ЭЕШ: хэмжээст оноо 24 цагийн дараа гарч байна

Элсэлтийн ерөнхий шалгалт  өнгөрсөн пүрэв гаригт Монголын түүх, англи хэлний хичээлээр эхэлж өчигдөр дууслаа. Физик, орос хэл, монгол хэлний шалгалтаар  өндөрлөж байна.  Энэ жилийн ЭЕШ “Ковид-19” цар тахлын улмаас урьд жилүүдээс олон зүйлээрээ ялгаатай, онцлог болж байна. Тухайлбал, шалгалтын байранд ирэх цаг хугацааг нарийвчлан заан тусгай журам, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа. Шалгалтын байранд багийн ахлагч, сэдэв хариуцагч, ID буюу шууд засагч, хянагч багш нар ажиллаж байв.

Нэгдүгээр сургуулийн багийн ахлагч Х.Гэрэлцогт “Сурагчдад ЭЕШ-д хэрэг болох шаардлагатай зүйлсийг маш тодорхой зааж өгсөн. Суудлын хуваарь, бүртгэлийн дугаар, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримттай ирээрэй гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл хүүхдүүд шаардлагаас гадуур олон зүйл авчирч байна. Жишээлбэл, цүнх, утастай ирсэн.Энэ тохиолдолд бид авч орохыг хориглосон зүйлсийг хурааж кодлон авч үлдээд шалгалтаас гарч ирсний дараа буцаан олгож байгаа. Хэдийгээр олон сараар танхимын сургалт явагдаагүй ч ЭЕШ-ынхаа бэлтгэлийг сайн хангасан байна.

 Хүүхдүүдийг ирэх үед угтагч аль хэсэг рүү очихыг зааж өгнө. Хүүхдүүд ариутгалаа хийлгэж,  халуунаа хэмжүүлээд  маск зүүж, үзэг барьдаг гартаа зориулалтын халдвараас хамгаалсан нимгэн бээлий харин нөгөө гартаа хүнсний гялгар бээлий өмсөөд бие хоорондын зайгаа баримтлаад шалгалтдаа орсон. Бид бүх хүүхдийн халууныг хэмжиж тэмдэглээ хийж байгаа” гэлээ. Нэг ангид дээд талдаа 13 хүүхэд байрлуулж байгаа бөгөөд 37 хэмээс дээш халуунтай хүүхэд байвал тусгаарлах ангид оруулж нарийвчилсан үзлэг хийнэ. Коронавирусын хамааралтай халууралт биш байвал эмчийн тусламж үзүүлж тусгай зориулалтын баг өмссөн эмч болон хянагч багш нарын дор шалгалтаа өгөх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

ЭЕШ-ын дүн шалгалт өгч гарч ирснээс 30 минутын дараа гарч байгаа. Хүүхдүүдийн өгсөн материалыг хянагч багш лацдаад засалт руу өгнө. Засалтын өрөөнд шууд дамжуулалт явагдаж байгаа учир хүүхдүүд  www.live.eec.mn цахим хаягаар орж засч буй явцыг харах боломжтой. Энэ нь шалгалтын материалын засалт үнэн зөв, шударга, ил тодоор явагдаж буйг харуулах зорилготой гэсэн. Энэ талаар ЭЕШ хариуцсан багийн ахлагч Х.Гэрэлцогт “Хүүхдүүдээс хянагч багш шалгалтын материалыг хурааж аваад лацдаад үүний дараагаар бүх ангийн материалуудыг нэгтгээд автомат машинд уншуулах болон засч дууссаны дараах хэвлэх явцад хугацаа шаарддаг. 30 минут болж байгаа нь үүнтэй холбоотой. 30 минутын дараа гарч буй оноо  тухайн шалгуулагчийн авсан анхны оноо гэсэн үг.  Анхны оноо гэдэг бол тухайн хичээлийн шалгалтын сэдэв даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ. Авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Харин хэмжээст оноо нь 24 цагийн дараа гарч байгаа. Хэмжээст оноо гэдэг бол жил жилийн даалгаврын хүнд хөнгөний харьцааг тогтвортой байлгах зорилго бүхий олон улсын үнэлгээний аргачлал юм” гэсэн юм.

Монголын түүхийн хичээлээр ЭЕШ өгсөн Т.Батзориг “Би өглөө 08:50 цагт ирсэн.  Сургууль руу орохдоо халуунаа хэмжүүлж, гараа ариутгаад бээлий өмсч, бичиг баримтаа шалгуулсан. Мөн сургууль руу орох үед металл хайгчаар давхар шалгасан. Коронавирусаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа үргэлжилж байгаа учраас шалгуулагч хоорондын зайг 1.5-2 метр гэж заасан байсан. Үүний дагуу 12 шалгуулагч  нэг ангид сууж шалгалтаа өгсөн. Шалгалтын хувьд ихэнх даалгаврын асуулт  боломжийн байсан. Гэхдээ эргэлзээтэй зүйл байсан ч цагтаа амжуулсан” гэв. ЭЕШ-ын оноог Боловсролын үнэлгээний төвийн www.list.eec.mn цахим хуудас руу орж үзэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ө.Насантогтох



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.