Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч  ажиллана

ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Беллийн “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Банкны салбарын нөхцөл байдал, эдийн засгийн төлөв, цар тахлын нөлөө зэрэг цаг үеийн сэдвийн хүрээнд тэрбээр цахимаар ярилцлага өгсөн юм.   

- Монгол Улс “ФАТФ”-ын саарал жагсаалтад албан ёсоор багтаад байгаа. Түүнчлэн Европын холбооны хар жагсаалтад ч бичигдчихлээ. Энэ нь танай банкны үйл ажиллагаа болоод Монголын банкны салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

- Монгол Улс өнгөрсөн оны 10-р сард “Саарал жагсаалт”-д бичигдэж байсан бол Европын комиссын “Хар жагсаалт”-д мөн ороод байна. Энэ нь Монголын банкны салбарт яавч сайн мэдээ биш шүү дээ. Голлон банкуудын нөөц бололцоо болоод бусад орны банкуудтай харилцах харилцаанд шууд нөлөөлнө. Гадаадаас худалдан авалт хийж, эсвэл бүтээгдэхүүнээ худалдаж буй томоохон бизнесүүд болоод жижиг дунд ААН-ийн харилцагчид төлбөр тооцоогоо хийхэд хүндрэл тулгарах болно. Гүйлгээ хийх, төлбөр шилжүүлэх өртөг улам өндөр болж байна. Түүнчлэн гадаадаас Монголд орж ирэх боломжтой гадны хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө. Гадаадын компаниуд ФАТФ-ынх шиг жагсаалтыг харж, тухайн улсад мөнгөө байршуулах нь оновчтой эсэхийг судалдаг. Тиймээс банкны салбарт олон талаар сөрөг нөлөөтэй. Гэхдээ нэг сайн мэдээ нь сүүлийн хэдэн сард банкны салбарынхан бүгдээрээ буюу Монголын банкны холбоо болоод арилжааны томоохон банкууд хамтарч Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах арга зам олохын тулд нэлээд ойр, нягт шаргуу хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд томоохон ахицууд гарсан. Тиймээс удахгүй энэ жагсаалтаас гарах арга замаа олно гэж найдаж байна. 

- Энэ жагсаалтаас гарах ажил нь банкуудын үүрэг хариуцлага уу, эсвэл Засгийн газрынх уу?   Банкууд Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ? 

- Монголын банкны салбартай хамааралтай тул тус бүрийн хариуцлагын асуудал гэж би хувьдаа бодож байна. Үүнд Засгийн газар, банкууд, Монголын банкны холбоо гээд бүгд багтаж байгаа. Түүнчлэн урт хугацааны тогтсон хэв маягаар үйлчлүүлсээр ирсэн банкны харилцагчдад ч мөн хамаатай асуудал. Учир нь одоо байгаатай ижил хатуу шаардлагыг банкууд харилцагчдад тавьж байгаагүй. Харилцагчид өөр арга барилаар бидэнтэй харилцаад сурчихсан. Тиймээс энэ нь зөвхөн нэг талын хариуцлагын асуудал биш,  Монголын банкны холбоо, арилжааны банкууд, Төв банк, Сангийн яам зэрэг олон талын хамтын ажиллагаа үүнд хэрэгтэй. 

- Эдийн засагт нөлөөлж буй бас нэг чухал зүйл нь COVID-19. Цар тахал танай бизнест хэр нөлөөлсөн бэ? Танай банкны үйл ажиллагаа болон харилцагчдын бизнест ямар өөрчлөлт харагдав? Ямар төлөв гаргаж болохоор байна?

- Дэлхий нийтийг хамраад буй цар тахал нь салбар бүрт өөрийн нөлөөллөө үзүүлж байгаа. Эрх баригчид вирусийн халдвар тархахгүй байх тал дээр маш сайн ажиллаж байна. Магадгүй амжилттай үр дүнг харуулж буй цөөхөн улсын нэг Монгол байх. Гэхдээ цар тахал эдийн засагт томоохон сөрөг нөлөө үзүүлж байна. 2019 оны 6.5-6.7 хувийн эдийн засгийн өсөлт 2020 онд 0 хувь, магадгүй агшилттай гарч мэднэ. Энэ нь харилцагчдад ихээхэн хүнд цохилт болно. Цар тахал хувь хүн, бизнесийн байгууллага, томоохон корпорациудад нөлөөлөхгүй байхын аргагүй зүйл. Тиймээс бид шийдвэрлэх арга зам олохын тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, тэдэнтэй хамтарч ажиллаж байна. 

- Монгол Улсын эдийн засаг I улиралд 10.7 хувь агшсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засагчдын таамаглаж байснаас илүү гүн уналт боллоо. Та II улирал болон бүтэн жилийн дүр зургийг хэрхэн төсөөлж байна вэ?

- Нөхцөл байдал цаашид хэрхэх нь вирусийн тархалт намжих эсэхээс шууд хамаарах болов уу. Учир нь бидний мэдэж байгаачлан Монголын эдийн засаг Хятад улсаас ихээхэн хамаардаг. Хэрвээ Хятад улсад вирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлбэл Монгол Улсад маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Хэрвээ Хятад үүнээс сэргийлэх боломжтой байвал, мөн бид одоо байгаа энерциэрээ вирусийг алдалгүй тогтоож чадвал Хятадын эдийн засаг аажмаар нээгдэх төлөвтэй байна. Монголд ч  ялгаагүй жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр II болон III, IV улирлын дүр зураг нэлээд ялгаатай харагдаж байна. Богино хугацаанд хурдтай сэргэнэ гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, сэргэлт V хэлбэртэй биш, U хэлбэртэй илүү төстэй байх болов уу. Нэг хэсэгтээ өсөлтгүй, нам дор байгаад аажмаар өсөлт гарна гэсэн үг. Эдийн засгийн гэнэтийн тэсрэлт болно гэж би бодохгүй байна. Ер нь энэ бүхэнд хугацаа шаардагдана. Мөн Монголын худалдааны гол түнш орнууд вирусийн нөхцөл байдлыг хэрхэн удирдахаас шууд шалтгаалах юм. 

