Танилц: Өвөрхангай аймгаас нэр дэвшигчид

УИХ-ын 2020 оны сонгуульд Өвөрхангай аймаг АН, МАН-аас нэр дэвшигчдийг танилцуулъя 

АН: Хуульч О.Алтангэрэл 

Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн сайдаар ажиллаж байхад  нойтон хамуу шиг дагаж явдаг байсан нөхөр бол О.Алтангэрэл.  Сүүлд  сайд асан Х.Тэмүүжингийн хүргэн болсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн хэсэг сураг алдарсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ тушааж мандатаа гардсан байх юм. Түүний хувьд Өвөрхангай аймгийн АН-ын даргаар ажиллаж байна. 

АН: Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг 

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг  Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болсон.  Түүний аав Г.Батхүү агсны хувьд Өвөрхангай аймгийн уугуул. Тэгвэл тэрбээр аавынхаа нутгаас нэр дэвшихээр намдаа дэнчингийн мөнгөө тушаагаад байгаа нь энэ юм.  

АН: Баялаг бүтээгчдийн холбооны Ч.Даваабаяр 

Өнгөрсөн 2016 оны сонгуульд  Өвөрхангайд нэр дэвшихээр дэнчингийн 100 төгрөг тушаасан байна. Түүний хувьд  Масс агентлагийг үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Даваабаяр нь бизнес эрхлэгч бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн бизнесмэнүүдийн нэг. Ч.Даваабаярын хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Өвөрхангай аймгийн 20 дугаар тойрогт нэр дэвшихээр сонгогдсон боловч 6 дугаар сарын 02-нд АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаасаа татгалзсан байдаг. Гэсэн ч энэ удаад АН-аас нэр дэвшихээр боллоо. 

МАН: С.Чинзориг дахин нэр дэвшинэ 

ХНХ-ын сайд С.Чинзориг Өвөрхангайдаа дахин нэр дэвших нь ээ. 2012 оны сонгуулиар нэр дэвшиж гомдолтойгоор хоцорсон нэгэн. Тодруулбал, УИХ-ын сонгуульд хоёронтоо Өвөрхангайд хүч үзэж үзсэн тэрбээр 2012 оны УИХ-ын гишүүн болох түр үнэмлэхээ гардаад байсан ч шүүхийн шийдвэрээр Г.Батхүүд суудлаа “тавьж” өгсөн. Тухайн үедээ Г.Батхүү агсны ээж рүү “Урт наслаарай та минь” гэсэн мессеж илгээж шуугиан тарьж байв. Харин удаад тэрбээр тус тойрогт Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгтэй өрсөлдөхөөр болсон байна. 

МАН: Казиночин Д.Тогтохсүрэн  

Д.Тогтохсүрэн  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумынх. Төрөлх нутгийнхаа аймгийн Засаг даргаас УИХ-д суусан тэрбээр аймагтаа дахин нэр дэвшихээр очсон байна. Өнгөрсөн өвөл казино тоглосон нэрээр багагүй хэл аманд өртсөн. Түүний хувьд жилийн 80 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой гэр бүлийн тэргүүн. 

Тэдний орон сууц 188 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Toyota,Crown маркийн 10 сая төгрөгийн үнэлгээтэй нэг машинтай, 15 сая төгрөгийн үнэлгээтэй малтай, 10 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй, зургаан сая төгрөгийн хадгаламжтай нэгэн юм. 

МАН: Засаг дарга Г.Ганболд 

УИХ-ын 2020 оны сонгууль Өвөрхангай аймаг гурван мандаттай. МАН-аас гурав дахь мандатаа Өвөрхангай аймгийн засаг ноён Г.Ганболдод “өгсөн” байна. 2012-2016 онд аймгийнхаа Иргэдийн хурлын төлөөлөгчдийн даргаар ажиллаж  байгаад аймгийн Засаг даргаар сонгогдсон юм. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus