А.Амбасэлмаа: Эмчлэгдэж байгаа хүмүүсийн ор хоног нэлээд урт 14-53 хоногийн хугацаатай байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 6.358.000 хүн энэ өвчнөөр өвчилж,  377.000 хүн нас барж, 2.9 сая хүн эдгэрч гарсан бол  3 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 99.000 хүн халдвар авч 2000 гаруй хүн нас бараад байна.

Дэлхий дахинд коронавируст халдварын эмчилгээний талаар судалгаа, шинжилгээний ажил явагдаж нэлээд дэвшил гарч байна. Тухайлбал ОХУ, БНХАУ-д коронавирусээр хөнгөн өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн ийлдэс буюу эсрэг биеийг шүүж аван өвчтөнд хэрэглэсэн туршилт, судалгаанууд амжилттай болсон. Энэ туршилтыг АНУ хэрэглэж эхэлсэн бөгөөд үр дүнтэй гэж үзвэл 8 сараас эхлээд энэ аргыг нэвтрүүлнэ гэж үзэж байна. Мөн Их Британи улс ковид-19-ийн эсрэг 5 шинэ эмийг 30 эмнэлгийн 100 өвчтөнд туршилтад оруулж үзсэн байна.

Харин манай улсын хувьд коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "6 сарын 1-ний өдөр 212 хүний шинжилгээ хийгдсэн, бүгд сөрөг гарсан. Ажиглах байранд байгаа хүмүүсийн шинжилгээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ирмэгц нь аваад 7,14,21 хоногт давтан авч байгаа. Гэртээ гарсны дараа нь 14 хоногийн хугацаанд 2 удаа авч байгаа. Нийт тохиолдол 185 болсон. Халдвартын эмнэлэгт 141 хүн эмчлэгдж байгаа, эмчлэгдэж байгаа хүмүүсийн ор хоног нэлээд урт 14-53 хоног, дундаж нь 30 хоног байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү өртөлттэй байна. Эдгэрсэн 44 хүн ХӨСҮТ-өөс гараад 14 хоногийн хугацаанд Энхсаран сувилалд тусгаарлагддаг. Энэ хугацаанд 2 удаа шинжилгээ аваад, гэртээ гарсны дараа бас дахин шинжилгээ хийж тусгаарлалтаас гаргаж байгаа" гэв.

С.Тулга
Бусдад түгээх
  • gplus