Д.Басандорж:Стратегийн ач холбогдолтой 16 орд байдаг, усны ганц ч орд байхгүй, усаа удирдаж чадахгүй бол улсаа удирдаж чадахгүй

Техникийн ухааны доктор, профессор Д. Басандоржтоя ярилцлаа.

-Сайн байна уу, Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулах уу? 

Сайн байна уу, намайг Даваагийн Басандорж гэдэг. Увс аймгийн  Ховд сумын нутагт төрсөн, эхнэр, 3 хүүхэдтэй, Усны инженер мэргэжилтэй.  1984 онд ОХУ-д Уралын Их сургууль төгссөн, 2000 онд ОХУ-ын СанктПетербург хотын Барилгын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер, Усны салбарын тэргүүлэх эрдэмтэн хүн байна. 

-Таныг аавын тань нэрээр овоглохоос гадна Усны Басандорж гэх нь элбэг. Усны талаар олон төрлийн судалгаа хийж, олон нийтэд хэрэгтэй зүйл, мэдээлэл өгдөгтэй холбоотой байх?

Сүүлийн 20-30 жил усны болон байгаль орчин, боловсролын салбарт ажилалаа, устай ажил мэргэжил,  амьдралын зорилгоо холбосоор өдийг хүрлээ. Уул нь Даваагийн Басандорж, ард түмнээсээ Усны Басандорж нэрийг аваад, усны асуудлыг төрийн бодлогын тэргүүлэх зорилт болгохын төлөө зүтгэсээр л байна даа. Усны бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээс аваад салбарын боловсон хүчин бэлтгэх, усны салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, бохирдсон гол, булаг шандыг цэвэрлэх,  худаг ус гаргах, ундны усыг цэвэршүүлэх, усны бохирдол, хомсдол устай холбоотой бүхий л  асуудлаар олон жил ажилсаар байгаад “овог маань Усны Басандорж” болсон. Улс төр яах вэ, усгүй бол амьдрал, хөгжил байхгүй шүү дээ. 

-Мэдээж хэрэг ус бол усны асуудал судалдаг нэг хэсэг хүмүүсийн асуудал огт биш юм. Дэлхий нийт усны асуудалд онцгой анхаарч байна. Манай улсад  энэ чиглэлээр хэр анхаарч ажилладаг юм бол. Та бүхнээс өөр энэ талаар дуугарч, сануулж, анхаарал хандуулж байгаа хүн олон байна уу?

Дэлхийд нэн ядмаг усны нөөцтэй 22 орны тоонд Монгол улс орж явдаг, манай улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь говь, хээрийн бүс, хуурай, хуурайвтар учраас усны асуудал төр, засгийн амин чухал асуудал байх ёстой, Монгол улс стратегийн ач холбогдолтой 16 орд байдаг, усны ганц ч орд байхгүй, ус бол стратегийн ач холбогдолтой Монгол төрийн “хар хайрцаг”-ны бодлогын тулгуур асуудал байх ёстой юмаа. Дэлхийн тор 10 асуудлын эхэнд усны асуудал орж явдаг, ус бол зөвхөн Монгол төдийгүй дэлхий нийтийн том асуудал болж, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад ундны цэвэр усны чанар, хүртээмж, хангамжийн асуудал хурцаар тавигдсан байдаг.

Сүүлийн жилүүдэд Монголын төр, засгийн эрх баригчдыг усны асуудалдаа онцгой  анхаараач, усны аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэж наснаасаа олон удаа хэлж, уриалга, мэдэгдэл гаргаж, зөвлөмж зөвлөгөө өгсөөр ирсэн, харамсалтай нь ажил хэрэг болсон нь ховорхон.  Бохиртойгоо “шивсэн” Улаанбаатар нэртэй болж Туул гол хатаж ширгэж, бохирдож амиа тавихад бэлэн боллоо. Маш бага нөөцтэй газрын доорхиусаа хайр найргүй, үр ашиггүй хэрэглэж, усны нөөцөө бохирдуулсаар байгаа нь төрийн харалган бодлого, усны нийгэм, эдийн засаг, байгаль орчны үнэ цэнэ, үнэлэмжийг мэдрэхгүй байгаагийн илрэл юм даа. 

-Усаа дахин ашиглах, цэвэршүүлэх ажилд манайхан их хойрго хандах юм. Ус дуусашгүй, дундрашгүй гэж боддог байх?

