С.Рэгзэн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байдаг

ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэнтэй ярилцлаа.

 

-Танай яам Японы Засгийн газрын дэмжлэгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

-Улсын хэмжээнд 107 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 30 гаруй мянга нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоон мэдээлэл байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд олон асуудал, бэрхшээл тулгарч байгаа. Хамгийн энгийн жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гараад ажлын байр хүртлээ явах зам дэд бүтцийн хүртээмж тааруу байна. Нөгөө талаас ажлын байр руугаа ороход ажил олгогч тэр хүнийг баялаг бүтээгч гэж харахаасаа өмнө нийгмийн халамж хүртэгч байдлаар хардаг хандлага байсаар байна. Хамт олны уур амьсгалын тааруу байдлаас болж хөдөлмөр эрхэлж чадах эсэхдээ эргэлздэг хүмүүс цөөнгүй.

Нийгмийн амьдралд оролцож чадахгүйгээс үүдэн боловсрол, мэргэжлийн байдал нь тухайн ажлын байрныхаа шаардлагыг хангахгүй байх тохиолдол гарч байдаг. Энэ нөхцөлд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлхээр болж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлахаас эхлээд тухайн ажлын байрандаа дасан зохицох, хамт олны уур амьсгалыг өөрчлөх, ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадварыг эзэмшүүлэх, ажил олгогчид нөлөөлөх гэсэн цогц арга хэмжээг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж загвар үйл ажиллагаануудыг бий болгож байна. Энэ загварт үндэслэн цаашдаа үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээс гадна бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг хийх юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ хөтөлбөрт жил бүр 4.5 тэрбум орчим төгрөг хуваарилдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдэд тав хүртэлх сая төгрөгийн зээл олгодог.

-Хөгжлийн бэрхшээл­тэй иргэдийг авч ажил­луулсан ААН-үүдийг урамшуулдаг гэж байсан?

-Хөгжлийн бэрхшээл­тэй иргэдэд зориулсан ажлын байр бий болгосон ТББ, ААН-үүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн болон аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах, тэднийг ажлын байраар дэмжиж байгаа ажил олгогч нарт урамшуулал олгох, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх гэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт жилд 5000 орчим иргэн хамрагддаг. Бас тодорхой тооны байнгын ажлын байр бий болж байдаг.

-Өнгөрсөн дөрвөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төслийг хэрэгжүүлсэн. Энэ хэр үр дүнтэй болсон бэ?

-Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн тодорхой төслүүд байгаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах,  оролцоог нэмэгдүүлэх” төсөл хэрэгжээд явж байгаа. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн томоохон төв байгуулах ажил эхлээд явж байна. Мөн зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвийг байгуулж байгаа. Энэ төвүүд нь олон улсын жишиг стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань төв дээрээ очоод тодорхой хэмжээний хөдөлмөр эрхлэхээс гадна бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээ, тусламж авах боломжтой.

Бид Азийн хөгжлийн банктай хамтарсан төслийн хүрээнд энэ жилдээ багтаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуудлагын төвүүдийг нээхээр ажиллаж байна. Дуудлагын төв нь гэртээ байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлаар заавар, зөвлөгөө өгч, ажил хөдөлмөрт зуучлах ажиллагааг хийнэ. Дээд сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бага байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх тал дээр ХНХЯ анхаарч ажиллана.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрт илрүүлэх тал дээр анхаарах олон улсын ICU ангиллыг нэвтрүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эмчилгээний төвийг ашиглалтад оруулсан.

Үүнээс гадна БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор барих ажил хэлэлцээрийн шатанд явж байна. ХНХЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрт илрүүлэлт, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, хамгаалалт, хөдөлмөр эрхлэлт гэсэн бүх түвшинд нь онцгой анхаарч ажиллаж байгаа. Өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байрандаа байгаа учраас хөдөлмөр эрхлэлт буурсан гэж бодохгүй байна.

Бид ААН, байгууллагуудтай хамтран ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах үйл явцад ахицтай байгаа. Үндэсний томоохон ААН-үүд, мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад зайнаас, гэрээс, утасны цаанаас ажиллах боломжтой хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зуучлах тал дээр  ХНХЯ энэ жил ахиц дэвшил гаргасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ш.Номиндэлгэр

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.