ЭМЯ: Япон коронавирусийн шинжилгээний сорьцийг амны хөндийн шүлснээс авах шинэ технологийг нэвтрүүлнэ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 6.471.000 хүн энэ өвчнөөр өвчилж,  381.000 хүн нас барж, 2.9 сая хүн эдгэрч гарсан бол  3 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108.000 хүн халдвар авч 4000 гаруй хүн нас бараад байна. Өвчлөлийг өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 9000, нас баралт 1500 гаруй хүнээр нэмэгдсэн байна.

Япон улс полемеразын гинжин урвалын шинжилгээний сорьцийг амны хөндийн шүлснээс авах шинэ технологийг шинжилгээнд нэвтрүүлэх болсоноо зарласан байна. Одоогийн авч байгаа шинжилгээг хамрын хөндийгөөс авдаг бөгөөд өвчтөнд хүндрэлтэй байдаг. Мөн шинжилгээ авч байгаа эрүүл мэндийн ажилтанд эрсэдэлтэй бөгөөд шинжилгээ өгч байгаа хүн  ханиаж найтаах зэргээр халдвар тараах эрсдэл нэмэгддэг байна.

Харин манай улсын хувьд коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан -Уул аймгийн салбар лабораторид 374 хүний шинжилгээ хийгдсэн, бүгд сөрөг гарсан байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 178 хүн байна, эмчилгээнд 141 өвчтөн, бусад нь ажиглалтад байгаа хүмүүс байна. Нийт бүртгэгдсэн 185 тохиолдлоос 44 хүн эдгэрч гарсан. Эдгэрч гарсан  44 хүний 16 нь сувилалд, 15 нь гэртээ, 13 хүний ажиглалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д байгаа өвчтөний 118 хүн нь хөнгөн, 23 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

С.Дорж
Бусдад түгээх
  • gplus