Ус бол хөгжил дэвшил, усандаа зөв менежмент хийж хөгжиж “бар” болж байгаа орнууд Ази тивд олон байна. “Хар ус” харамлахгүй гэсэн социализмын үеийн сэтгэлээ бугшиж, усыг асгаж цутгаж байх ёстой шиг ойлголт байсаар ард иргэд, хүүхэд залуучууд маань усны боловсрол тун маруухан байна. Усны үнэ цэнэ үнэлэмж асар доогуур байсаар байна. Монгол шиг ундны цэвэр усаараа машинаа угааж, шалаа арчиж, жорлондоо цэвэр ус хэрэглэж, үйлдвэр, уул уурхай, зам талбайн тоос дарах бусад ахуйн хэрэгцээндээ үнэт эрдэнэ усаа хайр найргүй хэрэглэж байгаа улс орон ховорхон, байгаль эхийн олон сая жилийн явцад бий болгосон цэвэр усыг хэрэглээд бохирдуулаад ил задгай гол горхи, усны эх үүсвэр лүү хаяж бид ирээдүйгээ харлуулж, аюул гамшиг дуудсаар байгаа. Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг 2012 онд батлсан ч одоо хүртэл хэрэгжүүлж чадахгүй байгаа нь нөгөө л бугшсан улс төр, бизнесийн бүлэглэлтэй холбоотой гэхэд хилсдэхгүй.

Ямар ч бохирдолтой бохир усыг ундны цэвэр ус шиг цэвэршүүлэх боломжтой, цэвэршүүлсэн усыг уухаас бусад хэрэгцээнд ашиглах, мөн түүнчлэн “саарал усны” менежментийг хөгжүүлэх замаар усны нөөцийг хэмнэх, зөв зохистой хэрэглэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, бохирдуулсан бол өндөр төлбөр ногдуулах замаар аль болох усны нөөцийг хомсдох, бохирдохоос сэргийлэх шаардлагатай.   

Ер нь тэгээд усгүй бол хатаж үхнэ шүү дээ, ус бол стратегийн ач холбогдолтой маш чухал түүхий эд, баялаг шүү дээ.

-Хотжилт, үйлдвэржилт хөгжихийн хэрээр усны нөөцийн хомсдол, гачигдал бий болох хандлагатай. Нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж байгаа энэ хувьсалд хэрхэн зохицож усаа хамгаалж, цэвэршүүлж, дахин боловсруулж ашиглах ёстой юм бол?

Монгол улс газар доорхи усны нөөцөөсөө жилдээ 600-700сая шоометр усыг унд ахуй, үйлдвэрийн хэрэгцээндээ ашигладаг, сүүлийн жилүүдэд мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн усны хэрэглээ болон орон сууцны барилгажилттай холбоотой усны хэрэглээ огцом өсөх хандлагатай байгаа. Усны гачаал, хомсдолд орох эрдэмтдийн сануулга, зөвлөмжүүд байдаг.

Манай орны усны нөөцийн 90% нь гадаргийн ус буюу нуур, цөөрөм, гол горхины ус байдаг боловч усны нөөцийн 10 хүрэхгүй хувийг эзэлдэг газрын доорхи усаа нэгдмэл бодлогогүй ашигласаар байна. Усаа зөв ашиглаад улсаа хөгжүүлэх боломж их байна, шийдэл нь надад байна.

Усны нөөцийг бохирдох, хомсдохоос хамгаалж, усны салбарын бодлогод шинэчлэлт хийх, эрх зүйн орчныг төгс төгөлдөр болгох, усаа хэмнэлттэй зарцуулах, хүн амыг “Ундны цэвэр ус”-аар хангах олон арга хэмжээг цаг алдалгүй яаралтай авч хэрэгжүүлэх, “Усны яам” байгуулах замаар усаа эзэнтэй болгож байж улсаа хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, эрүүл, эрч хүчтэй, зөв Монгол хүний хөгжлийг хангаж, эдийн засгийн өсөлтийг хангах учиртай.

Усгүй бол амьдрал, хөгжил байхгүй, алт, зэс, нүүрсгүй бид амьдраад л байна, Өмнөговь аймгийн Гүний хоолойн усны ордыг 30 жилээр Оюу-толгой компанид өгч үндсэн хуулиа зөрчөөд л явж байна, цэцэд өгөхөөр хууль зөрчөөгүй гэж жишээтэй. Шударга ёсоо уландаа гишгэж, мөнгөний төлөө улсаа худалдахад ч бэлэн энэ байдлыг сонгуулиар засаж залруулах, зөв гольдролд оруулах боломжтой.

