Б.Цогбаяр: Шантарч, няцаж байсан тохиолдол надад бол байгаагүй
Сонирхолтой, хүнд хэцүү, тэвчээр хатуужил шаардагддаг спорт гэвэл таны толгойд ямар спорт бууж байна вэ. Магадгүй хүн бүр өөрийн сонирходог спортоо нэрлэх биз ээ. Тэгвэл энэ удаад та бүгдийн төдийлөн сайн мэддэггүй  Parkour болон Freerunning спортын талаар мэдлэг мэдээлэл өгөх үүднээс тус спортоор хичээллэгч Hurgan Crew багийн тамирчин Б.Цогбаяртай ярилцлаа.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-За сайн байцгаана уу? Намайг Цогбаяр гэдэг. 21 настай. Hurgan crew багийн тамирчин. Parkour болон Freerunnig гэдэг спортоор хичээллэдэг. Энэхүү спортоор хичээллээд долоон жил болж байна.

 - Яагаад заавал Parkour болон Freerunning спортоор хичээллэх болсон бэ?

- Анх бол гоё сайхныг нь хараад хийх хүсэл төрж байсан. Илүү удаан хугацаагаар хичээллэх тусам яагаад шантралгүй энэ их хугацааг туулав гэдгээ бодож үзсэн. Бусад спорт шиг ямар нэгэн хэлбэрт баригдмал биш байсан. Жишээ нь гэвэл зарим спортод ямар нэгэн хэрэгсэл хэрэгтэй байдаг шүү дээ. Сагсан бөмбөг гэхэд бөмбөг хэрэгтэй. Бусад спортод ч гэсэн янз бүрийн хэрэгсэл шаардагддаг. Энэ спорт болохоор ямар нэг хэлбэрт баригддаггүй. Мөн ямар ч хязгаар үгүй. Өөрөө хичээгээд байвал төдий чинээгээрээ сайжраад байх боломжтой. Тийм учраас энэ спортоор хичээллэх болсон.

- Манай улсад энэ чиглэлээр зохиогддог тэмцээн уралдаан хэр их болдог вэ?

-Parkour спорт маань Дэлхийн гимнастикийн холбоонд албан ёсны спорт болон бүртгэгдсэн байгаа. Монгол улсын хувьд дэлхийн гимнастикийн холбооноос өгсөн зааврыг даган Монголын гимнастикийн холбоо Parkour-ын техникийн  хороо гэж байгуулсан. Үүний дагуу 2019 онд анхны хотын аваргын тэмцээнийг зохион байгуулсан байгаа. Үүнээс өмнө нээлттэй тэмцээнүүд жил алгасалгүй болдог байсан.

- Одоогоор Hurgan crew багт хичнээн тамирчин харьяалагддаг вэ? Танайхаас өөр баг гэж бий юу?

- Яг одоогоор энэ төрөлд идэвхитэй байгаа нь манай баг байна. Өөр багууд байдаг ч гэсэн идэвхи муутай байдаг. Манай багийн хувьд Parkour болон Freerunnig хийдэг таван гишүүн бий. Уг спортын хувьд идэвхитэй байдаг хүмүүс гэвэл 10 хүрэхтэй үгүйтэй л байгаа даа.

- Parkour болон Freerunnig  спортоор хичээллэх явцад хувь хүнд ямар ямар чадвар нэмэгддэг вэ?

- Уг спортоор хичээллэснээр бие бялдарын өв тэгш хөгжил, хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, тэсвэр, мэдрэмж болон гэнэтийн аюулаас зайлсхийх зэрэг чадварууд нэмэгддэг. Ерөнхийдөө тухайн хүн өөрийхөө биеийг 100 хувь контролдож чаддаг болно гэсэн үг.

 - Цогбаярын хувьд энэ спортоор хичээллээд хэдийн долоон жилийн нүүрийг үзжээ. Долоон жил гэдэг багагүй урт хугацаа. Тэгвэл энэ хугацаанд шантарч, няцаж байсан тохиолдол гарч байв уу?

- Долоон жилийн хугацаанд хүнд болон хөнгөн бэртэл маш их авч байсан. Бэртсэн шалтгаан гэх юм бол тухайн үед бид нарт агаар дээрх элементийг ингэж хий, тэгж хий гэж заавар зөвлөгөө өгөх хүн байгаагүй. Бичлэг үзээд түүнийгээ  дууриаж хийж байгаад бэртэж байсан тохиолдол олон бий. Одоо тэр үеэ давчихсан болохоор бид нарын бэртэл гэмтэл харьцангуй багассан. Хөнгөн бэртлүүдээ ер нь тоохоо больсон. Хүнд бэртэл гэх юм бол хагас жилийн хугацаанд бэлтгэл хийж болохгүй, гам барих ёстой болсон.

