Айлаас эрэхээр авдраа уудал буюу Эдийн засгийн өршөөлийн хууль
Цаг хугацаа өнгөрөх тусам улстөрчдийн нүүдэл ил болсоор байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүд өөрт ашигтай гэж үзсэн хуулиа батлуулахын тулд янз бүрийн лобби хийдэг. Гэхдээ бүлгээрээ хэлэлцэж хуулийн ашигтай эсэхийг шийдвэрлэнэ гэдэг байж боломгүй үзэгдэл.

АН-ынхан 1996 онд төрийн эрх барьж байх үедээ орон сууц болон газрыг иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэхээр шийдэж билээ. Тэгсэн тухайн үеийн МАХН-ын Н.Энхбаяр дарга нь “гадаадынханд өгөх нь” гэх үгийг амнаасаа уна­гахад гишүүд нь учиргүй эсэргүүцэж, ёстой л улс­төржүүлнэ гэдгийг жин­хэнэ утгаар нь үзүүлсэн санагдана. Тэгсэн дараахан нь буюу УИХ-ын 2000 оны сонгуулиар МАХН ялалт байгуулж, өөрсдөө газар өмчлүүлэх асуудлыг дэвшүүлж, санасандаа ч хүрсэн. Гэхдээ сөрөг хүчин нь чөдөр тушаа болоогүй. Ингээд Монгол Улсын иргэд өөрийн гэсэн газартай болж эхэлсэн.

Харамсалтай нь хотын хамгийн ашигтайд тооцогдож, үнэд хүрэхээр газрыг мань эрх баригчид гар, хөл бологсоддоо буюу намын гишүүддээ олго­чихсон байдаг байгаа. Тэр нь ёстой л “Нүгэл нүдээрээ...” гэдэг шиг газрын маргаан гарах бүрийд л одоогийн МАН-ын нэр нөлөө бүхий гишүүдийн нэр дуулдах болсон. Үнэн хэрэгтээ 1996 онд “гадаадынханд өгөх” бус “дараагийн удаа өөрсдөө авна” гэдэг тохироо л явж байсан болж таарсан.

Яг үүнтэй адил үйл явц өнөөдөр ч байсаар байна. Сөрөг хүчнийхэн ам нээх бүртээ эдийн засаг хямралтай, газаадын хөрөнгө оруулалт багаслаа гээд байгаа. Тэгсэн хэрнээ эдийн засагт нэмэр болохуйц хуулийн төслүүдийг ойшоож үзэхгүй байгаа нь тун ч хачирхалтай санагдаад байгаа юм.

Тэдгээрийн нэг нь Эдийн засгийн өршөөл үзүү­лэх тухай хуулийн тө­сөл. Үнэхээр эдийн засаг хямар­чихсан гэж үзэж бай­гаа бол гадаадын хөрөнгө оруулагчдад зориулж хуулиа хүртэл өөрчилж байхаар дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл далд эдийн засгийг ил болгож эргэлтэд оруулах нь зүйн хэрэг.

Манай улс 2007 оны татварын өршөөлийн хууль 2009 оны санхүүгийн хямралыг давахад ихээхэн тус болсон. Тухайн үед 44 мянган аж ахуйн нэгжийг уг өршөөлд хамруулахаар тооцоолсон ч 28 мянга нь л төрийн “ивээлийг” хүртэн, үүцээ задалж, дөрвөн тэр­бум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан түүхтэй. Гэхдээ тухайн үед Монгол Улсын жилийн төсөв ганхан тэрбум ам.доллараар хэмжигддэг байсан юм шүү. Харин өнөөдөр Монголын далд эдийн засагт хэчнээн тэрбум ам.доллар эргэлдэж байгааг хэлэх боломжгүй.

Ямартай ч нүүрээ угаачихаад хүний өөдөөс инээж буй хүүхэд шиг хуулиа өөрчилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг та­тахыг оролдохын оронд бизнесийнхэнд бололцоо олгоод үзэх нь чухал санагдана.

Энэ төрлийн хууль эдийн засаг нь хямраад байгаа зөвхөн манай улсад бий болсон туршлага ч биш. Дэлхийн улс ор­нууд зах зээлийн эдийн засагт шилжээд тодорхой хуга­цааны дараа иргэддээ ийм өршөөл үзүүлдэг. Энэ нь тухайн улсын дотоод эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг төдийгүй улс хожлыг гартаа авчихсан байдаг. Өөрөөр хэлбэл хүн уучлуулж, өр­шөөлгөх тусам буруугаа гэмшиж, дахин алдахгүйг хичээдэг төрөлхийн мөн чанартай амьтан. Гадныхан ердөө л иргэнийхээ энэхүү чанарыг л ашиглаж, хуулиа баталчихаж байгаа хэрэг. Үүнийг улстөрчид эдийн засагчид хэн, хэн нь маш сайн мэдэж байгаа ч цаад утгаараа бол хэнийг өршөөх вэ гэдэгт л асуудлын гол нь учиглагдаад байх шиг.

Өнөөдөр Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлаад гаргачихвал ойрын хэдэн жилдээ дахин энэ төрлийн хуулийн талаар ам нээхэд хүндхэн болно. Тиймээс ирэх сонгуулийг хүртэл гүрийж байвал өнөөгийн сөрөг хүчинд илүү ашигтай нүүдэл болж харагдаад байгаа бололтой.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.