Усаа удирдаж чадахгүй бол улсаа удирдаж чадахгүй, эрх баригчид усны асуудалд хэт хойрго хандаж, усны салбар уналтын хамгийн доод цэгтээ хүрч, ус үнэ цэнэгүй хэвээр, усны асуудалд төр, засаг ач холбогдол өгөхгүй байсаар он жилүүд өнгөрсөөр байна. 

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

Сонгууль бол хөгжил, дэвшлийн хамгийн том хөтлөгч хүч, маш хариуцлагатай улс төрийн үйл ажиллагаа юм. Зөв сонголт хийх нь Монголын ирээдүй гэдгийг 30 жилийн амьдрал ард түмэнд харуулсан, мэдрүүлсэн, сонгогчид алдаатай сонголт хийсэндээ харамсч шинэ, оновчтой, мэргэн сонголт хийж Монгол улс, монгол төрөө сэргэн мандуулна гэдэгт дүүрэн итгэлтэй байна

Өнөөдөр Монгол улсад улс төрийн хямрал бий болсон, төр нь тогтолцооны гажуудалд орсон, улс төр, бизнессийн бүлэглэлүүд “нам”-аар тоглож, төлөвшсөн ард түмний итгэлийг даах улс төрийн хүчин байхгүй болсон, намын гишүүд нь намд итгэхээ байсан, хөгжлийн алсыг харсан бодлого байхгүй, ялсан “нам” улсаа асар их өрөнд оруулж амласнаа хэрэгжүүлэх гэж баруун солгоогүй их мөнгө цацаж, авилгал, хээл хахууль газар авч, ард иргэд ядуурч, хариуцлага, шударга ёс байхгүй байгаа учраас нийгмийн захиалгаар бие даагчид олон байхаас өөр гарцгүй болсоны илрэл, товчхон хэлэхэд сонгуулийн хувьсгал хийж “Монголоо аврах” цаг ирсэнтэй холбоотой байх.

Зөв, шударга, нэр цэвэр бие даагчдийг төрд сонгож гаргаснаар одоогийн улс төр бизнессийн бүлэглэлийн тогтолцоог нурааж, Монгол улсыг хөгжлийн зөв зам руу оруулах боломжтой.  

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

Улс төрийн намуудын, түүний дотор эрх баригч намуудын рейтинг асар их унасан, намд итгэх иргэдийн итгэл алдарсан, улс төрийн төлөвшсөн нам Монголд байхгүй байгаа нь бие даагчдад итгэл хүлээлгээхээс өөр гарцгүй гэсэн дүгнэлтэд Монголын нийгмийг хүргэж, улс төрийн идэвхигүй гэгддэг олон мянган залуучууд боловсролтой, шударга, зөв, шийдэлтэй нэр дэвшигчийн эрэлд мордсонтой холбоотой. Улс төрийн намуудыг тарааж, шинэ улс төрийн таатай орчинг бүрдүүлж, Монгол төрд тогтолцооны оновчтой зөв шийдэл гаргахын тулд, шударга ёс, хариуцлагыг тогтоох, төрийн албыг төрлийн алба биш ард иргэдийнхээ, улс орныхоо төлөө ажилладаг болгохын тулд 2020 оны сонгууль маш хариуцлагатай, бие даагчдад итгэл хүлээлгэхээс өөр гарцгүй сонгууль гэдгийг сонгогчид, залуучууд ойлгосон бизээ. Шинэ ч бай, хуучин бай намууд нь улс төр бизнесийн бүлэглэлийн салаа мөчир, хамсаатан, улс төрийн хямралын эх үүсвэр нь намууд гэж нийгмийн масс үзэж байгаа учраас хоорондоо үгсэн хувилдахгүй, ашиг сонирхлоороо нэгдэхгүй байж болох субьект нь бие даасан нэр дэвшигчид гэж үзэж “зөв, шударга хүнийг” сонгохыг хүсэж байна.

Бодлогоор, сэтгэлээр, нийгмийн захиалга, дуудлагаар Бие даагч иргэдийн давалгааны органик нэгдэл бий болсон нь шинэ үзэгдэл бөгөөд тулгамдсан олон асуудлыг намынхаа биш ард иргэдийнхээ сайн сайханы төлөө шийдэж чадах “гарц” гэдгийг мэргэн сонгогчид харж, социал ертөнцөөр дуу хоолойн цуурайтаж, сонгуулийн хувьсгал хийх замаар төр шиг төртэй болох цаг өдрийг хүлээсээр байна.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

Ерөөлөөр болог, сонголт мэргэн болтугай. Монгол улс мандан бадраг.

Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus