Парламент хүчирхийллийн эсрэг тэмцэнэ

УИХ ээлжит бусаар чуулж төсөвт тодотгол хийнэ гэсэн хүлээлттэй шинэ  сар эхэлж байна. Гэхдээ эрх баригчид өмнө нь төсөв тодотгох шаардлагагүй гэж мэдэгдэж байв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  ч ийм мэдээлэл өгч байсан. Энэ удаа  “COVID-19”-тэй холбоотой  төсвийг заавал тодотгоно, том өөрчлөлт гарахгүй гэлээ. 

УИХ энэ сарын 17-нд ээлжит бусаар чуулна 

Улсын төсөв  2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан. Тухайн үед МАН эрх барьж барьж, УИХ-д 64 суудалтай байсан. Өнөөдөр энэ байдал хэвээр үргэлжилж байгаа юм. Тиймээс  төсвийн тодотголыг ээлжит бус чуулган зарлаж батлах ч  том  өөрчлөлт  орохгүй. Төсвийн хөрөнгө оруулалт, батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээр явна. Харин зарлагдаагүй, санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд орно гэжээ.  Нөхцөл байдлыг авч үзвэл МАН дэд  сайд, зарим агентлагийн  орон тоог бууруулсангүй.  Нэгийг дэвшүүлж, нөгөөг томилох, эсвэл ээлж солих байдлаар халаа сэлгээ хийж байна. Коронавирус дэлхий даяар тархсантай холбоотойгоор тэвчиж болох  зардлыг тэвчсэн, хэмнэлтийн горимд шилжсэн юм алга. Ямартай ч төсөв тодотгож, санхүүжилтийн асуудлыг ярих чуулганы тов энэ сарын 17-нд гарчээ. 

Г.Солтан ЖДҮ-ийн хэргээр ял авлаа 

Өнгөрч буй зун шүүхийн практикт шинэ хуудас нээв. Шүүх засаглал  улс төрд нөлөөтэй эрхмүүдтэй холбогдох шүүх хурлуудаар давалгаалж буй юм. Өнгөрсөн долоо хоногт   УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох шүүх хуралдаан  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.  Учир нь Нийслэлийн прокурорын газраас  улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан түүнд  яллах дүгнэлт үйлдэж, зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлээд байсан юм. Шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, экс гишүүн  Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь шүүхээр ийнхүү  тогтоогдлоо. 

Д.Дамба-Очирыг цагдан хорино

ЖДҮ-ийн асуудлаар бас нэг  хүн ял сонсоход бэлэн болсон нь Д.Дамба-Очирыг хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Түүнийг ЖДҮХГ-гаас   “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэрэгт холбогдох байгуулллагууд хоёр жил шалгасан. Өнгөрсөн баасан гаригт  шүүх хурал товлогдоод байсан  ч шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй учраас   шүүх хуралдааныг энэ  сарын 12-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Улмаар шүүхээс Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

М.Энсайханы ялыг хэвээр үлдээлээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 4.6 жилийн хорих ял оноосон. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Давж заалдах шатны шүүхээс  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  түүнд оноосон ялыг хэвээр үлдээжээ.

 Шүүхээс М.Энхсайханыг “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55 сая төгрөгөөр илүү үнээр буюу 130 сая төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр ялласан юм.

Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгууллаа

УИХ-д сонгогдсон  эмэгтэй гишүүдийн зүгээс  гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудалд анхаарч ажиллаж ирсэн туршлага бий. Энэ удаа хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг албан ёсоор байгуулжээ.  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нэр бүхий гишүүдийн хамтаар УИХ дахь “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг байгуулснаа зарлалаа.Түүний хувьд  нийгмийн сайн сайхны төлөө цөөнгүй ажлыг санаачлан хэрэгжүүлж, үр дүнд хүрч байсан. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж хүүхэд, эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажлыг удирдан ажилласан туршлагатай нэгэн  юм. 

 “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэгч талбаруудад тулгамдаж буй асуудлыг судлан бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт өргөн хүрээнд ажиллахаар болжээ. Тус  бүлэгт  Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ц.Туваан нарын  гишүүд ажиллах юм байна.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ч.Зотол


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энхээ 2020-08-03 08:31:55
    Элбэгээ мэтийн хулгайчуудаа дийлэхгүй байж ахин хүчиндүүлж төсвийн мөнгөө алдав даа Гишүүдээ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-08-03 03:29:38
    УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн зүгээс гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудалд анхаарч ажиллаж ирсэн туршлага байхгүй ээ. мөнгө болгох гэж л ярьж байсан.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах