888 төсөл ууршилгүй урагшилж байна
Хэний ч төсөөлөөгүй хэнз төсөл гэвэл “888”-ыг хэлэх биз. Эдийн засгийн хүндхэн үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор эхлүүлсэн дээрх төсөл эцэстээ Мянгуужингийн үлгэр болсон гэх яриа өнгөрсөн долоо хоногт эрчимжив. Өөрөөр хэлбэл, төслөөс маш цөөхөн нь санхүүжилт авсан тухай шүүмжлэл хүчтэй өрнөсөн. Тооны бэлгэдлийг нь бодсон уу, тооцоолж судалсан уу ямартай ч 888 төслийг Хөгжлийн банк болоод Эдийн засгийн хөгжлийн яам дэмжиж, санхүүжүүлэхээ амласан. Улмаар төслийг санхүүжүүлэхэд нийт 7.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол бий.

Улмаар Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам дээрх төслүүдийг судалж үзээд импортыг орлох, экспортыг дэмжих төсөл эдийн засагт ашигтай гээд тодорхойлчихсон. Харамсалтай нь Засгийн газрын болзлыг хангасан төслүүд арилжааны банкуудын босгыг давалгүй унаж байна хэмээн бизнес эрхлэгчид гомдоллож байна. Тэд сайд дарга нарын эргэн тойронд буй хүмүүс л зээлд хамрагдаж, алгаа дээш нь харуулсан гэх хардлагыг ч хэлж байгаа юм. Нөгөө талаас Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжихэд зориулахаар төлөвлөсөн Чингис бондын үлдэгдэл мөнгийг өөр зүйлд “үрчихсэн” гэх таамаглалыг хамгийн их дэвшүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдэд хатуу чихэр харуулчихаад хазуулахгүй байгаа гэх.

Тэгвэл энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат “Хоёр тэрбум буюу түүнээс доош хэмжээний зээл хүссэн 599 төслөөс 93-ийг нь санхүүжүүлэх  шийдвэр гарсан. Түүнээс 39 төслийг санхүүжүүлээд байна. Нийт 93 төслийн авах зээлийн дүн 45 тэрбум төгрөг. Харин хоёр тэрбумаас дээш хэмжээний зээл хүссэн 280 гаруй төслөөс 13 төслийнх нь 68 тэрбум төгрөгийг баталсан. Эдгээрээс таван төслийн 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон” хэмээв. Товчхондоо шалгарсан 888 төслийн санаачлагчид арилжааны аль ч банкинд хандан, зээл авах боломжтой. Төсөлд хамрагдсанаар 5 жил хүртэл хугацаатай. Жилийн 9-өөс илүүгүй хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 12 сараас доошгүй байх бөгөөд зээлийг төгрөгөөр олгоно. Мөн эхний нэг жилийн хугацаанд зөвхөн хүүг төлж, үндсэн төлбөрөө төлөхгүй байх зэрэг уян хатан нөхцөлтэй. 

Гол нь төсөл эдийн засагт хурдан өгөөжөө өгөх, зээлийн эргэн төлөлтийн чадвартай байх, экспортыг дэмжиж, импортыг орлох чадвартай байх нь чухал. Хэрэв энэ болзлыг хангаж буй бол ямар ч дарамт шахалтгүйгээр асуудлыг арилжааны банкууд шийдвэрлэж байгаа аж. Үнэхээр сайн төсөл боловсруулсан бизнесүүдийн хувьд маш том боломжийг Засгийн газраас олгож байна гэх эдийн засагчдын магтаалыг ч орхигдуулж боломгүй. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнесийн хувьд зээлийн хүүгийн дарамт, богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх шаардлага, барьцаа хөрөнгө гэх мэт дарамт их байдаг нь энэхүү зээлд хамрагдсанаар багасаж байгаа гэнэ. 

Урт хугацаанд эдийн засгийг хэрхэн тогтвортой өсгөх вэ гэсэн асуудал хамгийн чухал. Үүнд ганц хариулт шалгарсан байдаг. Тэр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж эдийн засаг валютын ханшийн савалгаанаас хамгаалагдаж чадна. Нөгөө талаас валютын ханшийн энэ өсөлттэй үед үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тохиромжтой нөхцөл бүрддэг. Учир нь импортоор оруулж ирсэн ундаа 1000 төгрөг байдаг байсан бол ам.долларын ханш өссөнөөр 1300 төгрөг болж өсдөг. Харин үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн ам.доллараас хамаарал багатай тул үнэд өөрчлөлт орох эрсдэл бага. Энэ тохиолдолд үнэ хямдаар нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгохыг илүүд үздэг. Энэ зарчимд суурилан дээрх төслийг шалгаруулан санхүүжүүлэхээр болсон билээ. Сонгогдсон төслүүдийг салбараар нь ангилвал, барилгын материалын үйлдвэрлэлийн санал давамгайлж буй. Бүтээн байгуулалтын ажлуудад нэн хэрэгцээтэй дийлэнх барилгын материалыг гаднаас худалдан авч байгаа энэ үед импортыг орлох 210 төсөл зөвхөн энэ салбарын үйлдвэрлэлд зориулагдахаар байгаа нь магтууштай. Барилгын материал овор хэмжээ, жин ихтэй тул бид тээврийн зардалд хамаг хэдээ тоолоод өгчихдөг. Ингээд эцэст нь дээрх зардал орон сууцны метр квадратын үнэд шингэж байна. Энэ нь орон сууц авч буй иргэн, төсвөөс санхүүжилт олгож буй төр засагт ч зарлагатай.  Үүний дараагаар хүнсний бүтээгдэхүүн, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, химийн үйлдвэр, эрчим хүч, малын гаралтай түүхий эд боловсруулах, эм, эмнэлгийн үйлдвэрлэлийн төслүүд багтжээ.
 
Төслийн явцад шинэ технилоги нэвтрүүлжээ

Иймээс энэ талаар тодруулахаар ХасБанкийг сонгосон юм. Учир нь тус банк жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр зээл олгодог томоохон банкуудын нэг. Хамгийн гол нь үйлдвэрлэлтийн явцад дэвшилтэд технологи шаардсан бүтээгдэхүүнийг 100 хувь гадаадаас импортлодог бол энэ төслийн ачаар дотооддоо үйлдвэрлэсэн паркетан шал, гадаадаас өндөр үнээр импортлон авдаг мебель, хурдтай хөгжиж байгаа барилгын салбарын үндсэн түүхий эд, бүхий л салбарт ашиглагддаг хуванцар зэргийг боломжийн үнээр дотоодоосоо авах боломж нээгдэх аж. Түүгээр үл барам, 888 төсөлд гахайн болон загасны аж ахуй эрхлэгчид цөөнгүй байгаа нь гадаад руу экспортлох махны төрөл зөвхөн хонь үхрийн махаар хязгаарлагдахаа болих боломжийг бий болж байгаа талаар ХасБанкны Бизнес Хөгжүүлэлтийн хэлтсийн Төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Рэгзэдмаа тодотгож байлаа. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-888 төслийн хүрээнд ямар хүндрэлүүд гарч байна?

-Энэ төсөлд хамрагдах аж ахуйн нэгж болон иргэдийн нэрс 2014 оны хавар нийтэд “888” гэсэн жагсаалтаар зарлагдсан. Тухайн үед Хөгжлийн банк арилжааны банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Гэвч холбогдох газруудтай хамтран ажиллах гэрээ байгуулах явц хүлээж байснаас хамаагүй удааширсанаас үүдэн иргэд бухимдлаа банкинд илэрхийлэх тохиолдол гарсан.

-Уг зээлийн төсөлд ямар байгууллагууд хамрагдаж болох вэ. Тэд зээлд хамрагдахын тулд хэнд хандах вэ?

-Төслийн зээлийг хоёр тэрбумаас дээш болон доош үнийн дүнтэй гэж хоёр ангилж буй. Хоёр тэрбумаас дээш үнийн дүнтэй төслийн зээл авахын тулд бизнес эрхлэгч Хөгжлийн яамнаас 2014 оны дөрөвдүгээр сард гаргасан 888 үйлдвэрлэгчийн жагсаалтад орсон байх шаардлагатай. Харин хоёр тэрбумаас доош үнийн дүнтэй төслийн зээл авахын тулд 888 жагсаалтаас гадна Хөдөлмөрийн яамны харьяа Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сангийн төсөл сонгон шалгаруулах комиссоос дэмжигдсэн тухай албан бичигтэй байх ёстой. Харилцагч нартаа анхааруулан хэлэхэд арилжааны банк нь зээлийн судалгаагаа өөрийн банкны зээлийн журмын дагуу хийж гүйцэтгэдэг. Иймд бүрдүүлэх материалтай холбоотой мэдээллийг манай банкны аль ч салбараас авах боломжтой.

-Зээлийн төсөлд танай банкаар дамжуулан ямар байгууллагууд хамрагдаад байгаа тухай мэдээлэл өгөхгүй юү?

-Нийт 34 төсөл хэрэгжүүлэгчийн 21.1 тэрбум төгрөгийн төслийн зээлийн судалгаа хийж, шийдвэрлэн, нэхэмжлээд байна. Түүнчлэн Экспортыг дэмжих, импортыг орлуулах үйлдвэрлэлийн төслийн санхүүжилтээс Хөдөлмөрийн яамны дэргэдэх ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах комисс болон дэд комиссоос дэмжигдсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа. Төсөл сонгон шалгаруулах комисс болон дэд комиссоос дэмжигдсэн 168 төсөл хэрэгжүүлэгчийн 10.5 тэрбум төгрөгийн зээлийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Эдгээр 168 төслийн дийлэнх нь орон нутгийн салбаруудаас ирүүлсэн өргөдөл байгаагаас манай банк орон нутгийн бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудлыг шийдэх тал дээр анхааран ажиллаж буйг харж болно. Өнөөдрийн байдлаар нийт нэхэмжилсэн эх үүсвэрээс 11.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр Хөгжлийн банкнаас шилжин ирж харилцагчдад олгосон.

-Төсөлд барилгын үйлдвэрлэл давамгайлж буй гэсэн. Харин танай банкаар үйлчлүүлсэн хэрэглэгчид аль салбарт бизнес эрхлэгчид байгаа талаар
тодруулахгүй юу?


-Манай банкаар үйлчлүүлсэн төсөл хэрэгжүүлэгчдийн бизнесийн чиглэлийг нь задлан үзвэл маш олон салбарынхан бий. Тухайлбал, хоёр тэрбумаас дээш үнийн дүнтэй төслүүдэд гоймонгийн, хуванцарын болон цаасан хайрцагны үйлдвэрлэгч нар байх жишээтэй. Харин хоёр тэрбумаас доош үнийн дүнтэй төслүүдэд паркетан шалны, цайны, давсны, мебель тавилгын, хэв шахмалын, тариурын, загасны аж ахуй, гахайн ферм, барилгын материалын үйлдвэрлэгч, ноосон эдлэлийн үйлдвэрлэгч нар багтсан.  

-Шинэ технилоги нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Үйлдвэрлэлтийн явцад нь дэвшилтэд технологи шаардсан бүтээгдэхүүнийг 100 хувь гадаадаас импортлодог байсан. Харин 888 төсөл хэрэгжсэнээр дотооддоо үйлдвэрлэсэн паркетан шал, гадаадаас өндөр үнээр импортлон авдаг мебель, хурдтай хөгжиж байгаа барилгын салбарын үндсэн түүхий эд, бүхий л салбарт ашиглагддаг хуванцар зэргийг боломжийн үнээр дотоодоосоо авах боломж нээгдэх юм.
 
Ийнхүү бидний яриа цааш хөвөрсөн. ХасБанк нь Засгийн газар болон гадаадын байгууллагуудаас санхүүжүүлдэг гол төсөл хөтөлбөрүүдэд голлох үүрэгтэй оролцдог аж. Тухайлбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, JICA-ийн ЖДҮ хөгжүүлэх болон байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай хөнгөлттэй зээл, Японы экспортын шугамын дагуу олгогдох худалдааны санхүүжилтын зээл, Deutsche банкнаас санхүүжигдэж байгаа Хүлэмжийн хийг бууруулах төсөл, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа төслийн зээл гэхчлэн олон төсөл хөтөлбөрийг нэрлэж болно. Түүнчлэн, төслийн зээлээс гадна батлан даалтын хөтөлбөрүүдийг USAID, IFAD болон Улсын зээлийн батлан даалтын сантай хамтран хэрэгжүүлдэг юм байна.

Бид дараагийн дугаартаа ХасБанкны дэмжлэгтэйгээр арьс ширний үйлдвэрлэл эрхэлж буй бизнес эрхлэгчдийн талаар мэдээлэл хүргэх болно. Байнга арьс шир гараад байдаггүй улирлын чанартай гэмээр энэхүү бизнест арилжааны банкууд зээл олгохдоо дурамжхан байдаг. Улмаар эргэлтийн хөрөнгөгүйн улмаас түүхий эдээ бүрэн цуглуулж чаддаггүй, гадныханд алддаг билээ. Хэдийгээр төр засгаас дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэг ч дорвитой арга хэмжээ авсан нь үгүй. Ийнхүү шаргал ордны хашааны гадна хоцорсон арьс шир үйлдвэрлэгчид бизнесээ хэрхэн амжилттай явуулж байгааг уншигч танд толилуулна.
 
 Л.Нинж
Бусдад түгээх
  • gplus