Гэртээ байхгүйгээ цахимаар зарлах нь  хулгайч нарт өгөөш болдог

Цаг наргүй их ажил, хотын дуу чимээнээс хэсэг ч гэсэн хөндийрч байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэхээр зуны улиралд иргэд гэрээ эзгүй орхин олон хоногоор аялдаг  нь бидний амьдралын тогтсон нэг дадал болжээ. Гэрийн эзэд ийнхүү баяр, наадам, амралт зугаалгад явахаар алс холыг зорьсон энэ өдрүүдэд хэсэг хүн баярлан хөөрч, алгаа ташдаг нь орон байрны хулгайчид юм. Жил бүрийн зургадугаар сар гарав уу үгүй энэ төрлийн гэмт хэрэг ихэсч байгаа талаар ЦЕГ-аас анхааруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг ч иргэд сонор сэрэмжээ сайжруулахгүй, харин ч тэдэнд улам их боломж олгосоор байна. Сүүлийн үед иргэд олон нийтийн сүлжээнд хаана аялж, зугаалж байгаагаа өдөр, цаг, минут бүрээр зарлаж нэг нэгэндээ гайхуулдаг болсон. Гэтэл энэ нь таныг гэртээ байхгүй гэдгийг хулгайч нарт мэдэгдэх нэгэн том сэжүүр болдог байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг “Цахим сүлжээ их хөгжсөн өнөө үед иргэд хаана очиж, юу үзэж харж байгаагаа олон нийтэд нээлттэй хуваалцдаг болсон нь гэмт этгээдүүдэд өгөөш болж байна. Сүүлийн үед орон байрны хулгайчид айлаа сайн судалсны үндсэн дээр гэмт хэрэг үйлддэг болсон. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд хулгай хийхдээ олон нийтийн сүлжээг ашигласан  бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Тэд гишүүн тус бүр хийж гүйцэтгэх үүргээ тодорхойлчихсон, нарийн зохион байгуулалттайгаар гэмт хэргээ үйлдсэн байсан. Тиймээс иргэд цахим орчинг зөв ашиглаж сурах хэрэгтэй байна. Удаан хугацаагаар гэр, орон байраа орхиж явах гэж буйгаа олон нийтийн сүлжээнд зарлахгүй, өөрсдийн байршлыг дэлгэхгүй байхыг хүсч байна” гэсэн юм. Мөн  бусдад танилцуулах байдлаар гэр дэх эд зүйлс, алт мөнгөн хэрэглэл, хөөрөг, үнэт эдлэлийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулах нь гэмт этгээдүүдэд сэжүүр болдог байна. 


Энэ оны эхний зургаан сард Улаанбаатарт 9064 гэмт хэрэг бүртгэгдсэний 2795 буюу 30 гаруй хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.  Үүний 88 хувийг хувийн өмчийн хулгай, найман  хувийг халаасны хулгай, 1.6  хувийг мал хулгайлах, 2.5 хувийг авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Харин улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 3856 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 1106 гэмт хэргээр буюу 22.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Хулгайн гэмт хэргийн дийлэнх  нь Улаанбаатар хотод, тэр дундаа захын дүүргүүдийн гэр хорооллоор орон байрны хулгайн гэмт хэрэг их үйлдэгддэг байна. Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг “Нэгдүгээрт иргэд орон гэрээ аль болох удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахгүй, хаа нэг тийшээ явахаар бол хамаатан садан, найз нөхөд, хөрш, саахалт айлдаа сайн захиж, эргэж тойрч байх хэрэгтэй. Айлууд хөршийн холбоогоо сайжруулах нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад ач холбогдолтой. Гэрээ эзгүй орхихдоо хөршдөө холбоо барих утасны дугаараа үлдээх хэрэгтэй.  Энэ нь дан ганц хулгайн гэмт хэргээр зогсохгүй, үер ус, гал түймрийн аюул боллоо гэхэд шуурхай гэрийн эзэнд нь мэдэгдэж учрах эрсдэлээс сэргийлэх, хохирол багатай даван туулахад тань тусална. Хоёрдугаарт, оршин сууж байгаа газартаа аль болох камер байршуулах, дохиоллын системийг бий болгох хэрэгтэй. Таны байр, гэр, гудамжны ойролцоо камер эсвэл дохиоллын систем хангалтгүйгээс орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг.  Гэмт этгээдүүд хүн багатай, дохиололгүй, камержуулалтгүй орчинг сонгодог тул илрүүлэхэд цаг хугацаа их ордог” гэж ярилаа. Аливаа гэмт хэргийг гарсан даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулбал хэргийг илрүүлэхэд давуу тал болдог. Гэтэл иргэд орон байраа удаан хугацаагаар, хараа хяналтгүй орхисноос 14-21 хоногийн дараа,  зарим тохиолдолд сарын дараа мэддэг байна. Гэтэл энэ үед хэргийн газар дээр очиход, янз бүрийн байдлаар гэмт этгээдүүд ул мөрөө баллах, гутлын улны мөр тоосонд дарагдах, хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт устаж үгүй болох зэрэг хүндрэл гардаг байна.  Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн  ихэнх хувийг 14-30 насны залучууд эзэлж байгаа нь тун харамсалтай.  Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу 17 дугаар бүлгийн 17.1-д заасны дагуу 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,  зургаан сараас таван жил зорчих эрхийг хязгаарлах,  зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-07-24 02:57:53
    Хулгайч нарт төрийн төмөр нүүр хэрэгтэй ялангуяа гадаад орны зарим дэлгүүрт Монгол хүн нохой оруулахгүй гэсэн зар байдагийг мэдэх үү ичих юм
    162.158.7.202
    Мэдэгдсэн Хариулах