С.Баяраас 5, С.Баярцогтоос 10 тэрбумын барьцаа авахаар шийдвэрлэжээ
С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан тул тус тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлосон байна. 

Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус өөрчилж, тэдгээрийг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,  шүүгдэгч С.Баярт урьд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бямбасайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байна.

Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus