Д.Дуламсүрэн: НҮБ-ын авлигын эсрэг цахим чуулган мэдээлэл солилцсон, үр дүнтэй болсон

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас өнгөрсөн сарын 29-ний өдөр Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг үнэлэх ажлын хэсгийн 11 дэх удаагийн чуулганыг цахимаар зохион байгуулав. Чуулганд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангахад оролцдог төрийн байгууллагын 16 төлөөлөгч оролцжээ. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй  Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа, конвенциор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

 

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенци гэх ү олон улсад нэр хүнд бүхий баримт бичгийн талаар яриагаа эхэлье. Энэ конвенци анх хэдэн онд байгуулагдаж, Монгол Улс хэзээ нэгдэж оров?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 55/61 дүгээр тогтоолдоо “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын Конвенциос тусдаа авлигын эсрэг олон улсын бие даасан эрх зүйн баримт бичиг боловсруулах нь чухал байгаа”-г дурдаж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэргэд авлигын эсрэг олон улсын баримт бичгийн төсөл боловсруулах түр хороог байгуулсан байна. Тус түр хороо нь 2002 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс 2003 оны аравдугаар сарын 1-ний хооронд долоон удаа хуралдаж, зөвшилцөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн төслийн эцсийн найруулгыг боловсруулсан. Ерөнхий Ассамблей 2003 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 58/4 дүгээр тогтоолоор конвенцийг баталсан юм. Монгол Улс 2005 онд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан. энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус конвенцид 187 улс гарын үсэг зурж, 140 улс соёрхон баталсан байна.

-Конвенцид нэгдэж орсноор бидэнд ашиг тусаа өгсөн үү?

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсноор авлигаас урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх арга хэмжээг төрийн болон хувийн хэвшлийнхний дунд зохион байгуулах үүрэг амлалтыг Монгол Улс авсан. Конвенцид заасан арга хэмжээнүүд нь ихэвчлэн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн, урт хугацааны асуудлууд байдаг. Түүнчлэн авлигын гэмт хэрэгтэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өөрчилж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай болсон. Эдгээр ажил нь хууль тогтоомжид шинэчлэл хийж, авлигатай тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгож, бүх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн авлигын эсрэг санаачилга, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах шаардлагыг бий болгосон. Үүнтэй холбогдуулаад Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад авлигын гэмт хэргийг нарийвчлан зүйлчилж, ял шийтгэлийн тогтолцоог боловсронгуй болгосон. Авлигатай тэмцэх үндэсний хоёр дахь удаагийн хөтөлбөр батлагдаад эхний үе шат нь хэрэгжиж дууссан. Энэ мэтээр Монгол Улсын авлигын эсрэг эрх зүйн орчин, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд бодит нөлөөгөө үзүүлж, авлигын гэмт хэргийг бууруулахад юу хийх шаардлагатайг бидэнд зааж чиглүүлж өгч байгаа баримт бичиг юм. Манай улс энэ конвенцид нэгдэн орсноор авлигатай тэмцэх тусгай, бие даасан, хараат бус байгууллагатай болсон.Мөн авлигын гэмт хэргээс үүсэлтэй гадаад улсад гарсан хөрөнгө, орлогыг буцаан авах чиглэлээр гадаадын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллахад Авлигын эсрэг НҮБ-ын конвенци гол баримт бичиг болдог.

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг үнэлэх ажлын хэсгийн 11 дэх удаагийн чуулганы талаар тайлбарлаж өгөхгүй юу. Энэ чуулганыг хийх болсон зорилго, шалтгаан юу вэ?

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг дэлхийн улсууд батлан хэрэгжүүлж эхэлснээс хойш түүний хэрэгжилтийг хангах арга механизм шаардлагатай болсон. Тус конвенцийн хэрэгжилтийг түүнд нэгдэн орсон гишүүн улсуудын хурал дээр тайлагнаж, хэлэлцдэг. НҮБ-ын дэргэд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг үнэлэх Ажлын хэсэг ажилладаг. Энэ Ажлын хэсэг нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн гишүүн улсуудын хурлын “Конвенцийн хэрэгжилтийг үнэлэх тухай” 3/1 дүгээр шийдвэрээр байгуулагдаж, гишүүн улсуудыг оролцуулсан нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, гишүүн улсуудын нэгдсэн хуралд ажлаа тайлагнадаг. Ажлын хэсэг нь конвенцийн хэрэгжилтийг хангахад тулгарч байгаа асуудлууд, сайн туршлагыг судалж, шаардлагатай техникийн туслалцааг тогтоох зорилгын хүрээнд хяналт үнэлгээ хийдэг. Ажлын хэсэг нь хяналт үнэлгээний ажлаа 11 дэх удаагийн чуулганаар танилцуулж, конвенцийн гишүүн улсуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарч байгаа ололт, дутагдлыг сонслоо.

