Танилц: Завхан аймагт нэр дэвшигчид

УИХ-ын 2020 оны сонгуульд Завхан аймагт нэр дэвшигчдийг танилцуулъя.  Энэ удаагийн сонгуульд Завхан аймагт “Та бидний эвсэл”-ээс  эдийн засагч Э.Гүндсамбуу, шинжээч Д.Эрдэнэцогт, АН-аас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, МАН-аас Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Төрийн нарийн асан Б.Баярсайхан, “Зөв хүн электорат эвсэл”  С.Бямбасүрэн, Д.Амараа нарын хүмүүс нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байна. 

 

 УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завханаас дахин нэр дэвшинэ
 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ-ын 2016 оны сонгуулиар Завхан аймгаас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан. Энэ удаад дахин Завхан нутгаас нэр дэвшин өрсөлдөхөөр дэнчингийн 100 сая төгрөгөө тушаажээ.  З.Нарантуяа гишүүний хувьд  эдийн засагч-санхүүч мэргэжилтэй. Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал хүртэл дэвшсэн нэгэн. 2016 оны сонгуулийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалыг хашиж байв. 
 

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 
 

Төрийн банкны захирлын албан тушаалаас буунгуутай аймгийн Засаг даргын суудалд суусан сүйхээтэй эрхэм бол Д.Батсайхан. Санхүүч-Эдийн засагч мэргэжилтэй.  МУИС-ын Завхан аймаг дахь Эдийн Засгийн салбар сургуулиас ажлын гараасаа эхэлсэн тэрбээр аймгийн Засаг даргаар томилогдох хүртлээ банкны салбарт 10 гаруй жил ажилласан нэгэн. 

 

Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нэр дэвшинэ 
 

Сүүлийн жилүүдэд УИХ-д урлаг спортын салбарынхан багагүй хувийг эзлэх болсон. Энэ удаагийн сонгуульд ч урлаг, спортын салбараас хэд хэдэн хүн нэр дэвшиж байгаагийн нэг нь гарьд Ц.Цэрэнпунцаг юм. Түүний хувьд сүүлийн 10 шахам жил бизнесийн салбарт ажилласан. Ц.Цэрэнпунцаг гарьдын нэр дээр  бөхийн спортоо орхисны дараа архины “Жем” үйлдвэрийг босгосон төдийгүй үүрэн телефоны G mobile-ийг хөл дээр нь босгосон нэгэн. Харин сүүлийн үед уул уурхайн салбарт хүч үзэхээр бол тухай “бор шувуу” нисэх болсон. Бүр тодруулбал Ц.Цэрэнпунцаг гарьд хоймор нутагт уул уурхайн томоохон лиценз эзэмшиж, бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа аж. 

 

“Бенз”  Б.Баярсайхан нэр дэвшинэ 
 

БСШУС-ын яамны Төрийн бичгийн даргын ажлаа хүлээлгэн өгсөн Б.Баярсайхан Завхан нутагт нэр дэвшихээр болсон байна. Түүнийг төрийн нарийн гэхээсээ илүү жүжигчин Б.Амараагийн эгч гэдгээр нь олон нийт мэднэ. Дүүгийн шүдэнз зурсны ачаар Төрийн нарийн бичгийн албан тушаал авч чадсан тэрбээр ийн УИХ-д нэр дэвшихээр болсон байх. Яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй байхдаа бензээ тайлан шидэж, “тайчих үзүүлбэр” үзүүлж яамныхнаа амыг ангайлгасан тэрбээр улстөр дэх хөрөнгөлөг хатагтай нарийн тоонд ордог. Жилийн 100 орчин сая төгрөгийн орлоготой. Дөрвөн тэрбумын 500 сая төгрөгийн өртөгтэй хаусанд тухалдаг, 100  сая төгрөгийн үнэтэй BMW, Nissan,Juke гэх хоёр машинтай бөгөөд Мэйдин Монголиа ХХК, Брэйнбрэнд ХХК, Амин Шийдэл ХХК гэх гурван компанийг 100 хувь эзэмшдэг нэгэн. 

Хэдийгээр хөрөнгө чинээ арвинтай боловсрол, мэдлэг мэргэжлийн хувьд эргэлзээ төрүүлэх асуудал ихтэй нэгэн. Тодруулбал, Б.Баярсайханы намтартаа 1991 онд Монгол Улсын Багшийн Сургууль төгссөн гэжээ.  Үнэн хэрэгтээ 1987 онд Багшийн коллежийн Дуу хөгжмийн ангид элсч ороод 1991 онд  Дипломын дээд зэрэгтэйгээр дүүргэсэн байгаа юм. Гэвч  Багшийн коллеж нь тухайн үед УБДС-ийн харьяанд ороогүй бие даасан коллеж статустайгаар үйл ажиллагаа явуулдаг байв. Гэтэл Төрийн нарийн хатагтай намтартаа Багшийн коллежоо дурсах нь бүү хэл  УБДС ч гэхгүй МУБИС төгссөн хэмээн “томорчээ”. 

Түүнчлэн БСШУС-ын яамны вэб хуудаснаа байршуулсан өөрийн намтартаа Монгол Улсын сэтгүүл зүйн сургуулийг 1999 онд төгссөн хэмээн оруулжээ. Гэхдээ өнөөдрийн яг ийм нэр бүхий сургуульд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй юм. 

 

Дахиад л Ш.Сайхансамбуу

Завхан нутгийнхныг залхтал нь нэр дэвшиж байгаа нэгэн бол Ш.Сайхансамбуу. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар дүүтэйгээ хамт нэр дэвшиж хоёулаа “өвдөг шороодсон”. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшихээр болжээ. Түүнийг “Үнэн бас зөв нам”-ын хөрөнгө оруулагч гэх бор шувуу нисэх болсон. Нарантуулаа захаа бусдад шилжүүлсэн хэмээн олон нийтэд мэдэгдэл хийсэн тэрбээр ийнхүү улстөрийн нам санхүүжүүлэн, өөрөө нэр дэвшиж завгүй яваа бололтой. 

 

Бусдад түгээх
  • gplus