Замын хөдөлгөөний дүрмийг багаас нь заая

Хүүхэд аюул гэдэг нөхцөл байдлыг ойлгож ухамсарлаагүй байдаг учраас тэр талаар мэддэггүй. Зөвхөн тоглох хэрэгсэл гэсэн ойлголттой машины ойролцоо очин тэвш, дугуйн завсар орох асуудал хөдөө орон нутагт ихэвчлэн гардаг. Үүнээс үүдэн эцэг эхчүүд машины ойролцоо тоглож буйг нь мэдэхгүй ухрах үйлдэл хийх үедээ хүүхдээ дайрсан хэрэг гарч байна. Энэ нь 100 хувь эцэг эхийн хайхрамжгүй байдал юм. 

0-14 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дор замын хөдөлгөөнд оролцуулах талаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Тухайн хүүхэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюул гэдэг мөн чанарыг мэдээгүй байдаг учраас эцэг эхчүүд зааж сургах үүднээс 0-14 нас гэж заасан. 14-өөс дээш насны хүүхдэд өөрөө бие даан ажил, хөдөлмөр эрхлэх, замын хөдөлгөөнд оролцох эрх олгодог. Тиймээс хүүхдийг ухаан ороод тодорхой хэмжээний аюул гэдэг зүйл, тэмдэг тэмдэглэгээ, дуу, дүрсийг ялгаж таних чадвартай болсон үеэс эхлүүлэн энэ талаар заах хэрэгтэй. Явган зорчигчийн үүрэгт замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний замаар, явган хүний замгүй бол баруун гар талаар шахаж явах, харанхуй буюу үзэгдэл хангалтгүй орчинд өнгө сайтай, гэрэл ойлгогчтой хувцас өмсөх, гарц гарамтай хэсгээр гарах хэрвээ байхгүй бол тээврийн хэрэслийн ардуур, түүнийг өнгөрсний дараа, зорчих хэсгийн баруун, зүүн талаа харж гарах зэргийг заасан байдаг. Үүнээс гадна тээврийн хэрэгсэлээр явахдаа суудлын бүсээ зүүх, 0-14 насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, өндөр нь 140см-ээс дээш бол үндсэн суудал дээр суун, суудлын бүсээ хэрэглэж болно. Харин түүнээс доош өндөртэй бол зориулалтын суудал болон өндөрлөгчийг хэрэглэн хөдөлгөөнд оролцох талаар заалт бий.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очир “Япон улсын туршлагаас авч үзэхэд хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд тээврийн хэрэгсэл гэж юу болох, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тухайн хүүхдийн насны ангилалд тааруулан зааж, сургадаг. Сургалтын системийнх нь нэг хэсэг болчихсон байдаг. Харин Монгол Улсын хувьд сургалтын нэгдсэн системд ороогүй учраас эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид нь тухайн үеийн мэдлэг чадвараар эсвэл манай албанд хандан тодорхой хэмжээний сургалт явуулдаг. Хүүхдийн буруутай үйлдэл гэж байхгүй учраас багаас нь аюултай зүйлийг тайлбарлаж, тоглох ёстой талбайг нь зөвөөр зааж өгч дадал хэвшил болгох хэрэгтэй. Явган зорчигчийн үүргийг хамгийн эхэнд зааж өгөх нь зөв байдаг. Эцэг эхчүүд яарч сандарсан ч хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд улаан гэрлээр гарч болохгүй. Гэрлэн дохионы ойролцоо машингүй байсан ч хоёр талын аюулгүй байдлаа харсны дараа ногоон гэрэл, явган хүний гарцаар гарах ёстойг өөрийн биеэр үзүүлэх хэрэгтэй. Ногоон гэрэл асаад гарцаар гарч байх үед эсрэг талд явж буй жолооч ногоон гэрлийг анзаараагүй, согтуу, биеийн байдал нь муу байснаас үүдэн аюул учирч болзошгүй. Мөн хүүхдүүд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцдог. Унадаг дугуй нь булчингаар ажилладаг нэг хэлбэрийн тээврийн хэрэгсэл гэдгийг ойлгуулан замын хөдөлгөөнд оролцоход аюулгүй байдлыг нь хангаж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна 0-14 насны хүүхдийг зам дээгүүр дадлага сургуулилт хийж болохгүй, зөвхөн тоглоомын талбай болон аюулгүй нөхцөл байдалд унадаг дугуйг хэрэглэх ёстойг зааж зөвлөх хэрэгтэй.” гэв.


Хан-Уул дүүргийн XV хорооны иргэн М.Амарзаяа:
Гурван наснаас нь эхлэн бага багаар зааж өгдөг

Хүүхэд гурван нас хүрэх үедээ аливаа зүйлийг тодорхой хэмжээнд ойлгодог болчихсон байдаг. Тиймээс явган зорчигчийн үүргийг гурван наснаас нь эхлэн бага багаар хэлж өгсөн. Машин замаас хол тоглох ёстойг юун түрүүнд байнга захидаг. Цаашлаад зам гарахдаа зөвхөн гарцаар, ногоон гэрлэн дохиогоор гарч байх ёстой гэдгийг байнга хэлдэг. Хүүхдүүдээ тав, зургадугаар ангид орох хүртэл нь өөрийн хараа хяналтнаас гаргахгүйгээр хамт явдаг учраас замдаа тайлбарлан зааж өгдөг. Сая хүртэл зам гарахдаа хүүхдээсээ “Ямар гэрлээр зам гардаг билээ?” гэж асуухад 4 настай хоёр хүүхэд маань “Ногоон гэрлээр гарна” гэдгээ хэлж байна. Ингэж байнга асууснаар хүүхэд тухайн зүйлийг сайн тогтоодог гэж бодож байна.

Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн З.Алтанцэцэг:
Авто машинаас болгоомжлох ёстой

-Би 10настай, 7 настай хоёр хүүхэдтэй. Хүүхдүүддээ улаан гэрэл унтран ногоон гэрэл асахыг хүлээж байгаад зам гарч байгаарай гэж байнга хэлдэг. Бага насны хүүхэд замын хөдөлгөөнд зөв оролцож авто машинаас болгоомжлох ёстой. Улаанбаатар хотод 0-14 насны хүүхдийг эцэг эхийн хараа хяналтад авч явахгүй л бол цаг үе хэцүү болсон. Хүүхдүүдтэйгээ цуг явахдаа үргэлж хөтөлж, өөртөө ойр байлгадаг. Хичээл ороход нь хүргэж өгч тарахад нь очиж авдаг. Ер нь ганцааранг нь огт явуулдаггүй.

Б.Мянганмарал, 11 настай:
Харанхуйд явах үедээ тод өнгийн хувцас өмсөх ёстой

Намайг таван настай байхаас эхлэн эцэг эх маань замын гэрлэн дохио, гарцыг хэлж зааж өгсөн. Ногоон гэрлээр явж, шар гэрлээр анхаарч, улаан гэрлээр зогсож байхыг мэднэ. Үүнээс гадна эцэг эх маань хамт явж байхдаа байнга гараас хөтөлж заавал цагаанаар тэмдэглэсэн гарцаар гарч байгаарай гэж хэлдэг. Энийг би болон манай дүү байнга баримталдаг. Орой харанхуйд явах үедээ тод өнгийн хувцас өмсөх ёстой гэдгийг мэддэг. Тиймээс бидний цүнхэн дээр гэрэл ойлгогч нааж өгдөг. Цаашид энэ талаарх илүү олон зүйлийг эцэг эхээрээ заалган сурч мэднэ гэж боддог.   

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд нийтдээ 819 хүүхэд өртөж ослын улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний зургаан сарын байдлаар 172 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирсон тоон мэдээлэл байна. Үүнээс 8 сартайгаас 8 хүртэлх насны 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд, өөрийн эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй үйлдлээс үүдэн амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байдлыг өмнөх үетэй харьцуулахад COVID-19 цар тахлаас үүдэн сургууль, цэцэрлэг амарсантай холбоотой 45,4%-иар буурсан байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ш.Номиндэлгэр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-07-27 10:42:41
    жил бүр хэдхэн хоног мал дээр ганцаарнг нь орхиж сургах хөтөлбөр гарга. эрхийн балай болсон хүүхдүүд ядаж л хариуцлага гэж байдгийг мэдэрнэ
  • Монгол улсын иргэн 2020-07-26 11:48:58
    Замын хөдөлгөөний дүрмийг дангаар нь биш харин амьдралд хэрэг болох олон салбарын мэдлэгийг олгох шинэ хөтөлбөр боловсруулах цаг болсон. Амьдрах ухаан гэх мэт.
  • иргэн. 2020-07-24 03:39:17
    Ганц замын хөдөлгөөний дүрэм ч биш, эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, эрүүл мэндийн хичээл зэрэгийг орууламаар байна.