Тэр үед бие цанаасаа бэлтгэл хийхийг  хүсээд байдаг юм байна лээ. Тогтсон бэлтгэл хийгээд сурчихсан болохоор. Урт хугацаагаар гам барьж байгаа үед бэлтгэлээ хийх юмсан гэж байнга боддог. Шантарч, няцаж байсан тохиолдол надад бол байгаагүй. Хүмүүсийн шантарч байгаа тохиолдол гэвэл бэртэл гэмтэлээс байж болно. Гэхдээ ихэвчлэн тэсвэр хатуужлаас шалтгаалдаг. Хүмүүс хараад энэ ёстой амархан юм байна.Энэ хүмүүс амархан харагдуулаад байна гэж бодоод хийж эхэлдэг. Яг үнэндээ тэр амархан харгдтал хийж байгаа хүмүүс нь цаанаа маш олон бэртэл авч, удаан хугацаанд хичээсэн байдаг.



            -Оролцож байсан тэмцээнүүдээс нь хамгийн их сэтгэлд үлдсэн ямар тэмцээн байдаг вэ?

- Оролцож байсан тэмцээн гэхээсээ илүүтэй оролцоогүй тэмцээн хамгийн их сэтгэлд үлдсэн дээ. Дэлхийн хамгийн анхны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард Японд болох ёстой байсан. Манай улсаас дөрвөн тамирчин тэмцээнд орох эрхээ авсан ч коронавирус гарсантай холбогдуулан тэмцээн түр хугацаагаар хойшилсон байгаа. Дэлхийн анхны аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөөд явж байгаа тамирчдын нэг гэж өөрийгөө бодоход үнэхээр урамтай, гоё санагдаж байсан. Төдийлөн хүмүүс сайн мэддэггүй спорт ч гэсэн тэмцээнд оролцож ирчихээд энэ спортоор монголд хичээллэдэг хүмүүс байдаг гэдгийг бусдад мэдрүүлхийг хүссэн. Тийм болохоор энэ тэмцээн сэтгэлд үлдсэн. Гэхдээ энэ жил болоогүй ч гэсэн дараа жил болно. Тэр үед Монгол улсаа төлөөлөөд явж ирнэ гэж бодож байгаа.

            -Тухайн спортыг сонирхон хичээллэх гэж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хийж эхлэх гээд хичээж байгаа хүмүүст хандаж хэлэхэд багштай бэлтгэл хийх ганцаарчилж хийх хоёр маш их ялгаатай гэдгийг хэлмээр байна. Багштай бэлтгэл хийвэл багшийнхаа алдсан алдаан дээр алдахгүй, цаг хэмнэх маш том боломж болно. Бид нар багшгүй бэлтгэл хийж байсан болохоор гайгүй болох хүртлээ дөрөв таван жилийг зарцуулсан. Хэрвээ бид багштай байсан бол тэр хугацаагаа нэгээс хоёр жил болгож богиносгож чадах байсан. Тийм болохоор багштай бэлтгэл хийгээрэй гэж хэлье.

            -Ирээдүйд  ямар зорилго тавьж байгаа вэ? Зорилгынхоо талаар хуваалцаач?

- Миний хувьд программист мэргэжлээр суралцдаг. Энэ мэргэжлээрээ ажиллана гэсэн бодолтой байгаа. Яагаад гэвэл энэ мэргэжилдээ дуртай учраас. Харин тамирчны хувьд гэвэл дараа жил юм уу тэрний дараа жил болох дэлхийн аваргын тэмцээнд ямар ч байсан орно. Тодорхой хэмжээний амжилт үзүүлээд ирвэл тэр хэмжээгээр манай спортыг мэдэх хүмүүс олон болж, хичээллэх хүмүүс ч гэсэн ихсэх байх. Аль болох энэ спортоор илүү олон хүнийг хичээллүүлэх зорилготой байгаа.



Б.Сувдаа


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-27 03:15:20
    ямар сонирхолтой спорт вээ. мундаг залуу байна. сайхан ярилцлага болжээ