Н.Мандах: Н.Номтойбаярыг цагдан хорьсон нь улстөрийн зорилготой гэж харж байна
Энэ сарын 25-нд СЕХ-оос “Бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолоор Нямтайширын Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрогт буюу Нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигчээр бүртгэж баталгаажуулсан.

Гэтэл өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 28-ны өдөр нэр дэвшигч Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарч цагдан хорихоор болжээ.

Энэ нь Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа” буюу зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хорих тухай заалтыг зөрчжээ.
Энэ талаар Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт аваад бусдад нь аваагүй. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн  нөхцөл байдал үүслээ гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дүгээрт “Хэрэв тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэхдээ СЕХ зөвшөөрөл авна” гэсэн  заалт бий.
Энэ сарын 22-нд Н.Номтойбаяр нь Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчийнхээ үнэмлэхээ авахаар СЕХ-ны тогтоол гарсан. Үүнийг мэдсээр байж шүүх дээрх үйл ажиллагаа явуулж байгаа нь улстөрийн зорилготой гэж харагдаж байна. Энгийн байдлаар хэлэхэд шүүх байж боломгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Шийдвэр гаргасан гэчихээд шүүгч нь гараад явчихна. Хэнээс юу асуух гэж байгаа юм бүү мэд. Цагдаагийнхан энд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн. “Онцгой үйлчилгээ” үзүүлээд ганцхан машинд ганцааранг нь аваад явчихлаа. Энэ бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг оролцуулахгүй байх, оролцоход нь саад болох нөхцөл байдал үүсгэж байна гэж харж байна. Энэ нь цэвэр УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай хамаатай” хэмээн мэдэгдлээ.
 

О.ОНОН
 
 
Бусдад түгээх
  • gplus