Танилц: Дорноговь аймагт нэр дэвшигчид
 

УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрог буюу Дорноговь аймаг нь хоёр мандаттай. Хоёр мандатын төлөө “Та бидний эвсэл”-ээс Алтанбулаг чөлөөт бүсийн дарга асан Ч.Чимэдсүрэн, эдийн засаг С.Мэндсайхан, АН-аас Мэдээлэл, шуудан харилцаа холбооны дарга асан Ц.Жадамбаа, Неткапитал ББСБ-ын зөвлөх Д.Алтангэрэл, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, “Зөв электорат эвсэл”-ээс доктор С.Саран нарын хүмүүс нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байна.

 

Дугаартай шилжих үйлчилгээг үлгэр болгосон Ц.Жадамбаа 

Мэдээллийн технологи, шуудан харилцааны газрын дарга асан Ц.Жадамбаа 100 сая төгрөгийн дэнчингээ өгч, АН-аас нэр дэвшихээр болсон байна.  Тэрбээр Мэдээллийн технологи, шуудан харилцааны газрын даргаар ажиллаж байхдаа олон нийтэд багагүй танил болсон нэгэн. Гэвч тус газрын даргын албан ажлаа хэрхэн гүйцэтгэсэн бэ, гэх асуултад тааруухан үнэлгээ авдаг. Нэг жишээ дурьдахад түүнийг газрын даргаар ажиллаж байх хугацаанд Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Хуулийн хүрээнд иргэд дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэхээр болсон. Гэвч хууль хэрэгжүүлэх ажлыг хийж чадалгүй суудлаасаа буусан байдаг. Иймээс түүнийг ам ажлын зөрүү ихтэй нэгэн гэж дүгнэх хүн олон байдаг. 

Ц.Жадамбаагийн хувьд  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул. Иймээс уугуул нутгаасаа төр түшилцэх дэмжлэг хүсэхээр очсон нь энэ. 

 

Д.Сүндийгийн ах  Д.Алтангэрэл 

Сүүлийн хэдэн жилүүдэд ББСБ санхүүгийн салбарт багагүй хувийг эзлэх болсон. Иргэдэд түргэн шуурхай үйлчилж байгаа нэрийдлээр маш өндөр хүүтэй зээл олгож, боловсон мөнгө хүүлэгчийн хэмжээнд ажилласаар багагүй хугацааг үдэж байна. Тэгвэл АН-аас Дорноговьд нэр дэвших эрхээ 100 сая төгрөгөөр авсан дараагийн эрхэм бол Неткапитал ББСБ-ийн Д.Алтангэрэл. 

Харин олон нийтэд түүнийг гэр бүлийн цахим орчинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх асуудлаас шуугиан тариад байгаа Д.Сүндий гэгчийн ах гэвэл илүү ойр хүрнэ. Гэр бүлээрээ ББСБ ажиллуулж, хөрөнгөжсөн тэдний хувьд ийнхүү гэр бүлээрээ улстөр сонирхож эхэлсэн бололтой юм. 

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 
 

УИХ-д байгаа байхгүй нь мэдэгддэггүй гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Бизнесийн салбараар УИХ-д сууж, оффшорчин нэрээрээ хэсэг дуудуулсан тэрбээр дахин нэр дэвших эрхээ намын даргаасаа гарджээ. Татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нь олон нийт хүрсэн ч тэр ийн дахин нэр дэвшиж байгаа нь МАН-ын муухай харагдуулж байгаа дүр зураг юм. 2004 оноос уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Өнөөдрийн парламент дахь тэрбумтан гишүүний нэг юм.  Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд жилийн орлого нь 10 гаруй тэрбумаар хэмжигдэнэ. Амьдардаг байшин унадаг машин, банкин дахь хадгаламж гээд түүний бэл бэнчингийн тоочиж бичвэл уртаас урт жагсаалт гарна. 
 

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Засаг дарга асан Т.Энхтүвшин 
 

МАН-аас Дорноговь аймагт нэр дэвших эрхээ авсан дараагийн хүн бол тус аймгийн  Засаг даргаар ажиллаж байсан Төмөртогоогийн Энхтүвшин  юм.  Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул. эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Аймгийнхаа Санхүүгийн хяналт, шалгалтын газарт улсын ахлах байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2014 оноос өөрийн бизнесээ эхлүүлсний нэг нь  Бэл капитал ХХК юм. Уг компани бизнесийн үйлчилгээ үзүүлэх нэрээр мөн л өндөр хүүтэй зээл олгож, хөлжсөн газрын нэг юм.
 

Дахиад л Ч.Чимэдсүрэн 
 

“Та бидний эвсэл”-ээс Ч.Чимэдсүрэн нэр дэвшинэ.  Түүний хувьд өмнөх 2012, 2016 оны сонгуулиар мөн л энэ тойрогт өрсөлдөж байсан ч түүнд итгэл хүлээлгээгүй юм. Ч.Чимэдсүрэнгийн хувьд МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд асан Д.Тэрбишдагва нарын хүчин зүтгэл, түлхээсээр 2014 оны дөрөвдүгээр сарын 27-нд Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн захирагчаар томилогдож жил хүрэхгүй хугацаанд ажилласан товчхон намтартай 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus