Н.Номтойбаярыг цагдан хорьсон нь улс төрийн зорилготой юу?
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлаж, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг “амлан авч” байгаагаа мэдэгдсэн.

Үүний дараа Ц.Нямдорж сайд Хан-Уул дүүргээс биш Эрдэнэт аймгаас нэр дэвшихээр мандатаа аваад буй. Энэ үйлдэл нь Ц.Нямдорж сайдыг Н.Номтойбаяраас айгаад зугтсан уу? гэсэн асуултыг олон нийтэд үлдээсэн.

Гэвч сүүлийн үед “Н.Номтойбаяр бие даан нэр дэвших гэж байна...., Номтойбаяр нэр дэвшигчийн материалаа СЕХ-д бүрдүүлж өгсөн ч түүний бичиг баримтыг авч үлджээ....., Номтойбаяр бие даан нэр дэвшигчийн эрхээ баталгаажууллаа...” гэх мэдээнүүд гарсан ба энэ  сарын тренд мэдээнүүд болсон нь лавтай.  Яасан ч их хэл аманд өртөж, сенсаци тарьж явдаг хүн юм бэ дээ гэж бодогдтол  түүнтэй холбоотой мэдээллүүд цахим орчинд хөвөрсөөр... Тэгвэл өчигдөр түүнтэй холбоотой бас нэгэн дуулиан дэгдлээ . Тэр урьдчилсан шатны хэлэлцүүлгээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан явдал юм.

Энэ шийдвэрийн талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын үг байдаг, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!"  гэсэн юм.

Мөн шүүхийн шийдвэртэй холбогдуулан түүний өмгөөлөгч Н.Мандах “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дүгээрт “Хэрэв тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэхдээ СЕХ зөвшөөрөл авна” гэсэн тайлбарыг өглөө. Гэсэн ч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн Н.Номтойбаярт аваад бусдад нь аваагүй. Н.Номтойбаярын хувьд энэ сарын 22-нд Хан-Уул дүүрэгт нэр дэвших эрхээ баталгаажуулж СЕХ-оос тогтоолоо гардсан. Шүүх уг үйл явцыг мэдсээр байж дээрх үйл ажиллагаа явуулж байгаа нь улстөрийн зорилготой, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг оролцуулахгүй байх, оролцоход нь саад болох нөхцөл байдал үүсгэж байна хэмээн хардаж байна. Энэ нь цэвэр УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай хамаатай” хэмээн тайлбар өглөө.
Тус мэдээллээс үүдэн хүн бүрт Н.Номтойбаяр яаж өрсөлдөх вэ, шоронгоос өрсөлдөх юм болов уу гэсэн асуулт үүснэ. Нэгэнт дараагийн шүүх хурал зургадугаар сарын 26-ны өдөр болох учир шоронгоос л өрсөлдөх үү, гэх асуулт хариултаа хүлээж байна.

 Хэрэв тэрбээр үнэхээр шоронгоос өрсөлдөөд УИХ-ын сонгуульд гараад ирвэл ёстой л нөгөө 2020 оны УИХ-ын сонгуулийн гол дүр болох нь дамжиггүй.

Ямартай ч түүнийг цагдан хорьсон нь улс төрийн явуулга уу? эсвэл Н.Номтойбаяраас айж байгаа хэсгийн санаатай үйл ажиллагаа гэдгийг харах л үлдлээ.
 

Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus