Нийслэл хотыг хөгжлийн дараагийн шатанд гаргах бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020/06/12/ Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” үзэл баримтлал, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг болон авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөө, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хөнгөвчилжээ. Ингэснээр иргэдэд түрээсийн орон сууцтай болох таатай боломж нэмэгдэж байна.

Төрөлжсөн хөгжилтэй хотуудыг бий болгоно

УИХ Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт “Улаанбаатар ба дагуул хот”-ын асуудлыг тусгахдаа Х.О.Т буюу Хүн төвтэй хотын бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил, Сайн засаглал, Дагуул хот бодлогыг баримталжээ.      

Ирэх жилүүдэд Налайх, Багануур, Багахангай, Гачуурт, Хонхор, Майдар, Аэросити зэрэг хотуудыг бий болгох байдлаар төрөлжсөн хөгжилтэй хотуудыг хөгжүүлнэ. Харин Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэх аж. Орон сууцны бодлогын тухайд гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцны хороолол, тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, орон сууцны хангамжийг төвлөрсөн шугам сүлжээнд 70 хувь, инженерийн бие даасан эх үүсвэрт 30 хувийг холбон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэл хотын хувьд хамгийн чухал асуудал болох нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлыг ч үүнд тусгасан. Олон төрөлт ухаалаг тээврийн сүлжээг бий болгож, тусгай замын автобус, агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон тээвэр, газар доорх тээвэр зэргээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг Засгийн газраар батлууллаа

Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалыг Засгийн газраар батлууллаа. Энэхүү баримт бичгийг Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулсан юм. 2013 онд боловсруулсан нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд 29.6 хувьтай гарчээ. Биелэлтэд улс төр, эдийн засгийн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч цаашид энэ алдааг давтахгүй байх үүднээс нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан ажиллажээ. 2040 оны төсөөллөөр нийслэлийн хүн амыг 2.2 сая байх аж. Шинээр 495 мянган орон сууц ашиглалтад орж,  нэг сая 50 мянган ажлын байр бий болно гэсэн төсөөллийг гаргасан байна. Энэхүү төсөөллийн дагуу амьдрах таатай орчноор хүрээлэгдсэн, өндөр боловсрол, идэвхтэй амьдралын хэв маягтай, улсын ирээдүйн цөм болсон иргэнийг хөгжүүлэх юм. Байгаль орчны чиглэлээр экологийн коридорыг бий болгох бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын хилийг дагуулан 50 метр өргөнтэй суурьшлыг хязгаарлах ногоон бүсийг байгуулна. Мөн одоогийн байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудад болон төлөвлөлтийн дэд төвүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах аж.

Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх энэхүү баримт бичигт инженерийн хангамж, зам тээврийн сүлжээ, орон зайн төлөвлөлт зэргийг тусгаж өгчээ.

Орон сууцны санг бүрдүүлж эхэллээ

Нийслэл хот иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг боловсруулсан. Орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх хэлбэрээр зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авах замаар иргэдээ орон сууцжуулж, нөгөө талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Нийслэлд 5301 айлын орон сууц бэлэн байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, иргэдээ орон сууцжуулах боломж бүрэн байна. Одоогийн байдлаар орон сууцны сангаа бүрдүүлж байгаа аж. Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулах байдлаар зохион байгуулах юм байна.

Засгийн газар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Өмнө нь иргэн орон сууцаа тав хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгажээ. Мөн өмнө нь зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонголт хийх болзол тавьдаг байсан. Харин одоо гадаад, дотоодын зээл, тусламж болон хувийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг боломж бүрджээ. Түүнчлэн 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох зохицуулалтыг хийжээ. Ингэснээр иргэдийг орон сууцжуулах, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө болон иргэдийг орон сууцжуулах бодлого төлөвлөлтийн талаар мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар авто замын сүлжээний нягтрал 2.1 км байгаа бол 2030 он гэхэд 3.6 км байхаар төлөвлөжээ. Хүн амын нягтралтай уялдуулан авто замын сүлжээний ирэх жилүүдийн төлөвлөгөөг гаргасан байна. Авто замын сүлжээний төлөвлөгөөнд Улаанбаатар хотод энэ онд 52 км дугуйн замыг барих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus