Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байна

Малчид, иргэд, тариаланчидын анхааралд:

Өнөөдөр  баруун  болон төвийн аймгуудын  ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 27-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас
: Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо  орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр  хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр сэрүүсч 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр сэрүүсч 5-10 градус, говь талын нутгаар 28-33 градус, Олон нууруудын хөндийн зүүн хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст  бороо, уулаараа нойтон цас, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн  аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бага зэргийн бороо орно. Салхи 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дулаан байх ба бусад нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 1-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.

Эх сурвалж: УЦУОШГ
 

Бусдад түгээх
  • gplus