Ц.Амарбаясгалан: Тэмцээнд оролцоход хувь тамирчин гэдгээс илүү Монголын тамирчин гэж дуудуулах нь илүү сайхан
Энэ удаагийн дугаартаа мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Шинобу Амараа буюу Ц.Амарсайхантай ярилцлаа. Тэрээр хоёрхон хоногийн өмнө “Shinobu fighting, fitness center” төвөө нээгээд байгаа юм.

-Ярилцлагаа тулааны урлагийг анх сонирхож эхэлсэн үеийг дурсч эхэлье?

-Анх 11 настайгаасаа кёкүшин каратегааp хичээллэж эхэлсэн. Энэ төрлөөр арваад жил хичээллэсэн юм байна. 2001 онд оюутан болж Япон улс руу суралцахаар явсан. Тэнд очоод мэргэжлийн кикбоксын холбооны дэргэдэх клубт хичээллэж эхэлсэн. Эндээс л миний мэргэжлийн тамирчин болох гараа тавигдсан даа.

-Суралцахынхаа хажуугаар мэргэжлийн тулааны урлагаар хичээллэж байсан гэхээр их л цаг завгүй байсан байх даа?

-Оюутан байх үедээ өглөө нь хичээлдээ яваад, өдөр нь цагийн ажлаа хийж, орой бэлтгэлээ хийдэг байлаа. Өдрийн 24 цагийн 4-5 цагт нь л унтдаг байсан шүү. Их л завгүй байдаг байсан. Оюутан ч байлаа. Тамирчин ч байлаа.

Өдөр болгон л оюуны болоод биеийн хүчний асар их ачаалалтай байсан санагддаг юм. Очсон эхний жилдээ японы кикбоксын хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн, хөнгөн жингийн гардан тулааны “Хааны цом”-ын төлөөх тэмцээнүүдэд оролцсон.

Эдгээр тэмцээнүүдийнхээ аварга болж байлаа. Ингэж япон улсын кикбоксын түүхэнд сүүлийн 20-иод жилийн турш гараагүй амжилт үзүүлсэн. Нэг жилд буюу богино хугацаанд хоёр удаа аваргын төлөөх тэмцээнд түрүүлнэ гэдэг их том амжилт байсан л даа.

Ингээд л тулалдаж эхэлсэн. Эхний жилдээ нийт 13 тулаан хийснээс бүгдэд нь ялж, дараа жил нь мөн 17 удаа тулаан хийснээс бүгдэд нь ялж байлаа. 2001-2005 онЫ хооронд дөрвөн жилийн турш хамгийн их амжилттай байсан санагддаг юм.

-Бас хамгийн хөнгөн жингээс хамгийн дээд жин хүртэлх бүх жинд тулалдаж аварга болсон?

-Анх 59 кг-ийн жинд аварга болж байлаа. Тэгээд л жин өгсч эхэлсэн. Хамгийн дээд 70 кг хүртэлх арваад жинд тулалдаж аварга авсан.

-2005 оны Япон улсын шилдэг тамирчнаар шалгарч байсан удаатай. Энэ тухайгаа дурсаач?

-2004 онд дэлхийн аваргын бүсээ авсан юм. Тэрнийхээ дараахан шилдгүүдийн шилдгүүд буюу дэлхийн аваргууд хоорондоо тулалддаг тэмцээнд мөн түрүүлсэн. Ингээд тухайн жилдээ гаргасан нийт амжилтуудаараа оны шилдэг тамирчнаар шалгарсан юм.

-Ингэхэд японд ямар мэргэжил эзэмшээд ирсэн юм бэ?

-Японд найман жил суралцаад 2009 онд Монголдоо ирсэн. Эхлээд хэлний сургуульд сураад, тэндээсээ эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Үргэлжлүүлээд магистрын зэргээ хамгаалсан. Докторын зэрэг горилон суралцаж байгаад гүйцээлгүй нутагтаа ирсэн дээ. Спортын карьеераа түлхүү хөөгөөд л тэр.

-Монголд ирээд “Shinobu Amaraa” клубыгажиллуулж эхэлсэн нь өнөөдрийн “Shinobu” компанийн эхлэл байжээ?

-Монголд ирээд их л олон зүйл хийх гэж оролдож үзсэн. Бүтсэн, бүтээгүй янз бүр л дээ. Тэгээд 2009 онд “Shinobu” компаниа үүсгэн байгуулсан. Спорт клубээс гараагаа эхэлсэн. Кикбоксоос олсон туршлагаа фитнестэй хослуулж эхэлсэн нь хүмүүст таалагдсан. Үүнийхээ үр дүнд олон улсын тэмцээн зохион байгуулах хэмжээний болтлоо өргөжсөн.

-"Imperial" тэмцээн жил бүр зохиогдоод уламжлал болсон байна шүү дээ?

-Энэ спортыг монголдоо хөгжүүлэх, хүүхэд, залууст энэ спортын ач холбогдлыг таниулахын тулд л ажиллаж эхэлсэн. Үүнийхээ хүрээнд 2008 оноос хойш "Империал” олон улсын тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ тэмцээнээ Ерөнхий сайдын ивээл дор ч зохион байгуулж байсан удаатай. Харамсалтай нь өнгөрсөн жил тэмцээнээ зохион байгуулж чадсангүй. Ирэх өвөл зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад шаардлага өндөртэй биз. Тамирчдыг урьж авчрахаас авахуулаад л?

