Н.Номтойбаярын шүүх хурал хойшлогдож, Сонгуулийн санал хураалтын нууц дэлгэгдсэн долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын тоймыг хүргье.

Урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгууллаа

Долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын 2020 оны сонгууль орон даяар явагдаж дууслаа. Улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 иргэн саналаа өгч, ирцийн мэдээ 73.64 хувьд хүрлээ. 2000 оноос хойш сонгууль бүрээр тогтмол буурч байсан ирцийн үзүүлэлт анх удаа сэргэж, 73.64 хүрсэн байна.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62, АН 11, "Зөв хүн элекрат" эвсэл 1, "Та бидний эвсэл" 1 бие даагч 1  суудал тус тус аваад байгаа юм. Дүнг СЕХ нэгтгэж, тогтоол гаргах юм. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүст үнэмлэхийг нь гардуулах бөгөөд түүний дараа УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг ерөнхийлөгчид өргөн барина.

Үерийн үеэр 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Долоо хоногийн пүрэв гарагт Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллалаа.

Гол, мөрний усны түвшин их байгаа эн үеэр холбогдох албан байгуулллагууд нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох нийт 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Тухайлбал,  Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутагт “Жарантай” голын гүүр эвдэрсэн тул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, 50 иргэнийг, Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутагт “Энтий” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Эг” голын гармаар 130 иргэнийг,Мөн сумын Эрэн багийн нутаг “Давааны-Ар” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Жаргалант” голоор 52 иргэнийг, “Эг” голоор 59 иргэнийг; Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын Сэлэнгэ мөрнөөр 50 иргэнийг, Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Тэрэлжийн их гарам” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, “Туул” голоор 4 автомашин, 81 иргэний аюулгүй байдлыг ханган гол усаар гаргаж сонгуульд оролцуулсан байна.

Бие даагчид сонгуулийн санал хураалтын нууцыг дэлгэлээ

Долоо хоногийн баасан гарагт УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар бие даагчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн тойрогт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд сонгуулийн үр дүнг эргэлзээтэй байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Манай улс 2012 оноос хойш автомат хайрцгийг хэрэглэж ирсэн. Хуульд заасны дагуу хүмүүсийн ярьж заншсанаар хар машинаар тооллогоо явууллаа. Энэ удаагийн сонгуульд өнгөрсөн долоо сонгуулиас хамгийн олон буюу 121 хүн бие даан  сонгуульд оролцсон. Харамсалтай нь зөвхөн бие даагчид дээр сонгуулийн машинд огт байхгүй таслал, оронгийн формат орж ирсэн. Эхний жагсаалт гарахад миний нэр ерөөсөө гарч ирэхгүй байж байгаад гэнэт 7,311 нэр дэвшигчээс хамгийн эхэнд 7,311 гэж гарч ирсэн. Энэ бол эксел дээр гарч ирж байгаа хөндлөнгийн хакер ажиллагаа. Энэ ганцхан над дээр биш л дээ.  Бичлэг ухрааж үзвэл бүх бие даан нэр дэвшигч дээр ийм таслал гарч ирсэн.

Үүнийг ТЕГ шалгах үүрэгтэй. Ийм учраас өнөөдрийн эрх барьж байгаа нам, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд хандаж хэлмээр байна. Та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж байгаа улс орон нам засгийнхаа нийтлэг эрх ашиг нийт ард түмнийхээ төлөө үйлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ увиагүй үйлдэл хийсэн өөрсдийнхөө намын хакерын үйлчилгээ үзүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцох сонгуулийн дүнг шударгаар гаргах хэрэгтэй байна” гэжээ.

Н.Номтойбаярын шүүх хурлыг дахин хойшлууллаа

Долоо хоногийн баасан гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаярт холбогдох хэргийг шүүх хурал болж өнгөрлөө.Хурлын үеэр шүүгдэгч Н.Номтойбаяр өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт дахин товлосон юм. Мөн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулсан байна.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.