Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар бүртгүүлж болно.

Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд нэгдүгээр ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулсан бөгөөд энэ хичээлийн жилээс нийслэлийн төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/36 тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм.

2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байгаа аж.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.