй аж ахуйн нэгжүүдэд зургаан сард шаардлага хүргүүлж байсан. Энэ шаардлагын хэрэгжилт ямар байгаа вэ?

-Улаанбаатар хотын зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 2000 гаруй аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн биелэлтийг хамтран шалгаж байна. Хэрвээ шаардлагыг хангаагүй байвал Агаарын тухай хууль, Төрийн хяанлт, шалгалтын тухай хуульд заасан санкцийн дагуу торгууль тавина. Үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авах бүрэн боломжтой. Одоогоор яг батлагдсан хууль, стандартынхаа хүрээнд л ажиллая. Байгаа стандартуудаа хатуу мөрдүүлээд, сайжруулаад л явъя гэж байгаа юм. Тэгэхгүй бол хэн хэнийхээ толгойг илээд явах зүйл биш. Энэ бол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх. Миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байгаа. Иргэн өөрөө эрхтэй байгаа бол нөгөө талдаа үүргээ хүлээх ёстой. Аж ахуйн нэгжүүд ч бас ялгаагүй.

-Айл өрхүүдэд утаагүй зуух, утаагүй түлш түлүүлнэ гэлээ. Мэдээж утаагүй зуух хэрэглэ гэж байхыг бодоход энэ зуухны яндангаас гарах утааны стандарт байдаг байх. Ер нь энгийн зуух нь арай их утаа гаргавал торгох ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авах уу?

-Сайжруулсан зуух, түлшийг зөв хэрэглээд явахад нийт бохирдлыг 100 хувь гэж үзэхэд тэрний 80 орчим хувийг нь бууруулдаг. Харин энгийн зуухнаас 100 хувь шахуу бохирдол гардаг. Хэрвээ сайжруулсан зуухаа зөв хэрэглээд явбал агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийн олон улсын байгууллагууд тогтоочихоод байна. Тэгэхээр нийслэл, манай хороо хамтраад Улаанбаатар хотын бүх айлыг 100 хувь сайжруулсан зуухаар хангах хандлага руу явж байна. Маргаашийн дотор хангачихгүй, асар их ажил байна.  Дээр нь сайжруулсан түлшний үйлдвэрлэлүүдийг дэмжих, их хэмжээгээр сайжруулсан түлшийг оруулах чиглэлээр ажиллаж байна.

-Сайжруулсан түлшний хувьд хангалттай үйлдвэрлэгдэж чадахгүй байгаа энэ юунаас болоод байна вэ? Энэ жилийн хувьд Нийслэлийн хэдэн хувийг утаагүй түлшээр хангах вэ?

-Сайжруулсан зуух, сайжруулсан түлшин дээр зөв галлагаа нэмбэл Улаанбаатарын утаа багасна. Гэтэл бодит байдал дээр сайжруулсан түлшний бодлого сайнг үй байгаа нь үнэн. Өмнөх Засгийн газрын үед тендер зарлаж, жилд 210.000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ДЦС II-ын дэргэд “Аморе интернэшнл” компани байгуулсан. Тус компани гэрээний дагуу хугацаандаа үүргээ биелүүлсэн бол Улаанбаатар хотын айлуудын гуравны нэгийг сайжруулсан түлшээр хангах боломжтой байв. Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн айлуудыг сайжруулсан түлшээр хангачихна гэсэн үг. Харамсалтай нь уг үйлдвэрийг өдий хүртэл ашиглалтад оруулсангүй. Олон удаа шалгаж, шинжээчдийн дүгнэлт гаргуулахад технологи нь алдаатай байсан. Сайжруулсан түлшний үйлдвэрүүдэд татаас өгч, ажиллуулж байсан өнгөрсөн үеийн жишгийг халж, одоо дахиж мөнгө завшуулахгүй. Харин бодлогоор дэмжинэ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо төсвөөс хөрөнгө гаргуулан, сайжруулсан түлшний үйлдвэрлэлд оролцохг үйгээр хувийн хэвшлийн хөрөнгөөр, тэдний санаачилгаар сайжруулсан түлшний зах зээл бий болгох зорилготой. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 30 орчим компанийн төлөөлөлтэй уулзаж, бодлогоор хэрхэн дэмжихээ ярилцсан. Одоогоор гурван аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах гэрээтэй ажиллаж байна. Нэг нь үйлдвэрээ байгуулсан. Хоёр нь арваннэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулна. Үүн дээр нэмж, 2-3 аж ахуйн нэгж туршилт судалгаа хийгээд явж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн бүх тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж байгаа. Зарим аж ахуйн нэгжид үйлдвэр байгуулах газар олгох зэргээр шийднэ. Мөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихвэл агаарын чанарын тусгай бүс тогтоон, тэнд түүхий нүүрс зарахыг хориглон, зөвхөн сайжруулсан түлш худалддаг болгох юм. Харамсалтай нь бидний хүссэн шиг сайжруулсан түлш үйлдвэрлэхг үй байна. Нарийн технологитой, бүхэл бүтэн үйлдвэрлэлийн асуудал учир өнөөдөр яриад маргааш бүтээхгүй л дээ. Сайжруулсан түлш үйлдвэрлэж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тодорхой түвшинд бие даан, нэлээд туршлагажиж, ирэх жил, түүний дараагийн жил нийслэлийн айл өрхийг түлшээр хангаж чадна гэж харж байгаа.

