Цар тахлын үед бизнесээ оновчтой удирдах гарц шийдлийг хэлэлцлээ

ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төв Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институттэй (ММЗИ) хамтран “Business to Business” арга хэмжээг энэ сарын 26-нд зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Улс орны хэмжээнд цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй энэ цаг үед харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг бодитоор дэмжих, зөв менежментээр авч явахад нь туслах, эрсдэлийг даван туулах гарц санал болгох, зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулж ойлгуулах зорилготой энэ удаагийн арга хэмжээг “Сорилтыг хамтын хүчээр” нэрийн дор онлайнаар вебинар хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байв.

“Business to Business” вебинарыг нээж ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, ЕСБХБ-ны ЖДБ-ийн Санхүүжилт, хөгжлийн бүсийн асуудал хариуцсан захирал Надя Петкованар үг хэлсэн юм.

ММЗИ-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн НҮБ-ын статустай дотоодын шилдэг ментор, зөвлөхүүд, Европын холбоо, ЕСБХБ-ны төлөөлөгчид бизнесүүдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, тэтгэлэг болон бусад боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн нь цагаа олсон дэмжлэг болж чадлаа. Харин илтгэгчид стратегийн болон санхүүгийн удирдлага, мөн процессийн удирдлага гэсэн үндсэн гурван чиглэлээр “Ковид-19” цар тахлын үед бизнесээ тасралтгүй авч явах шийдэл гарц, төлөвлөлт, мөнгөн урсгалын зөв менежментэд чиглүүлэхийн зэрэгцээ бизнесээ удирдахад санхүүгийн зөвлөх үйлчилгээ ямар ач холбогдолтойг онцлов. B2B вебинарт давхардсан тоогоор томоохон 80 орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөлөл онлайнаар холбогдон оролцож, илтгэгч, панелистуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм.    

 “Ямарваа нэг аюул, гамшгийн дараа бизнесийн 65 хувь нь дампуурдаг шалтгаан нь тасралтгүй байдлаа хангасан, хурдан шуурхай, үр дүнтэй хариу үйлдэл гаргаж, удирдлагын уян хатан тогтолцоо бүрдүүлж чадаагүйд оршиж байна.”

“Ошми” группийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар

Уг арга хэмжээг хамтран зохион байгуулагч ЕСБХБ нь хөгжиж буй орнуудын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлж ажилладаг бөгөөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг менежментийн зөвлөх үйлчилгээнд 50-65 хүртэлх хувийн хөнгөлөлттэй хамруулж, зардлыг нь Европын холбооноос санхүүжүүлдэг байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус банкнаас зөвлөх үйлчилгээ авсан бизнес эрхлэгчдийн 40 хувь нь санхүүжилт авснаас тус үйлчилгээний ач холбогдол харагдаж буй. 

Дашрамд дуулгахад, ХААН Банк ЖДБ-ийг дэмжих төвөөрөө дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн дэмжлэгээс гадна бизнесээ дараагийн шатанд гаргах менежментийн арга барил, стратеги төлөвлөлтийн ур чадвар олгох, харилцагчдаа чадавхижуулах зорилготой хөтөлбөр, сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. 

ЖДБ-ийг дэмжих төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын хүсвэл smesc@khanbank.com хаягаар болон 75153333-4285 дугаарын утсаар холбогдоно уу.

Таны ирээдүйн ЗОРИЛГО бизнесийн амжилтын төлөө.

ХААН Бизнес үйлчилгээ

Бусдад түгээх
  • gplus