Ху Жиа: Коммунист намд шахалт үзүүлэхийн тулд гудамж, талбайг эзлэх хэрэгтэй

Хятадын нэртэй тэрс үзэлтнүүдийн нэг Ху Жиа Хонконгод болж буй эсэргүүцлийн хөдөлгөөн болон улс оронд эрх чөлөө дутагдаж буй талаар Испанийн “АВС” сонинд ярьж байна. Тэрээр байнгын хараа хяналт, цагдалтад байдаг бөгөөд гурван жил хагас гэрийн хорионд байсан юм.

-Хонконгод юу болох бол. Хонконгийн ардчилал юуг шаардаад байна вэ?

-Хонконгод болж буй нийгмийн хүчтэй дарамт шахалтын улмаас 2017 онд тэнд чөлөөт сонгууль болох байх гэж бодож байна. Хятадад илүү их эрх чөлөө бий болоход энэ хөдөлгөөн нөлөөлөх байх гэж найдаж байна. Коммунист намд шахалт үзүүлэхийн тулд гудамж, талбайг эзэлж, ардчиллыг шаардаж буй иргэдэд урам зориг өгөх хэрэгтэй.

-Та Хятад дахь ардчиллыг харах болов уу. Эсвэл эдүгээ зургаан настай танай охины үеийнхэн үүнийг хүлээх хэрэгтэй болох уу?

-Мэдээж миний үед ардчилал бий болно. 2008 оноос хойш Си Зиньпин эрх мэдэлд гарах хүртэл Хятадад олон өөрчлөлт гарсан. Хятадын ард түмний шахалт шаардлага улам хүчтэй болсоор байна. Өнгөрсөн он жилүүдэд Коммунист нам, тэр тусмаа Үзэл суртлын яам ард түмнийг хуурсаар ирсэн. Засгийн газрын үйлдлийг интернэт, Weibo зэрэг нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжилж байна. Цэрэг армидаа их мөнгө зарцуулж байгаа ч өөрчлөлт шинэчлэлийг зогсоож чадахгүй.

-Гэвч өнөөгийн Хятад улс ардчилалд бэлэн байна уу?

-Бүх улс оронд ардчилал боловсорч гүйцэх хугацаа хэрэгтэй байдаг. Хятад улс дэлхийн II дайны дараа хагас колончлолоос гарч дарангуйллын дор амьдарч ирлээ. Дахиад цаг хугацаа хэрэгтэй байгаа ч ардчиллын үйл явцыг эхлүүлэх цаг нь болсон. Коммунист нам ард иргэдийг CCTV телевиз, цагдаа, армийн суртал ухуулгаар хянасаар байгаад хамаг учир байна. Интернэт бол тэнгэрийн бэлэг, мэдээллийг түгээх хамгийн хурдан хэрэгсэл. 2008 оноос хойш олон жижиг блог гарах болж, олон хүн санал, сэтгэгдлээ бичих болсон. Гэвч Хятадад улс төрийн өөрчлөлт гарахын тулд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж, залуус 1989 оны оюутны хөдөлгөөн шиг хөдөлж, жагсах хэрэгтэй байна.

-Хятадын хамгийн том бэрхшээл нь юу вэ?

-Улс орныг олон жилийн турш хянаж цагдсаар байгаа Коммунист намын дарангуйлал. Түүнийг хянаж, шалгаж чадах өөр улс төрийн хүчин алга. Энэ монополь их авилгал бий болгож, шударга бус байдлыг өөгшүүлж байна.

-Си Зиньпин шинэ удирдагч болсноор өөрчлөлт гарч байгаа юм биш үү?

-Сигийн эцэг Олон өдрийн жагсаалд оролцож байсан хувьсгалын баатар байсан. Харин Ху бол өөр гэр бүлээс гаралтай. Хятад улс эргээд Коммунист намын нэг удмын мэдэлд ороод байна. Технократ Ху Жинтаотай харьцуулах юм бол Си Зиньпин нь Коммунист намын улаан цустай нэгэн. Хэдийгээр түүнд Мао Зедун, Дэн Сяопин шиг нэр хүнд байхгүй ч тэр бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд байна. Тэр бол Хятад дахь нэг шинэ эзэн хаан.

-Таны нөхцөл байдал ямаршуу байгаа вэ?

-Би чөлөөтэй юм шиг байгаа ч цагдаа нар миний гэрийг, утсыг минь хянаж, намайг хаа байгааг GPS-ээр илрүүлсээр байгаа. Энэ онд Тяньанминий 25 жилийн ойгоор идэвхтэн, тэрс үзэлтнүүдийн үйл хөдлөлийг илүү их хянаж, цагдаж байсан. Би “Төрийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаанд уриалан дуудсан” хэргээр ял эдэлсэн болохоор эрх чөлөөгөө хасуулсан, найман жилийн өмнөөс паспортгүй явж байна. Одоо энэ бүгдийг ярьсны төлөө намайг дахин баривчилж магадгүй. Гэхдээ надад айх юм алга
Зууны мэдээ
Н.Мөнхжин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine