Дипломат паспортын хууль бус ашиглалтыг таслан зогсооно
“Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулсан байна.

Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм.

Дипломат, албан гадаад паспортын хууль бус эргэлт, ашиглалтыг таслан зогсоох зорилгоор 2018-2020 оны хооронд ГХЯ нийт 29,495 дипломат, албан гадаад паспорт хүчингүйд тооцоод байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus