
Хариуцлага хүлээж суудлаасаа буух ёстой Д.Цогтбаатар нэр дэвшиж буй нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? Долоо хоногийн дараа УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн гарч, парламентад суух 76 эрхэм сонгогдоно. Өнгөрсөн дөрвөн жилийн хувьд МАН үнэмлэхүй олонх болж, төрийн эрхийг барьсан.
Гэвч төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх тангараг өргөсөн тэд ард түмнийхээ өмнө шившгээ тарьж, хариуцлагагүйн зуд нүүрлүүлсэн. Бүр гадаад орнуудад дахь димпломат албаныхан нь хар тамхи зөөж, Монгол төрийн нэр хүндээр тохуурхсан үйл явдлууд шил дарааллан өрнөв. Гэтэл салбарын сайд нь хэнэг ч үгүй энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлээд явж байх. Ёс зүй, хариуцлага хаана байна вэ? Хэдхэн хоногийн өмнө хар тамхины хэргээр Монголын консул 11 жилийн ял сонссон. Тэд бол 70 килограмм хар тамхи /героин/ тээвэрлэсэн хэргээр ял авсан Туркийн Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консул асан Б.Баттүшиг, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын жолооч С.Эрдэнэбаяр нар юм. Гэтэл энэ байдал Монгол Улс дүгнэлт хийсэнгүй, салбарын сайд ч хариуцлага хүлээсэнгүй. Бүр дахин УИХ-ын 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлэн давхиж явах нь тэр. Уг нь бол Д.Цогтбаатарын хувьд дээрх асуудалд хариулцлага хүлээх нь улс төрийн ёс зүй. Учир нь түүний тушаалаар томилогдсон жолооч гуай хар тамхины хэргээр ял авлаа.
Гуя дагаж хүзүү гэдэгчлэн Д.Цогтбаатар гадаад яаманд өндөр алба хаших бүртээ жолооч С.Эрдэнэбаярыг дэргэдээ авсан түүх цаасан дээр хараар дурайж байдаг. Тодруулбал, Д.Цогтбаатар 2010-аад оны сүүлчээр ГХ-ийн сайд Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа С.Эрдэнэбаярыг өөрийн жолоочоор авч ажиллуулсан. Дараа нь 2017 онд сайдын суудалд суухдаа мөн л тушаал гаргаж, С.Эрдэнэбаярыг жолоочоороо ажиллуулж эхэлсэн байдаг. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 14-ний Б/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий консулын газарт жолоочоор томилсон. Гэвч удалгүй мань эр хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан байдаг. Ийнхүү Д.Цогтбаатар Гадаад харилцааны яаманд очих бүртээ С.Эрдэнэбаярыг дэргэдээ авч, улмаар гадаад орнуудад консулд жолоочоор томилох тушаал гаргадаг. Үүний уршгаар Монгол Улсын гадаад нэр хүнд унаж, эдийн засгийн төрөл бүрийн хориг арга хэмжээнд орох хүртлээ асуудал өндрөө авсан.
Гэтэл үүний хариуцлагыг хүлээх ёстой Д.Цогтбаатар УИХ-ын 2020 сонгуульд нэр дэвших нь тэр. Бүр зав чөлөөгүй сонгуульдаж, шоудсаар гүйх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? Иймээс эрхэм сайд Д.Цогтбаатар танд Монгол Улсын дипломат албаны нэр хүнд шороотой худгалдсан байгааг сануулмаар байна. Иймээс та нэрээ дэвшүүлэх биш хариуцлагаа хүлээж нэрээ нь татсан нь илүү ёс суртахуунтай хэрэг болно.
О.ОНОН