М.Шоэллхаммэр: Монголын Засгийн газар зээлийн хугацаандаа анхаармаар байна

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Роберт М.Шоэллхаммэртэй ярилцлаа.

-Монголд зээл тусламж үзүүлдэг донор байгууллагын нэг бол яахын аргагүй Азийн хөгжлийн банк. Танайх ардчилалд шилжих үеэс тусалж дэмжиж ирлээ. Нийт 22 жил хамтран ажиллаж байна уу даа?

-Тэгсээн, 22 жил ажиллажээ. Энэ хугацаанд 1.5 тэрбум доллартай тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бол зээл болон буцалтгүй тусламж. Мэдээж зээлээс илүү буцалтгүй тусламж давамгайлсан гэдгийг онцлох ёстой. Монголчуудад тусалсан анхны хөрөнгө оруулалт гэвэл Буянт ухаа дахь онгоцны буудал байна. Цахилгаан станц, харилцаа холбооны үйлчилгээг зохицуулах гэх мэт маш олон салбарт Азийн хөгжлийн банк хөрөнгө оруулалт хийсэн. -Яг өнөөдрийн байдлаар Монголд ямар төсөл хэрэгжүүлж байна. Гэр цэцэрлэг төсөл болоод боловсрол, эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжиж байгаа бил үү?

-Манайх хувийн хэвшил болон төрийн байгууллагатай нягт хамтран ажилладаг. Хувийн хэвшлээс гэвэл ХААН, “Хас” банкуудтай хамтран ажиллаж, тэднээр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээл олгож байна. Түүнээс гадна “Монфрэш”, “Дархан нэхий”, “Эрдэнэт хивс” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Хувийн хэвшлийг дэмжих гол шалтгаан нь ажлын байр бий болгох, олон хүнийг ажилтай болгоход чиглэдэг. Ер нь бид бүхэн төсөл хэрэгжүүлэхдээ аль болох хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангахыг зорьдог байгаа. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнийг импортлоход нь тусалж байна. Түүнээс гадна Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх замыг ашиглалтад оруулсан. Яах вэ, энэ зам ашиглалтад орох хүртлээ хугацаа алдсан зүйл бий. Харин баруун чиглэлд Ховд, Баян-Өлгийг холбосон замыг ашиглалтад оруулахад Азийн хөгжлийн банк хөрөнгө оруулалт хийсэн.  Энэ нь цаашид ОХУ блон бусад улстай хилийн худалдаа хийх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болох нь дамжиггүй. Мэдээж таны асуусанчлан эдийн засгийг эрчимжүүлэхэд туслахаас гадна нийгмийн хөгжлийн чиглэлд хөрөнгө оруулахыг зорьж байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалт анхаарч байна. Боловсролын салбарын хувьд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт Монгол орны бүх сум, аймаг, дүүрэгт хэрэгжсэн. Саяхан Азийн хөгжлийн банкнаас гэр хорооллыг хөгжүүлэх томоохон хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийг яагаад батлав гэхээр нийслэлд маш олон хүн гэр хороололд, хотын захад амьдарч байна. Тэд усан хангамжаас эхлээд хамгийн наад захын хэрэгцээ хангагдаагүй орчинд амьдардаг шүү дээ. Үүнийг өөрчилж шинэчлэх нь хөтөлбөрийн гол зорилго.

-Цаашид буцалтгүй тусламжийн хөтөлбөрүүд  аль салбарт голчлон хэрэгжих вэ?

-Манай банк гишүүн орнуудаасаа бага орлоготой ангилалд багтсан орнуудад буцалтгүй тусламж үзүүлдэг. Харин Монгол Улс саяхан бага орлоготой орноос дундаж орлоготой орны ангилалд шилжиж орсон. Тэр ч утгаараа Азийн хөгжлийн банкнаас Монгол оронд дахин буцалтгүй тусламж олгоход хэцүү болсон шүү. Ганц эх үүсвэр байгаа нь Японы ядуурлыг бууруулах сан. Энэ сангаар дамжуулан буцалтгүй тусламжийг үргэлжлүүлэн авах эрх нь хэвээрээ байгаа. Монгол Улсыг дундаж орлоготой ангилалд шилжүүлсэн нь ганцхан  Азийн хөгжлийн банк төдийгүй бусад донор байгууллагууд болох Дэлхийн банк, “Жайка” зэрэг олон улсын байгууллагын бодлогод нөлөөлж байна. Тэд Монгол Улсад зөвхөн зээл олгодог болсон. Монгол Улсын хувьд нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тодруулбал, 10 жилийн өмнө гэхэд монголчуудын улсын төсөв хэдэн зуун сая доллараар хэмжигддэг байсан бол 2013 онд таван тэрбум долларын хэмжээнд батлагдаж байна шүү дээ. Энэ нь Монгол Улс өөрсдийн хөрөнгөөр хөгжлийн  төлөө маш их зүйл хийх бололцоотой болжээ гэсэн үг.

-Нэг зүйлийг онцлон асуумаар байна. Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн 27.9  хувь нь Азийн хөгжлийн банкнаас авсан зээл гэсэн мэдээ байна?

-Хэдэн жилийн өмнөөс Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас зөвхөн буцалтгүй тусламж авах төдийгүй зээл авах эрхтэй улс орны ангилалд шилжсэн. Хэдийгээр зээл гэдэг хүнд сонсогдож байгаа ч авахад маш хялбар нөхцөлтэй зээл байгаа. Маш бага хүүтэй. Жилийн хүү нэг хувиас ч бага. Буцан төлөх хугацаа 15-20 жилийн урт хугацаатай. Үүнийг улс орнууд аль болох ашиглах хэрэгтэй. Энэ 27.9 хувь гэдэг бол Засгийн газар “Чингис”, “Самурай” бонд авахаас өмнөх тоо байх. Өнөөдрийн байдлаар энэ хувь бага болсон.

-Тэгвэл зээлийн эргэн төлөлт хэр байна. Монголын Засгийн газар зээлээ хугацаандаа төлж байна уу?

-Манай банкны гишүүн орон дотор Монгол зээлийн эргэн төлөлтөө маш сайн хийдэг орон. Азийн хөгжлийн банкнаас Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг хараад сэтгэл хангалуун байдаг. Жишээлбэл, олон улсын агаарын замын сүлжээ, төлөвлөлтийг сайжруулахад 20 сая долларын зээл өглөө. Энэ зээлээр Засгийн газар дээрх чиглэлийн үйлчилгээгээ сайжруулснаар газар нутаг дээгүүрээ нисч өнгөрч байгаа олон улсын авиа компаниудаас жилд 70 сая долларын татвар хураамж авдаг болсон. 20 сая доллар ийм үр өгөөжтэй байгаад бид баярлаж явдаг шүү.

-Манай улсын гадаад өрийн хэмжээ сүүлийн үед нэмэгдэж байна. Өрийн зохистой хэмжээ алдагдаж мэднэ гэсэн болгоомжлол олон хүнд байна. Зээл тусламжийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд энэ талаар ямар бодолтой байгаа бол?

-Монгол Улсын хувьд нөхцөл байдал маш их өөрчлөгдөж байна. 20 жилийн өмнө Монгол Улс аль болох буцалтгүй  тусламж авахыг хичээдэг байлаа шүү дээ. Тусламжид тулгуурласан улс байсан гэхэд хилсдэхгүй. Харин 20 жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг дээр онцолж хэлсэн дээ. Өнөөдөр монголчууд донор байгууллагуудаас тэр болгон буцалтгүй тусламж аваад байх шаардлагагүй болсон.

Тэгээд ч ангилал өөрчлөгдсөн учраас тийм эрхгүй болоод байна. Зарим донор байгууллага Монголд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн үндэслэлээр үйл ажиллагаагаа зогсоож байна. Олон улсын хөгжлийн агентлаг энэ сараас эхлэн үйл ажиллагаагаа зогсоох сураг байсан.  Монгол орон маш их хөгжсөн. Энэ хөгжлийнхөө хэрээр хөрөнгө оруулах шаардлага ихэсч байна. Улаанбаатарт гэхэд дээр хэлсэн хотжилтын үйл явцыг эрчимжүүлэх сайжруулахтай холбоотой маш их хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Эндээс дүгнээд үзэхэд Монгол Улсын хувьд өрийн хязгаарыг 40 хувиас дээш давуулах нь бусад улс оронтой харьцуулахад тийм их өндөр биш.

-Зээлийн хязгаар 40 хувиас дээш болно гэж үү?

-Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улс илүү их зээл авч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ тэдгээр хөрөнгө оруулалтыг хамгийн нэн тэргүүнд шаардлагатай байгаа гэсэн үйлчилгээнүүддээ оруулах ёстой. Хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ зэрэг нэн тэргүүний чухал үйлчилгээнүүдийг сайжруулахад энэ хөрөнгө оруулалтыг ашиглах шаардлага бол байна.

-Азийн хөгжлийн банк монголчуудад 22 жилийн туршид буцалтгүй тусламж, зээл өгчээ. Энэ хугацаанд хэрэгжсэн төслөөс үр дүн муутай төсөл байв уу. Сэтгэлд хүрээгүй гэсэн үг?

-Манай  хөрөнгө оруулалтууд бүх салбарт боломжийн төвшинд хэрэгжиж байна. Эндээс онцлоод аль нэг салбар дахь хөрөнгө оруулалт хангалтгүй байна гэж хэлэх төвөгтэй. Ерөнхийд нь хэлэхэд аль болох төслүүдээ хурдан хугацаанд л хэрэгжүүлдэг болмоор байна. Засгийн газрын төвшинд үүнд анхаарч товлосон хугацаанд нь хэрэгжүүлж байвал сайнсан. Тэгвэл илүү их үр дүнтэй болно. Эцсийн эцэст энэ бүхний ард ашиг хүртэгч нь ард түмэн байгаа. Хүмүүс бол үүнийг хүлээхгүй. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах, усны хангамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр маш олон өөрчлөлтүүдийг  хүлээж байгаа. Ер нь бол татвар төлөгчдийн мөнгөнөөс энэ зээлүүдийг эргэн төлнө. Тийм учраас товлосон хугацаандаа багтаагаад төслүүдээ хэрэгжүүлнэ гэдэг татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой ашиглаж байгаагийн нотолгоо болох юм. Энэ л хамгийн чухал асуудал байгаа. Баруун чиглэлийн зам хугацаанаасаа өмнө хэрэгжсэн. Замын-Үүдийн зам жаахан удаашралтай хэрэгжсэн. Гэхдээ одоо бол дууссан. Төслүүд ерөнхийдөө гайгүй хэрэгжиж байгааг хэлэх байна.

 -Танай банкнаас өнгөрсөн хугацаанд олгосон нийт 1.5 тэрбум долларын хэд нь зээл вэ?

-600 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, 900 сая нь зээл эзэлж байна.

 -Монголын Засгийн газраас 900 саяынхаа хэдэн хувийг эргэн төлөв?

-900 саяасаа Засгийн газар ашигласан мөнгөндөө л хүүг нь төлж байгаа. Ашигласан мөнгө нь одоогоор 300-400 сая байгаа байх. Энэ мөнгөнийхөө хүүг төлж байгаа. Эргэн төлөлт бол 15-20 жил. Одоо тавдугаар цахилгаан станцад хөрөнгө оруулахад Азийн хөгжлийн банкнаас 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ бол Засгийн газарт олгогдох биш Монгол-Франц-Японы хамтарсан консорциумд гаргаж өгч байгаа зээл. Эргэн төлөлтийг нь хувийн хэвшил буюу консорциум хариуцана.  Тэгэхээр Азийн хөгжлийн банкнаас Монголд хийж байгаа бүх хөрөнгө оруулалтыг Засгийн газрын өр гэж ойлгож болохгүй.


Д.БОЛОРМАА
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.