Шинэ сэтгэлгээ, шинэлэг уур амьсгалаар шинэчлэлийн зорилтуудыг дэмжиж ажиллахыг үүрэг болгов
Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцож, УИХ-ын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Г.Занданшатарт баяр хүргэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр дараах үүрэг даалгаврыг өглөө.

-УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдсан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороотой хамтран ажиллаж, төрийн байгууллагууд дахь Ёс зүйн хороо, зөвлөлүүдийн үйл ажиллагааг уялдуулах, удирдлага, чиглэлээр хангах, төрийн алба, албан хаагчдад ёс зүй, сахилга хариуцлагаа дээдэлж ажиллах хэм хэмжээ бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд холбогдох хяналт шалгалтын ажил хийхийг Төрийн албаны зөвлөлд;


Энэ намар болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хуулийн дагуу, ямар нэгэн зөрчилгүй зохион байгуулах, УИХ-аар батлагдах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд;

Банкны салбарт хийх реформыг хугацаа алдалгүй эхлүүлэх, зээлийн хүүг нэг оронтой тоонд хүртэл бууруулах, банкны үйл ажиллагаа нь бизнес, үйлдвэрлэлийг хааж боох биш, дэмжин тэтгэхэд чиглэж байхаар өөрчлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанкинд;

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн үйл ажиллагаагаа шинэчлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, хувийн аудитын тогтолцоог дэмжин хөгжүүлэх бодитой арга хэмжээ авахыг Үндэсний аудитын газарт;

Хөрөнгийн зах зээл, санхүүгийн зуучлалын үйлчилгээг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, мөнгө хүүлэх замаар биш, хувьцаа эзэмших, худалдах замаар хөрөнгийн зах зээлийг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн мөнгөн хадгаламжийг эргэлтэд оруулж, орлого ашгийг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хороонд;

Шинээр батлагдсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах ажлын хүртээмж, цар хүрээг өргөтгөх, Б.Энхбаяр даргатай УИХ-ын Хүний эрхийн дэд хороотой нягт хамтран ажиллахыг Хүний эрхийн үндэсний комисст үүрэг болголоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн бүхий л үйл ажиллагаанд ёс зүй, сахилга хариуцлагыг хэвшүүлж, төр цэгцрэх зөв голдирол руу оруулах, шинэ сэтгэлгээ, шинэ уур амьсгалаар шинэчлэлийн зорилтуудыг дэмжиж ажиллах нь чухал байна. Ард түмнийхээ итгэл, хүсэл зоригийг бид биелүүлэх ёстой. Урьдын хэвээр, санаа амар, өдөр хоногийг өнгөрөөж, мөр мөрөө хөөж ажиллах цаг биш шүү” хэмээн уулзалтад оролцогчдод сануулж хэллээ.   




 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.