С.Баярын 5 тэрбум 580 сая 440 төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгож, 5 жилийн хорих ял оноов

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020.07.22-23-ны өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

 

1. Шүүгдэгч С.Баяр нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

Мөн Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор:

Найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн "Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлыг урвуулан ашиглах/-ийн 263.2 дахь зааснаар,

Шүүгдэгч С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын "Банк оф Америка" банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож,

2. Шүүгдэгч Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Баярын охинтой хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын "Банк оф Америка" банк нь дахь С.Баярын болон түүний эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож,

С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасаж, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял бүгд нийлээд 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгчдээс дараах хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөг /хууль бусаар олсон орлого/

Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн үнэлгээтэй АНУ-д байрлах орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !?! 2020-07-24 03:22:57
    Энд бичсэнээс үзвэл С.Баярт тулгасан ял нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй л юм байна!!! Одоо ч дээрээс үүрэгтэй л бол хэнийг ч ямар ч хэрэгт шийтгэх юм бна л даа!