СЕХ 38 тэрбумын багцынхаа гурван хувийг сонгогчдын боловсролд зарцуулдаг

Нэг үеийг бодоход сонгогчдын авч байгаа мэдээллийн суваг, төрөл хэлбэр шал өөр болсон. Гэтэл сонгогчид бахь байдгаараа тас харанхуй сонголт хийдэг хэвнээс хөдөлсөнгүй. Нэр дэвшигчдийн намтар, ёс зүй, мэдлэг, туршлагаас илүү нутаг ус, намын харьяалал, эрх мэдлийг чухалчилж байна. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг судлах биш өнөөдрөө аргацаасан материаллаг зүйлд илүү итгэдэг нь бодит төрх. Мөн сонгогчдын, залуу үеийн ирц жил ирэх тусам буурсаар байгаа нь сонгогчдод боловсрол олгох утга агуулга бүрэн хаягдсаны  илрэл.

Тэр бүү хэл сонгуульд хэрхэн оролцохоо ойлгоогүй. Худал мэдээлэл, хууль бус үйл ажиллагаанд автаж байгаа нь сонгогчдын боловсрол ямар доогуур түвшинд байгааг бэлхнээ харуулж байна. Энэ бүхний илрэл, үр дүн нь өнөөдрийн сэтгэл дундуур парламент гэж хэлж болно.

Уг нь сонгогчийн боловсролын асуудал, тэдэнд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг хариуцдаг албан ёсны төрийн байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо юм. Ард түмэн энэ байгууллагаар дамжуулж төр барих эрхээ эдлэх учиртай. Харин энэ институци иргэдэд ирээдүйдээ хэрхэн хариуцлагатай хандахыг нь зааж хэрсүү сонгогчийг бэлтгэх үүргийг хүлээдэг. Ингэхдээ зөвхөн сонгуулийн жил гэлтгүй дөрвөн жилийн хугацаанд сонгогчидтой ажиллаж, залуу үеийг бэлтгэх ёстой юм. Гэтэл өнөөдөр сонгогчийн боловсрол, улс төрийн оролцоо ямар байгаа нь хэн бүхэнд алган дээр дэлгэсэн мэт ил байна. Сонгогчдын боловсролыг өнгөцхөн харвал улс төрийн оролцооны асуудал мэт харагдана. Гэтэл өргөн утгаараа төрийн байгууллагын төлөөллөө сонгох, сонгосон төлөөлөлтэйгөө холбоотой байх, бодлого шийдвэрт санал өгөх, оролцох, хяналт тавих, хариуцлага  тооцох үйл явцыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, сонгогч  боловсролтой байвал төрийн эрх барих дээд байгууллага төдий чинээ хариуцлагатай, сайн институц байна гэдгийг судлаачид хэлсээр ирсэн. Мөн иргэдийн улс төрийн оролцоо сонгуульд саналаа өгөхөөр хязгаарлагдахгүй. Сонголтынхоо араас хариуцлага нэхэх, хэрэгжилтийг шаардах нь хүртэл  сонгогчийн боловсролд хамаардаг байна.

Олон улсад бол улиралд эсвэл сонгуулийн жилд хэчнээн удаа сонгогчийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас сонгогчийн боловсролдоо хэрхэн анхаардгийг мэдэх боломжтой. Канад, Австрали, Аргентин, Энэтхэг, Их Британи, Франц, Герман зэрэг орнуудад сонгогчийн боловсролын хөтөлбөр бүтэн жилийн турш үргэлжилсээр байдаг аж. Энэ нь сонгогчдыг хэзээ ч саналаа өгөхөд бэлэн, сонгуульд идэвхтэй байхад тусалдаг байна. Харин Монгол Улсын хувьд зөвхөн сонгуулийн үеэр сонгогчийн боловсролтой холбоотой мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Өөрөөр хэлбэл, улирал, жилээр биш сонгуулийн сурталчилгааны хэд хоногт л шахуу нийтлэл, нэвтрүүлгээр нүддэг. Мөн хэдэн төрийн бус байгууллагатай хамтрах нэрийдлээр бичиг, цааснаас илүү гарч гавьдаггүй. “Монголын төрийн өнгөрсөн 29 жилийн хугацаанд гаргасан хамгийн том алдаа нь сонгогчийн боловсролд анхаараагүй явдал. Сонгуулийн ерөнхий хороонд удаа дараа хүсэлт тавьдаг ч зөвхөн сонгууль явуулах зардал  гаргаж өгдөг. Сонгуулийн хороо хүн хүчний нөөц үүнээс илүү гарч чадахгүй гэж хариулдаг. Сонгогчийн боловсролын чиглэлээр хэдэн судлаачид, эрдэмтэд л бага сага ажил хийж ирсэн. Төрөөс энэ чиглэлээр юу ч хийгээгүй. Төр шинээр сонголтоо хийх гэж байгаа залуу сонгогчид руу чиглэсэн боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байна” гэдгийг Стратеги академийн судлаачид хэлж байв.

 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо өөрийн фэйсбүүк хуудсанд сонгогчийн боловсролын цуврал бичлэг хүргэж, анх удаа тусгай хэрэгцээт буюу хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичлэгийг бүтээж, тусгай дугаарын утас ажиллуулав. Гэвч  Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ  биелүүлсэнгүй. Маш хангалтгүй ажилласан гэдгийг Ерөнхийлөгч Их хурлын чуулганы индэр дээрээс хэллээ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролд зориулж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Тухайлбал, энэ жилийн УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод боловсрол олгох үйл ажиллагаанд 583.2 сая төгрөг төсөвлөсөн байв.

Мөн аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд ийм хэмжээний мөнгө зарцуулна гэдгийг албаны хүн хэллээ. Харин УИХ-аас Сонгуулийн хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад 2020 онд 38.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо Их хурал, орон нутгийн сонгуулиар сонгогчдын боловсролд 38 тэрбумын багцынхаа гурван хувьтай дүйцэх мөнгийг зарцуулна гэсэн үг.

Эндээс харвал 2020 онд УИХ, орон нутгийн сонгуулийн үеэр сонгогчдын боловсролд ихээр бодоход 1.2 тэрбум төгрөг зарцуулах нь. Хэдийгээр мөнгө төсөвлөсөн ч сонгогчдод боловсрол олгосон үр дүн ямар байгааг хэлж мэдэхгүй. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролд хэрхэн анхаардгаа тайлагнах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.