-Тэгвэл энэ удаагийн чуулганд манай улс ямар бүрэлдэхүүнтэй оролцов. НҮБ чуулганыг цахимаар хийсэн нь шинэлэг үйл явдал болсон байх?

-Чуулганд Авлигатай тэмцэх газраас гадна Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл болох 16 албан хаагч оролцсон.

Дэлхий дахинд цар тахал тархсантай холбогдуулж НҮБ болон бусад олон улсын байгууллага цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа түлхүү явуулж байна. Энэ удаагийн чуулган энэ жишгээр цахим орчинд явагдсан. Гэхдээ энэ нь оролцогчдын оролцоо, чуулганаар шийдвэрлэхээр зорьсон асуудалд огт саад учруулаагүйг хэлэх нь зүйтэй.

-Монгол Улс кон­венцийн зүйл заалтыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Дээр дурдсанчлан Монгол Улс авлигын эсрэг хууль тогтоомжоо конвенцид заасан үүрэг амлалтуудын дагуу шинэчилж, боловсронгуй болгосон. Нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг авах, авлигын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сунгах, авлигын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагад ногдуулах зэрэг боловсронгуй дэвшилттэй хуулийн зохицуулалтыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасны дагуу өөрчлөн баталсан. Нөгөөтэйгүүр, Монгол Улс нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангахад чухал нөлөө үзүүлж байна.

-Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг гадны бусад улс хэрхэн хүлээн авч, үнэлж байна вэ?

-Бид Конвенцид заасан арга хэмжээг хэрэгжүүлснээ олон улсын хэмжээнд үнэлүүлж дүгнүүлдэг. Ингэхдээ сугалаагаар таарсан конвенцийн гишүүн аль нэг улсаар хийсэн ажлаа үнэлүүлдэг юм. Тухайлбал, Монгол Улс Конвенцийн гурав, дөрөвдүгээр бүлгийг 2010-2011 онд үнэлүүлж, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж авсан. Тэр үед бидний ажлыг үнэлсэн улс нь Кени, Иемен улс байв. Удахгүй энэ намар бид Конвенцийн хоёр, тавдугаар бүлгийн дагуу хэрэгжүүлсэн ажлаа үнэлүүлнэ. Үнэлэх улс нь Сингапур, Пуркино Фасо байх болно.

-Улсууд харилцан бие биенийхээ хийсэн ажлыг үнэлдэг байх нь. Тэгвэл манай улс аль нэг улсыг үнэлэх үү?

-Тэгнэ. Сая болж өнгөрсөн чуулганаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь дараагийн шатны үнэлгээг ямар улс хийх вэ гэдгийг шийдэх байсан. Сугалааны дагуу Монгол Улс Самао улсын Конвенцийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлыг үнэлэхээр болж байна.

-Тэгвэл чуулганаар өөр ямар асуудлуудыг шийдвэрлэхээр зорив. Энэ зорилгодоо хүрсэн гэж үзэж байна уу?

-Цар тахлын улмаас чуулганаар шийдвэрлэх асуудлуудаа маш шахуу хугацаанд хэлэлцсэн. Гэвч дараагийн үе шатны үнэлгээг хэнээр хийлгэх болон дараагийн чуулганы хөтөлбөр, энэ удаагийн чуулганаас гарах тайланг эцэслэн баталсан. Мөн гишүүн улс орнууд цар тахалтай холбоотой авлигатай тэмцэх үйл ажиллагаанд  гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлоо хангалттай солилцож чадлаа. Маш богино хугацаанд ажлаа амжуулж, олон мэдээлэл солилцсон, үр дүнтэй цахим чуулган боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Саруул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-07-09 03:40:39
    Монгол төр авилга ихтэй АН өнгөрсөн сонгуулиар 100 сая намдаа өгсөн хүн ИХ-д нэр дэвших үүнийг юу гэж ойлгох вэ- ээс эхлэнэ
    162.158.7.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-07-09 02:18:19
    Мундаг
    162.158.167.21
    Мэдэгдсэн Хариулах