-Сайжруулсан зууханд олгодог татаасыг энэ жилээс багасгаж байгаа. Өмнө нь 93 хувийн хөнгөлттэй үнээр авч байсан бол энэ жил 66 хувийн хөнгөлттэй үнээр авахаар болж байх шиг байна. Тэгэхээр энэ нь хэрэглэгчдэд нэлээд өндөр тусч мэдэх юм?

-Түрүү жилийн халаалтын улиралд Дэлхийн банк, “Цэвэр агаар” сангаас 29700 айлд бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулсан. Өмнө нь нийлүүлэгч компаниудад зуухны үнийн 93 хувийг татаас хэлбэрээр өгдөг байсан бол энэ жил Үндэсний хороо ярилцаж байгаад, Бохир зуухны холбоо, Сайжруулсан зуухны холбооноос тавьсан саналыг харгалзаж үзээд 93 хувийн татаасыг 66 болгоё, гэхдээ түр үү жил зуух болгонд үнийн дүнгийнх нь 93 хувийг өгдөг байсан бол энэ жил бүх зууханд адилхан 66 хувийн татаас өгье гэсэн. Нэг зууханд Дэлхийн банк, “Цэвэр агаар” сангаас 256.000 төгрөгийн татаас өгөхөөр болсон. Үндэсний үйлдвэрээ дэмжих бодлого барьж байна. Өмнө нь Турк, Хятадаас сайжруулсан зуух оруулж ирээд 456.000 төгрөгийн 400.000 орчмыг нь татаасаар аваад явчихдаг байлаа. Түрүү жил бид гуравхан төрлийн зуух зарсан бол энэ жилээс найман янзын зуух борлуулна. Тэр дунд гаднаас оруулж ирсэн, үнээ хямдруулахгүй байгаа компаниудын, өндөр үнэтэй зуух ч бий. Тэрэнтэй яг адилхан, үндэсний үйлдвэрийн зуухаа 15.000-60.000 төгрөгөөр хэрэглэгчид өгнө. Иргэд сонголтоо өөрсдөө хийг. Бохир зуухны холбооныхон зуухаа сайжруулаад, Дулааны технологи, үйлдвэрлэл экологийн лабораторид шалгуулж, шинжлүүлэхэд тэнцсэн. Аравдугаар сарын 3-наас худалдаж эхэлнэ. Нэг ижилхэн татаасыг бүгдэд нь олгосноор зах зээлд үндэслэсэн өрсөлдөөн бий болно. Өмнө нь бол төрийн оролцоотой бизнес шахуу зүйл хийлээ шүү дээ. Тэр компаниуд энэ жилээс дотоодын үйлдвэрүүдтэй өрсөлдөхийн тулд үнээ хямдруулах шаардлагатай болж байгаа.

-Зуухны үнээс харж байхад үндэсний үйлдвэрлэгчийн зуух хамаагүй хямд байна л даа технологийн хувьд гаднаас орж ирж байгаа зуухнаас ялгаатай юу?

-Зах дээр зарж байгаа уламжлалт зуухны үнэ 150.000 төгрөг. Үүнийг хашаандаа, байшиндаа гагнаж хийдэг хүн маш олон бий. Манай шаардлагад тэнцсэн компани тэдэнд зуух үйлдвэрлэх технологио өгье гэж байгаа. “Та нар хуучин зуухаа үйлдвэрлээд хэрэггүй. Наад төмрөөрөө энэ технологиор сайжруулсан зуух үйлдвэрлэ. Бөөнөөрөө нэг патенттай, шошготой зуух үйлдвэрлэж, утааны эсрэг дайнд цугтаа мордъё” гэж байгаа юм. Аминдаа л бид үндэсний технологио хөгжүүлэхээр зүтгэж байна. Тэд хийж л чадвал сайжруулсан зуухны хэрэгцээ маш их бий. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид энэ тал дээр нэгдэж байгаа нь том давуу тал болж байна. Бид худалдаанд гаргасан энэхүү зуухнуудаа маш сайн шалгаж үзсэн. Тиймээс зах зээлд борлуулахаар болсон. Дотоодод үйлдвэрлэсэн эдгээр зуухнууд технологийн хувьд ямар ч асуудалгүй. Импортоор орж ирж байгаа зуухнуудаас үнийн хувьд хямд байгаа нь дотооддооо хямд зардлаар бүтээсэнтэй л  холбоотой. Иймээс цаашид үндэсний үйлдвэрлэгчдийгээ дэмжих бодлого барин ажиллаж байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.