- ХААН Банк энэ нөхцөл байдлыг хэрхэн удирдаж байна вэ?

- ХААН Банк 2.4 сая харилцагчтай. Энэ хүнд цаг үед жижиг дунд бизнес, том корпораци, эсвэл хувиараа бизнес эрхлэгч байна уу, ялгаагүй тэдэнтэй илүү ойр харилцахыг бид хичээж байна. Хямралын хэв шинж болон яагаад бий болж байгааг бид ойлгож хандах шаардлага бий. Тиймээс бид харилцагчдадаа ямар байдлаар туслалцаа үзүүлэх хэрэгтэй байгааг тодруулахын тулд салбарын мэргэжилтнүүдтэйгээ илүү ойр хамтран ажиллаж байна даа. 

- Арай өөдрөг сэдэв рүү ороход 2019 он ХААН Банкны хувьд таатай жил байсан. Харилцагчидтайгаа тогтоосон харилцаа болон үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтөөсөө сонирхуулахгүй юу?

- Бид харилцагчид гол анхаарлаа хандуулах стратегийг 4-5 жилийн өмнө боловсруулж байсан. Энэ зорилгын хүрээнд ихээхэн ахиц дэвшил гаргаад байна. Сайжруулах зүйл ч их бий. Хямралын үед ч энэ чигээ алдалгүй ажиллаж байна. Хийсэн ажлын маань үр дүнд харилцагч илүү сэтгэл ханамжтай байгааг харахдаа бахархалтай байгаа гэж хэлж болно. Мөн илүү өргөн цар хүрээтэй бүтээгдэхүүнүүдийг хурдтайгаар нэвтрүүлэх ажилд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Тэр нь харилцагчийн хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн, хүнд суртал багатай байх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор бид арын процессийн үйл явцдаа илүү анхаарч, хүч гарган ажиллаж байгаа. Аль сегментийн харилцагч гэдгээс үл хамааран бүх харилцагчдад хүргэх үйлчилгээг илүү хялбаршуулах болно. 

- Урт хугацааны энэ төлөвлөгөөнд 2020 оныг хэрхэн тусгасан байсан бэ? Өнөөгийн хямралтай нөхцөл байдлын үед ямар төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөгөөний дагуу, таслалгүй үргэлжлүүлэн явуулах боломжтой байна вэ?

- Вирустай холбоотойгоор хөл хорио тогтоож, зайнаас харилцахыг уриалж буй энэ цаг үед шинэ технологийг нэвтрүүлж, шинийг сэдэх боломжийг бидэнд олгож байгаа нь сайшаалтай. Харилцагчид зээл авах, шилжүүлэг хийх, хадгаламжтай холбоотой бусад үйлчилгээг авахын тулд заавал тооцооны төвд ирэх шаардлагагүй, гэрээсээ банкны үйлчилгээг авах боломжийг бид олгосон. Энэ нь бидэнд маш хурдтай арга хэмжээ авч ажиллахад нөлөөлсөнд баяртай байгаа. Энэ үйл явц манай банкны стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тийм ч их нөлөөлөөгүй л дээ. Энэ оны эхний улиралд бид компаниудыг өөрсдийн “ERP” тэргүүтэй дотоод сүлжээгээ манай системд шууд холбож, данс тооцоогоо удирдах боломжтой болгосон. III болон IV улиралд бид дижитал банкны шинэ платформ гаргахаар төлөвлөж байна. Тус платформ нь харилцагч хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаа илүү хялбар, хурдан, бас өөрт таатай байдлаар удирдахад чиглэсэн. Хэрвээ үүнийг хэрэгжүүлж чадвал харилцагч өмнөх шигээ байнга тооцооны төвд ирэх шаардлагагүй болно. Ингэснээр иргэд эрүүл энх, аюулгүй байх боломжийг давхар бий болгоно. Мөн манай ажилтнууд ч бас олон хүнтэй харилцах шаардлагагүй болно гэсэн үг. Ажилтнууд маань харилцагчдад шинэ технологийг хэрхэн ашиглахыг зааж, үйлчилгээгээ хүмүүст тайлбарлах нь энэ цаг үед маш чухал болж байна. Хүмүүс зүгээр ч нэг ухаалаг аппликэйшн татаад өнгөрөх бус, харин яаж ашиглахаа  мэддэг болно. Энэ бол сүүлийн 3-4 жилийн хугацаан дахь бидний хэрэгжүүлж буй хамгийн том төсөл. Бид маш шаргуу хичээн ажиллаж байна. Зарим үед коронавирус, хямрал зэрэг нь шинэ санаачилга гаргаж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх, турших боломжийг олгодог. Энэ цаг үед илүү өөдрөг байж, итгэл найдвараа алдахгүй байх нь нэн чухал юм. 

- Цаг гаргасанд баярлалаа.


 

Бусдад түгээх
  • gplus