Гавана гайхамшигт долоон хотын нэг болох уу?

Швейцарийн New7Wonders сан Дэлхийн гайхамшигт долоон хотыг нэрлэхээр санал асуулга  явуулж байна. Хамгийн сонирхолтой нь хог новшиндоо дарагдсан, асфальтгүй, чулуун шигтгээн гудамжтай, байшин барилга нь хэт хуучирч нурах шахсан Кубын нийслэл Гавана хот сүүлийн шалгаруулалтад багтжээ. New7Wonders Cities шалгаруулалт 2012 онд эхэлж дэлхийн 220 орны мянга 200 гаруй хот дээр санал авч эхэлсэн юм. Гавана хот эхний мянга гаруй хотын дотор нэрлэгдэж байсан ч сүүлчийн 21-д шиг­шигдэж үлдэнэ гэ­дэгт хэн ч итгээгүй юм. Парис, Токио, Нью-Йорк, Лондон зэрэг дэлхийн соёлын томоо­хон нийслэл байж байхад гадаадын иргэд Гаванад юу үзэх юм бэ гэж олон хүн гайхаж магадгүй.

Тэгвэл Гавана нь саяхан Бразилын Сан-Паулу хотын хамтаар Аялал жуулчлалыг хамгийн ихээр татсан газраар шалгарчээ. 2014 оны “Аялал жуулчлалын шилдэг 10” хэмээх шилдэг ажилтан, компани, аялахад сайхан газрыг шалгаруулдаг арга хэмжээ ийнхүү Гавана, Сан-Паулуг шалгаруулсан байна.

Дэлхийн гайхамшигт долоон хот шалгаруулалт аравдугаар сарын 7-нд сүүлчийн шатандаа орж, арванхоёрдугаар сарын 7-нд дуусч эцсийн үр дүнг зарлах юм. Тус сангийн бусад төслийн адилаар шилдэг хотын төлөө санал өгөхдөө www.new7wonders.com сайтаар орж санал өгч болохоос гадна олон улс оронд гар утаснаасаа зурвас явуулж болох ажээ. Кубын Аялал жуулчлалын яам Facebook, Twitter сүлжээг ашиглан Кубад болон гадаадад амьдардаг иргэддээ хандан Гавана хотын төлөө санал өгөхийг уриалж байна. Гэвч Куба арал дээр интернэт асуудалтай байдаг тул Кубад амьдардаг иргэд тэр бүр саналаа нэмэрлэж чадахгүй бололтой.

Сүүлчийн шатны өмнөх шалгаруулалтад Бангкок, Барселона, Бейрут, Чикаго, Доха, Дурбан, Гавана, Стамбул, Куала-Лумпур, Ла Пас, Лондон, Мендоза, Мехико, Бомбей, Перт, Кито, Рекъявик, Санкт-Петербург, Сөүл, Шэнжэнь, Уиган хот үлдээд байна. Шинэ оны өмнөхөн эдгээрээс Дэлхийн гайхамшигт долоон хот тодрох юм.

New7Wonders сан 2007 онд Дэлхийн долоон шинэ гайхамшигийг тодруулахад Рио-де-Жанейро дахь Христосын хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Петрагийн хуучин хот, Андын нурууны орой дээрх инкүүдийн Мачу-Пикчу хотын туурь, Чичен-Итца пирамид, Ромын Колизей болон Таж Махал шалгарч байсан билээ. 2011 онд долоон гайхамшигт байгалийг тодруулахад Амазон мөрөн, Ха Лонг булан, Игаузу хүрхрээ, Жэжү арал, Комодо, Пуэрто Принсесагийн газар доорх гол, Меса уул шалгарчээ.
 

Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.