Польш улсад суугаа Элчин сайд Б.Дорж та хариуцсан ажлаа хийнэ үү
Дэлхий дахинаа коронавируст халдвар тархаад буй энэ үед эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэдний зүгээс хамгийн эхэнд амьдарч буй газрынхаа ЭСЯ-нд өргөдөл, гомдол хүсэлтээ цахимаар гаргаж байгаа. Гэтэл БНПУ-д суугаа ЭСЯ иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдолд огт хариу өгөхгүй, иргэддээ хэрэгтэй мэдээллийг нь хүргэх нэг үгээр бүрэн “хаалттай” ажиллаж байна.

Уг нь бол Монгол улсаас Польш улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  Бархасын Дорж гэх хүн бий. Түүний хувьд Тэрбээр Украйн, Латви,Литва гэх улсуудыг Варшав дахь ЭСЯ-наас хавсран суудаг гэж байгаа. Түүний зөвлөхөөр А.Гэрэлмаа, консулаар А.Түвшин гэх хүмүүс ажилладаг. Гэвч тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.



Гэтэл бусад улсад суудаг элчин сайдууд Монгол улсад болж буй үйл явдал, тусгай үүргийн нислэгт багтсан хүмүүсийн нэрс болон цар тахлын үеийн мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй  иргэддээ хүргэн ажиллаж байгаа. Гэтэл БНПУ-д суугаа ЭСЯ цаг даруйд нь мэдээлийг хүргэдэггүйгээс гадна цахим хуудас ба сайтдаа оруулсан хамгийн сүүлийн мэдээлэл нь өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр байгаа юм.



Уг нь Элчин сайдын яам болон Консул нь Монгол Улсын болон суугаа улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг даган мөрдөж, олон улсын зан заншлын хэм хэмжээг хүндэтгэн, Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, иргэний өргөдөл, хүсэлт, гомдлыг бичгээр хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах арга хэмжээ авах, тойрогтоо байнга болон түр оршин сууж байгаа иргэний иргэний бүртгэлийг хөтлөх,  суугаа улсын хууль тогтоомж, тухайн улсын зан заншлыг тайлбарлан таниулж байх,тэдний зорчих, шилжин суурьшихтай холбогдуулан гаргасан консулын шийдвэрийг биелүүлэх ёстой. Мөн тойрогтоо байгаа Монгол Улсын иргэнд Монгол Улсын шинээр гарсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ба өөрийн улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, урлагийн арга хэмжээ, сурталчилгаа зэрэг ажлыг зохион байгуулахад нь туслалцаа үзүүлэх зэрэг олон үүргүүдийг хүлээдэг.

Гэтэл бүхэл бүтэн дөрвөн улсыг хавсран суудаг элчин сайд Б.Дорж та, яагаад хариуцсан ажлаа хийхгүй байна вэ?

Цар тахлын тархалт өдөр өдрөөр хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа энэ үед өөрийн улсын иргэддээ цаг алдалгүй мэдээлэл хүргэж,иргэддээ туслах нь таны үүрэгт ажил биш гэж үү?
 
 Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus