Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорьж, 2000 иргэнээ гадаад улсаас татах мэдэгдэл хийсэн долоо хоног
Тавдугаар сарын сүүлийн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе ээ.
 
Монгол Улс хилээ нээхгүй гэв
 
Долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаварыг УОК-ын гишүүд, ард иргэддээ чиглэл болгосон юм. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улсын хилээ одоогоор нээхгүй" гэдгийг онцолж,  УОК-т чиглэл өглөө.

 Мөн тэрбээр “УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулахад  халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчлын эрүүл мэндийг хамгаалах зөөвөр зөвлөмжийг  УОК-оос СЕХ-нд  заавар зөвлөмж өгч, хамтран ажиллах хэрэгтэй. Зургадугаар сарын 02-ноос сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Энэ үеэр анхаарал болгоомжтой байж, сонгуулийн сурталчилгааны  үйл ажиллагааны үеэр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Нэр дэвшигчид УОК-оос гаргах журмыг чанд сахих хэрэгтэй.Гадаадад байгаа иргэдээ шат дараатай авч байгаа ч эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо тогтмол нэмэгдэж байна. Бид үе шаттай татан авах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Нутаг буцах хүсэлтэй иргэд гадаадын улс орнуудад  жагсаал, цуглаан зохион байгуулах, өлсгөлөн зарлана гэж сүрдүүлж байгаа мэдээлэл ирж байна. Бидэнд бүгдийг нь нэг дор татан авах  боломж бололцоо байхгүй. Бид боломжийнхоо хэрээр иргэдээ  татан авч байна. Тиймээс УОК тодорхой дэг журамтай, аюулгүй байдлаа бүрэн хангаад иргэдээ авч байгаа. Тусгаарлах байрны багтаамж , эмч, эмнэлгийн ажилчид, нисэх онгоц, нисэх багийн хүрэлцээ  хязгаарлагдмал байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа биз ээ. Улсын хилээ нээх тухай асуудлыг зарим иргэд хөндөж ярьж байна.  Улсын хилээ одоогоор нээхгүй. Нөхцөл байдал тайван болсон цагт нээнэ” хэмээн мэдэгдлээ.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа
 
Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-30-ны өдрийг дуустал сунгах тухай УОК-ын шийдвэрийг дэмжиж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.
 
“Хан Талст” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд амиа алдлаа
 
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 27-нд гарсан.

Энэхүү “Хан Талст” ХХК тухайн газар барилгын ажил хийхээр суурь ухаж орхисноос үүдэн харамсалтай хэрэг гарсан юм. “Ханталст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энх гэгч хүний нэр дээр байдаг. Түүний эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж И.Нарантуяа юм. Харин “Ханталст” компанид зөвшөөрөл олгож, өнөөдрийн харуусалт үйл явдлын эхлэлийг тавьсан хүн нь хотын дарга асан Э.Бат-Үүл. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа буюу 2014 онд “Ханталст” компанид 3.3 га газрыг олгох зөвшөөрөлд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Харин энэхүү газар олгох зөвшөөрөл нь хууль бус учраас удаа дараа мэргэжлийн байгууллагаас сануулга авсан ч үл тоосны уршгаар харуусал дагуулсан мэдээ олон нийтийг цочроолоо.
 
Н.Номтойбаярыг цагдан хорилоо
 
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Улмаар шүүхээс шүүгдэгч Н.Номтойбаяр цагдан хорих шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулан тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл” хэмээн бичжээ. Мөн шүүх хурлын даргаа Н.Номтойбаярын өмгөөлөгч мэдээлэл хийж "Улстөрийн зорилгоор, сонгуульд оролцуулах байх үүднээс санаатай саад учруулах оролдлого хийж байна" гэж мэдэгдсэн юм.
 
Найман чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэнэ
 
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард   найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд:
·         06 дугаар сарын 10-нд Казакстан,
·         06  дугаар сарын 11-нд Токио,
·         06  дугаар сарын 15-нд Энэтхэг,
·         06  дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
·         06 дугаар сарын 18-нд Сөүл
·         06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.
·         Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
 
 
О.Онон
Бусдад түгээх
  • gplus