-Мэргэжлийн спорт болохоор их өндөр зардал гардаг. Ирж байгаа тамирчдын бүх зардлыг хариуцна. Тохирсон хөлсийг нь төлнө. Алдартай, сайн тамирчин байх тусмаа илүү өндөр үнэтэй байна. Тэмцээн зохион байгуулагчийн хувьд тамирчнаа тухайн холбоонд нь санал болгодог юм. Тэндээс тэмцээнд оролцуулах үгүйг шийддэг юм.

-“Shinobu” компани салбар бүрт үйл ажиллагаагаа тэлж байна. Энэ тухайд?

-“Shinobu” компани зургаан салбарт үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь энэ спортын салбар. Түүнчлэн автомашины салбарт бас үйл ажиллагаа явуулж байна. 2013 оноос эхлэн Lexus 570 буюу Invadеr машиныг үйлчлүүлэгчийн захиалгаар япон улсад өндөр түвшинд хийж байна.

Энэ нь захиалагчийн хүсэлтээр автомашины дотор салон болон гадна дизайныг гар ажиллагаагаар бүтээж байгаа гэсэн үг юм. Мөн “Shinobu finance” үйл ажиллагаа явуулж байна.

-Тэгэхээр төгссөн мэргэжпээрээ давхар ажиллаж байгаа байх нь ээ?

-“Shinobu finance” салбар маань энэ чиглэлээр дагнан ажилладаг шүү дээ. Тэгэхээр ажиллаж байгаа биз дээ. Бизнес зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг. Зөв, эрсдэлгүй салбарт хөрөнгө оруулах талаар зөвлөгөө өгч, компаниудыг хооронд нь зуучилж байна.

-“Shinobu fighting, fitness center”  хэмээн шинэхэн фитнес төв дээ нээгээд удаагүй байна. Бусад төвүүдээс юугаараа онцлог юм бэ?

-Гадаа граж барих гэж байсан зарт бид олон улсын стандартад нийцсэн, ачаалал даахаар фитнесс төв барилаа. Тоног төхөөрөмжүүдээ ч клубтээ зориулан захиалгаар хийлгэж авчирсан.

Тэгэхээр монголдоо ганц гэсэн үг. Маш богино хугацаанд залууст тохилог, тав тухтай орчинд фитнессээр хичээллэх боломжийг олгох гэж хичээж ажиллалаа. Нээлтийн ёслолын ажиллагаагаа уржигдар хийсэн.

-Та Японд байхдаа алдартай брэндүүдийн рекламанд их тоглодог байсан. Хаанах хаанахын рекламанд тоглож байв?

-Японд томоохон брэндүүдийн нүүр царай болж байлаа. “Еmporio Armani"-тай нэг жилийн гэрээтэй ажиллаж байсан. Мөн “Нanabo” гээд тэндхийн алдартай хослолын брэнд компанитай гэрээгээр ажиллаж байсан.

Ер нь бодоод байсан чинь тэнд байхдаа ахуйн хэрэглээний олон рекламанд тоглодог байсан юм байна шүү. Бүр дотуур хувцасныхад ч тоглож байсан. Орон сууцны компанийн ч сурталчилгаанд орж байсан юм байна Энд ирээд ч гэсэн “Хараа” брэндийн нүүр царай болж ажилласан.

-Ингэхэд Shinobu гэж яг юу гэсэн утгатай юм бэ?

-Shinobu гэж тэсвэр хатуужил гэсэн утгатай шүү дээ. Бас ханз нь их гоё бичигддэг.

-Тэгвэл “Хар салхи” гэдэг хочныхоо тухайд?

-“Хар салхи" гэдэг чинь хэвлэлийнхний өгсөн хоч шүү дээ.

-Та рингэн дээр их сүртэй гарч ирдэг шүү дээ. Чонын арьс мөрлөн үндэсний хувцас өмсөөд ч гарч байсан санагдана?

-Гадаадад тэмцээнд оролцоход хувь тамирчин Амараа гэдгээс илүү Монголын тамирчин гэж дуудуулах нь илүү сайхан. Тэр утгаараа өөрийнхөө үндэсний өв соёлыг харуулсан хувцас хэрэглэлийг жаахан ч гэсэн сурталчилъя гэсэн үүднээс л тэгэж хувцасладаг байсан.

-Одоо тоглолтын урилга ирж байна уу. Кикбокс сонирхогчид “Хар салхи”-аа үгүйлж байгаа байх?

-Тоглолтын урилга байнга ирж л байна. Яг одоохондоо сонирхохгүй байна. Ерөнхийдөө компанийнхаа үйл ажиллагаанд түлхүү анхаарч байна гэх үү дээ. Компаниа томоохон хэмжээний групп болгох гээд л зүтгэж явна.

-Сүүлийн жилүүдэд кикбокс, тулааны урлагийг сонирхох эмэгтэйчүүдийн тоо өсөөд байх шиг?

-Япон улсад кикбокс сонирхож байгаа, үзэхээр ирж байгаа үзэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Шоу бизнес талаас нь хөгжүүлчихсэн улс шүү дээ. Ер нь энэ тулааны урлагийг мөнгөтэй, завтай хүмүүс л их сонирхоод байгаа юм.

Ер нь манайд ч эмэгтэйчүүд фитнесээсээ илүүтэй тулааныг түлхүү сонирхож байна. Энэ спорт маань богино хугацаанд бие бялдрын зөв хөгжлийг өгч чаддаг спорт. Тэр үүднээсээ ч сонирхож байгаа эмэгтэйчүүд нэмэгдэж байна.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.